С.Мияарагчаа нэгдүгээр сарын шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа нэгдүгээр сарын шилдэг нь

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай шалгаруулалтанд өнгөрсөн сараас эхлэн МҮОХ-ны Алтан түнш “Рио Тинто” компани хамтран ажиллах болсон билээ.

Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай. Тэгвэл 12-р сарын шилдэг тамирчнаар манай шалгаруулалтанд 2 дахь удаагаа нэр дэвшсэн, Монголын спортын отгон гавьяат тамирчин марафоны спортын тамирчин Б.Сэр-Од Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаар тодорсон билээ.

Тэгвэл 2012 оны хамгийн эхний сарын шилдэг тамирчнаар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа тодорлоо. Тэрээр Казахстаны Алматы хотноо болсон Жүдо бөхийн дэлхийн шилдэг 16 бөхийн урилгаар оролцдог Мастерсийн тэмцээнд бүх өрсөлдөгчдөө цэвэр хожин түрүүлж, уг тэмцээний хошой аварга болсон бахдам амжилтыг үзүүлсэн юм.

ОУХМ С.Мияарагчаа урд өмнө манай шалгаруулалтанд гарч байгаагүй өндөр хувийг аван тасархай тэргүүлсэн бөгөөд үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 78 хувийн саналыг цуглуулж чаджээ.

Харин 2-р байрт Лондоны олимпийн наадамд оролцох Монгол улсын 10 дахь эрхийг эх орондоо авчирсан буудлага спортын ОУХМ Нянтайн Баяраа 7,5 хувийн саналаар удааллаа. Тэрээр Катарын Доха хотноо болсон буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах тэмцээнээс урт бууны төрөлд багаараа хүрэл медаль хүртэн, хувийн төрөлд шилдэг найман тамирчинд багтсан билээ.

Харин түүнээс ердөө ганцхан хувийн саналын дутуугаар БНХАУ-ын Сьямен хотноо болсон “А” зэрэглэлийн марафонд оролцон, 80000 гүйгчээс 10-р байрт шалгарсан ОУХМ Ц.Бямбажав 3-р байрт шалгарлаа. Тэрчлэн манай шалгаруулалтанд Олон улсын чөлөөт бөхийн холбооны “А” зэрэглэлийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При” тэмцээн болон Улаанбаатар хотноо болсон “Mongolia Open” тэмцээнээс дараалан мөнгөн медаль хүртсэн МУГТ О.Бурмаа, Болгарын Софи хотноо болсон жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ц.Наранжаргал нар нэр дэвшин амжилттай өрсөлдлөө.

Одоогоор С.Мияарагчаа нь жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамтаар Европын цуврал тэмцээнүүдэд оролцон эх орондоо байхгүй байгаа тул шагналыг тухайн үед нь гардуулан өгөх болно.

1-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

 
ОУХМ Нянтайн Баяраа – Катарын Доха хотноо болсон буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах тэмцээнд урт бууны төрөлд багаараа хүрэл медаль хүртэж, хувийн төрөлд шилдэг 8 тамирчинд шалгарч, Лондоны олимпийн 10 дахь эрхийг авсан.

МУГТ Очирбатын Бурмаа*
Улаанбаатар хотноо болсон “А” зэрэглэлийн “Mongolia Open” тэмцээнээс мөнгөн медаль, ОХУ-ын Красноярск хотноо болсон “А” зэрэглэлийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав – БНХАУ-ын Сьямен хотноо болсон болсон Олон улсын алтан зэрэглэлийн марафон гүйлтийн уралдаанд оролцон, нийт 80000 гүйгчээс 2 цаг 22 минут 36 секундын амжилт үзүүлэн 10-р байр эзэлсэн.

ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа – Казахстаны Алматы хотноо болсон Жүдо бөхийн шилдэг 16 бөхийн урилгаар оролцдог “Мастерсийн тэмцээн”-д 66 кг-ийн жинд бүх өрсөлдөгчдөө цэвэр хожин түрүүлж, уг тэмцээний хошой аварга болсон.

ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал – Болгарын Софи хотноо болсон жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингээс мөнгөн медаль хүртсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж