Үүний дараа мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл ямар хурдтай явж байна вэ. Чуулган завсарлуулна гэдгээр ингэж асуудалд хуумгай хандамгүй байна. Тэгсэн атлаа Шүүх байгууллагын бие даасан байдал хангагдахгүй байна, шүүгч хараат бус байж чадахгүй байна гэж ярьдаг. Асуудалд нухайцтай хандмаар байна” гэсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөлд УИХ хөнгөн хуумгай хандаагүй. Ажлын хэсэг байгуулж, төсөл дээр ажилласан. Улсын Дээд Шүүх, прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбоо, төсөл санаачлагчдын зүгээс ихээхэн идэвхи зүтгэл гаргаж ажилласан” гэсэн тайлбар хийсэн юм. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Чуулган завсарлах болохоор олон хууль батлах гэж байна гэж ярьдагаа болих хэрэгтэй. УИХ хуулиа батлахгүй гээд яах юм. Тэр тусмаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хоёр жил ярьж байж одоо батлах гэж байгаа нь энэ шүү” гэж анхааруулсан юм.
Одоо дээрх хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгаж байна.