”Хар тамхинд тавих хяналтыг сайжруулна”

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

”Хар тамхинд тавих хяналтыг сайжруулна”

Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа хүний нөөцийн газрын дарга Ё.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэх зөрчил ойр ойрхон
гардаг болсон. Үүнийг дагаад хяналт шалгалтын үеэр улирлын чанартай
томоохон зөрчлүүд хэр их гарч байна?


-Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан барааг хууль бусаар
авч гарах, оруулах зөрчил байнга гардаг. Нөгөө нэг үе үе давтагддаг
нийтлэг зөрчил бол гаалийн татвараас зайлсхийх. Аль болох татвар
төлөхгүй байх, бага татвар төлөх гэж оролддог. Үүний тулд бараагаа дутуу
эсвэл үнийг нь худал мэдүүлдэг нийтлэг зөрчил байна. Дээрээс нь улирлын
чанартай гардаг зөрчлүүдийн нэг өвлийн улиралд хөлдөөсөн чоно, мах,
түүхий эд хилээр авч гарах гэсэн оролдлогууд нийтлэг байдаг. Гардаг
томоохон зөрчлүүдийн нэг хууль бусаар хилээр алт нэвтрүүлэх явдал юм.



Сүүлийн үед хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих тал
дээр гаалийн байгууллагаас нэлээд анхаарч ажиллах болсон. Гаалийн
байгууллагын хувьд хил дээр хар тамхи илрүүлсэн тохиолдол өмнө нь
байгаагүй. Анх 2010 онд Замын-Үүдийн гааль дээр их хэмжээний хар тамхийг
чемоданд давхар ёроол хийж авч гарах гэж байсан оролдлогыг илрүүлсэн.
Мөн өнгөрсөн оны сүүлээр хуучнаар Буянт-Ухаа дээр их хэмжээний хар тамхи
хилээр авч гарах гэж байсныг олж тогтоосон. Хар тамхи, алттай холбоотой
зөрчлүүдийг илрүүлэх тал дээр гаалийнхан тагнуулын болон цагдаагийн
байгууллагатай тодорхой мэдээллийн дагуу хамтарч ажилладаг.


-Алт хилээр нэвтрүүлэхээр завддаг тохиолдол гарахын хажуугаар
саяхан "Монголбанк"-ны эрдэнэсийн сангаас 20 кг алт алдагдсан. Ингэхэд
алт хаашаа урсаад байна?


-"Монголбанк"-ны сорьц зөрсөн асуудал гаалийн байгууллагатай
хамааралгүй. Албан ёсоор гаргаж байгаа алтны сорьц, тоо хэмжээг нь
тогтоох тал дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж, гаалиас хяналт
тавьдаг. Гаалийн байгууллага дээр тоо хэмжээ, жин нь таарч байгаа эсэхэд
хяналт тавихаас, сорьцыг дахин шалгадаггүй. Хууль бусаар алт гаргах
оролдлогууд нэлээд гардаг. Үүнийг гаалийн улсын байцаагчид өөрсдийн
мэдрэмжээр олж илрүүлдэг. Замын-Үүдэд илрүүлсэн хар тамхийг ямар нэгэн
тоног төхөөрөмж ашиглахгүйгээр байцаагч өөрийн мэдрэмжээр тогтоож байсан
шүү дээ.


-Алт гадагш гараад байгаа нь нууц биш. Тэгээд ч манайх дотооддоо
алт борлуулах боломжгүй. "Монголбанк"-нд жилд 1-3 тонн алт тушаагдаж,
түүний хоёр тонн орчим нь монголчуудын дотоодын хэрэгцээнд зарцуулагддаг
гэдэг. Тэгэхээр хар тамхийг мэдрэмжээрээ биш техникээр, алтыг мөн адил
нэг граммыг ч гаргахгүй байх тал дээр ашиглах тоног төхөөрөмж танайд бий
юу?


-Сүүлийн үед гаалийн байгууллага хяналтын тоног төхөөрөмжөөр нэлээд сайн
хангагдаж байгаа. Ганц алт ч биш, хар тамхи гээд эхний ээлжид гааль
дээр өргөн хэрэглэгддэг тоног төхөөрөмж бол рентген юм. Хүний гар
тээшийг шалгахаас гадна автомашиныг ч бүхэлд нь оруулж шалгадаг рентген
Замын- Үүдэд бий. Удахгүй ийм хоёр дахь төхөөрөмжийг ашиглалтад
оруулахаар төлөвлөөд байгаа. Түүнчлэн металл илрүүлэгч багажнууд ч
ажилладаг. Дээрээс нь хүний биеийг шалгадаг. Мэдээж хүн болгоныг
тэрүүгээр оруулаад байхгүй шүү дээ.



