Энэ жилийн лигийн тэмцээнд өрсөлдөх багуудыг товч танилцуулбал, өнгөрсөн жилийн аварга “Энэржи Ресурс” компанийн “Харцага” баг, мөн шинэ, залуу тоглогчдоор “цус сэлбэж”, шилжилт хөдөлгөөнд идэвхтэй оролцсон “Хасын хүлгүүд”, “Офицерууд”, “Акулууд”, “Баянзүрх Буллс”, “TLG-13” багууд өрсөлдөнө. Мөн энэ жил “SBL Бэкс” баг лигт шинээр хөл тавьж байна. Тус багийн бүрэлдэхүүнд С.Пүрэвцэрэн, О.Сэргэлэн нарын туршлагатай тоглогчдоос гадна, АНУ-ын хоёр лигионер тоглогч багтаж байгаа юм. Энэ улиралд нийт 10 гаруй гадны тоглогчид ирж оролцоно гэдгийг МСБХ-ноос онцолж байна.
Пэпси үндэсний лигийн нээлтийн ажиллагаа маргааш 17.00 цагаас болно. Нээлтийн тоглолт уламжлал ёсоор өнгөрсөн жилийн аварга “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд болно. Мөн энэ өдөр “Хасын хүлгүүд” vs “SBL Бэкс”, “Офицерууд” vs “Баянзүрх Буллс” гэсэн тоглолт болох юм.