Мэдээллийн дагуу сэжиг бүхий хүмүүсийг түүвэрлэж шалгаад, үзлэг хийдэг
рентген аппарат байна. Өмнө нь бидэнд ийм аппарат байгаагүй. Түүнээс
өмнө хүний биед үзлэг хийнэ гээд нэг өрөөнд оруулж байгаад тайчдаг
байлаа шүү дээ. Одоо бол рентген аппаратаар хардаг болсон. Мөн
сургалттай нохойн тусламжтайгаар илрүүлдэг. Өнгөрсөн онд Азербайжанд
болсон хар тамхины чиглэлээр нохой сургах сургалтад байцаагч нараа
хамруулсан. Тухайн үед Азербайжаны талаас энэ чиглэлээр мэргэшсэн нохой
авсан. Ер нь хар тамхи илрүүлэхээс гадна шинжлэх тал дээр Монгол Улсын
хэмжээнд итгэмжлэгдсэн эрх авсан цорын ганц лаборатори гаальд бий.
Тиймээс бид хар тамхийг олон улсын түвшинд нарийн тодорхойлж чадаж
байгаа.


-Хилээр нэвтрүүлэхэд хориотой хураагдсан барааг яадаг вэ?

-Хураагдаж, улсын орлого болсон барааг борлуулах, устгах тусгай журам бий. Энэ дагуу тухайн бараанаасаа л хамаардаг.


-Гаалийн ерөнхий газрын сонгон шалгаруулалтын бүртгэл өдийд
явагддаг байх аа. Энэ жилийн шалгалтын бүртгэл эхэлсэн үү. Шалгалт ямар
журмаар явагдах гэж байна?


-Одоогоор гаалийн албанд шинээр ажилд орох хүмүүсээс авах шалгалтын
хугацаа товлогдоогүй л байна. Төрийн албаны зөвлөлөөс 2010 онд баталсан
гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс
мэргэжлийн шалгалт авах журам гэж бий. Шалгалт энэ журмын дагуу
явагдана. Энэ журмын дагуу бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн
үед хэдэн хүнийг, ямар ажилд авах вэ гэдгээ зарлах болно. Зарлалын
дагуу бүртгэж, дээрх журмаар шалгалт явагдах юм. Үндсэндээ гурван
төрлийн шалгалт авдаг. Нэгдүгээрт, эрхзүй, хоёрдугаарт гадаад хэлний
мэдлэгийг нь шалгадаг. Ингэхдээ тухайн хүн англи, орос, хятад хэлнээс
аль нэгийг нь сонгож шалгалт өгөх боломжтой. Гуравдугаарт, компьютерийн
мэдлэгийг нь шалгах юм. Гол нь эхний эрхзүйн шалгалтад тэнцсэн хүн
дараагийн шалгалтад орох журамтай.



Шалгалтын өмнө Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар хоёр албан
тушаалтан томилогддог. Мөн шалгалтын тест, материалуудыг боловсруулах
ажлын хэсэг томилогдох юм л даа. Энэ ажлын хэсэг тусдаа эрхзүй, гадаад
хэл, комьпютерээр шалгалт авах материалуудыг боловсруулна. Нэлээд олон
тест боловсруулаад шалгалт авах өдөр нь Гаалийн ерөнхий газрын дарга
өөрөө удирдаж, сонголт хийсний дараа битүүмжилдэг. Харин нөгөө нэг ажлын
хэсэг нь шалгалтыг зохион байгуулдаг.



Энэ ажлын хэсгийнхэн шалгалтын битүүмжилсэн тестийг аваад тэр дагуу дээр
дурдсан гурван төрлийн шалгалтыг авдаг. Нэг онцлог нь манайд ажилд
орохоор маш олон хүн бүртгүүлдэг учраас бид шалгуулагчдын бөглөсөн
тестийг зориулалтын төхөөрөмжөөр шалгаж, дүнг нь шууд хэлээд өгдөг.
Харин эдгээр гурван шалгалтаа амжилттай давсан хүмүүс гаалийн мэргэжлээр
чиглүүлэх курст 45 хоногийн хугацаатай суралцаж, нарийн мэргэшил
эзэмшсэний дараа гаалийн албанд орох асуудал шийдэгдэнэ.


-Гаалийнхныг их баян, мөнгөтэй гэж зарим хүмүүс ойлгодог. Хилээр
авч гарч байгаа их хэмжээний алтыг илэрүүллээ гэхэд тухайн байцаагчийг
тодорхой хувиар нь урамшуулдаг уу?


-Зохих бага хэмжээний мөнгөн урамшуулал өгдөг. Тэрнээс шууд үнийн
дүнгийн тэдэн хувь гэсэн юм байхгүй. Ер нь 10 хувьтай тэмцэх хэмжээний
гэж байсан. Одоо бол түүнийг өгч чадахгүй байна.


-Яагаад?

-Улсын төсөв хүндрэлтэй шүү дээ. Алтыг гааль борлуулаад, тэрнээс мөнгө
өгнө гэсэн асуудал байдаггүй. Улсад учруулж буй их хэмжээний хохирлыг
таслан зогсоож байгаа учраас улсын орлого болгон хурааж авна. Гэхдээ
гаалийн байгууллага болоод гаалийн байцаагчдад тэрнээс хувь авна гэсэн
юм байхгүй. Гаалийн улсын байцаагч хүн өөрийнхөө албан үүргээ
гүйцэтгэсэн гэж үздэг.



-Гаалийн ажилчдын хэдэн хувь нь орон сууцанд амьдардаг вэ?


-Төрийн албан хаагч юм уу иргэн хүний хувьд өөрийн орон сууцтай хүмүүс
байна. Байгууллагаас дээр үед орон сууц хуваарилж байсан. Гэхдээ энэ нь
тодорхой хувь эзлэх хэмжээнд хүрэхээргүй л дээ. Өнгөрсөн жил гэхэд 36
хүнд орон сууц авахад нь тусалсан. Гаалийн байгууллагын улсын төсөвт
оруулсан орлогоос хамаараад Сангийн яамнаас урамшуулал олгодог. Энэ
урамшлынхаа хэмжээнд 36 хүн 19-22 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, орон
сууцтай болоход нь тусалсан. Эхний ээлжинд тодорхой хувийн мөнгөө төлөөд
тэрнээсээ зээл авах нөхцөл боломж олгож байгаа. Тэрнээс орон сууц олгох
боломжгүй.



-Гааль өнөөдрийн байдлаар улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг. Цаашид
гадаад худалдаа нэмэгдэнэ гээд байгаа. Тэгэхээр гаалийн орлогыг
нэмэгдүүлэх боломж байгаа юу?


-Ер нь бол татвар хураана гэдэг гаалийн үндсэн үүрэг биш юм. Гааль яах
ёстой гэхээр, хууль бус барааг хилээр нэвтрүүлэхгүй байх, гаднаас цөмийн
хаягдал, химийн хортой бодисыг оруулахгүй байх гэх мэтчилэн гол үндсэн
зорилго нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Гэхдээ манай улсын
хувьд гааль төсөвт ихээхэн хувь нэмэр оруулж байна л даа. Өнгөрсөн онд
бид нэг их наяд 400 орчим тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт оруулсан.
Цаашид ч гэсэн энэ тоо өсөх байх. Энэ бол зөвхөн гадаад худалдааны
эргэлт нэмэгдэж байгаагаас гадна гаалийн байгууллагын үйл ажиллагаа,
тоног төхөөрөмж сайжирсаны жишээ.



Мөн гаалийн байцаагч нарын мэдлэг мэргэжил дээшилж байна. Бид гаалийн
байгууллагын хяналтын үйл ажиллагаанд дэлхийн гаалиас тавьж байгаа
зорилтод хүрч ажиллахыг хичээж байгаа. Энэ бүхний үр дүнд татвараа
боломжийн хэмжээнд авч байгаа. Татвар аль болох бүрэн авах шаардлагатай.
Улсын төсвийг бодсон ч тэр. Нөгөө талаас гааль гадаад худалдааг
хөнгөвчлөх тал дээр маш том зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ
хоёрыг нэг талаас нь харахад хоорондоо эсрэг, тэсрэг юм шиг. Татвар авна
гээд хүний барааг ухаад удаагаад байх хүндрэлтэй. Бид аль болох
татвараа бүрэн авахыг зорьж байгаа боловч, гадаад худалдааг хөнгөвчлөх
асуудлыг нэгдүгээрт тавьж ажилладаг. Энэ чиглэлээр маш их ажил хийгдэж
байгаа.


 
"Нийслэл таймс" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж