Сонгуулийн шинэ хуулийн 40 гаруй зүйл, заалт ойлгомжгүй байгаа. Бүхэл бүтэн 40 заалтыг нь Сонгуулийн ерөнхий хорооныхон ойлгохгүй байна. Ийм “түүхий” хууль баталчихаад хээв нэг сууж байдаг УИХ манайхаас өөр бий болов уу. Парламентынхан “Сонгуулийн цоо шинэ хуультай болсноороо шинэчлэл хийлээ. Дахин хүний сонгох, сонгогдох эрх зөрчигдөхгүй, хариуцлагын тогтолцоог сайжруулсан, тогтолцоогоо пропорциональ руу бага боловч ойртууллаа” гэхчлэн магтаж байгаа. Гэтэл одоо “гуйл нь цухуйв” гэдэг л болж байх шиг байна. Сонгуулийн ерөнхий хорооныхон тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “албадан нөлөөлж, саад учруулахыг…” юу гэж үзэх, зургаадугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “…хууль бусаар хязгаарлахыг…”, долоодугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “…нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан…”, 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн “…зөрчил нь ноцтой бол…” гэснийг хэрхэн ойлгох, “аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх.., сонгогчдын саналыг татах..”, “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага…” гэснийг яаж ойлгохоо мэдэхгүй байгаа юм. Тодруулбал, Сонгуулийн шинэ хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Сонгууль нь чөлөөтэй байх бөгөөд сонгогчоос сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно” хэмээн заасан. Мөн долоодугаар зүйлийн 7.2-т “Энэ хуульд заасан шаардлагыг хангасан 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт УИХ-ын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй” гэжээ. Энэ мэт ойлгомжгүй заалт цааш хөвөрнө. Сонгуулийн шинэ хуулийн 35 дугаар зүйлд тусгасан сонгуулийн сурталчилгаатай холбогдсон заалтуудад хамгийн их асуудалтай байгаа аж. Энэ нь 35 дугаар зүйлийн 15 дахь хэсэг, 18.1-18.18 дахь заалтууд гээд сонгууль явуулахад асуудал үүсгэж мэдэх тодорхойгүй зүйл олон бий. Эдгээр заалтад Улсын дээд шүүх тайлбар өгөх ёстой.
Улсын дээд шүүх өмнө нь Сонгуулийн хуульд тайлбар өгч байсан. Тухайлбал, 2008 онд уг хуулийн 16 дугаар тогтоол гарган тайлбарлаж байв. Сонгуулийн тухай хуульд шашны зан үйл, хууран мэхлэх, гүтгэх, доромжлох гэдэг нь юу гэсэн үг вэ, захиргааны хэргүүдийг ямар байдлаар зохицуулах ёстой вэ гэх уламжлал болсон тайлбарууд бий аж. Мөн уг хуульд цаг хугацаатай холбоотой тодруулах заалт байгаа. Тухайлбал, сонгууль явуулах цаг өмнө нь 07.00-22.00 цагийн хооронд байсан бол автомат машинаар тоолохоор цагийн зөрүү гарах учир ямар байдлаар цагийг зохицуулах тухай Дээд шүүхээс тайлбар авахыг хүсчээ. Түүнчлэн нам, эвсэл УИХ-ын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлэх юм. Нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн гаргасан жагсаалтаас тус, тус сонгоно. Нэг үгээр хэлбэл, саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байх аж. Харин сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсгээс өөрийн дэмжиж буй, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Мөн саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлна. Тэгэхээр нэг иргэн олон нам, эвслийн нэр дэвшигчид болон нам, эвслээс сонголт хийх хэрэгтэй болж байна. Тиймээс санал өгөхдөө дор хаяж 10 минут хангалттай зарцуулах болов уу. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л сонгогч шүү. УИХ-ын сонгуулиас гадна орон нутгийн сонгууль асуудалтай байгаа. Энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулах техникийн болоод цаг хугацааны хувьд боломжгүй гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооныхон хэлсэн. Тэд “УИХ-ын сонгуулиар гэхэд 27 төрлийн саналын хуудас хэвлэнэ. Үүнд зориулж автомат машиныг программчилна. Мөн 330 гаруй сум, 21 аймаг, нийслэл, дүүрэг тус бүрээр саналын хуудас хэвлэж, үүнийг таних программыг машинд суулгах ёстой болно. Тэгэхээр хоёр сонгуулийг зэрэг явуулах бодит боломж байхгүй юм байна” гэсэн. Харин эрхэм улстөрчид зөрүүдлэн хоёр сонгуулийг хамтад нь явуулбал хөрөнгө мөнгөд хэмнэлттэй хэмээн зүтгэсээр байгаа юм.
Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд ямагт алдаа, дутагдал гардаг. Сонгуулийн тухай хууль ч мөн ялгаагүй. Санал тоолох машиныг туршахгүйгээр сонгууль явуулах нь алдаа гарахгүй гэх баталгаа болохгүй. Саяхан Сонгуулийн шинэ хуультай болсон мөртлөө заавал орон нутгийн сонгуультай хамтад нь явуулна гээд байгаагийн цаана ямар нэг “но” гарах биз. Энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулж болохгүй бас нэг шалтгаан бий. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийг зохион байгуулдаг. Харин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд орон нутгийн сонгуулийн хороод гарсны үндсэн дээр сонгуулийг явуулна. Энэ мэт зөрүүтэй заалт бий. Мөн нэр дэвшигчдийн нэрс гарсны дараа богино хугацаанд саналын хуудсыг хэвлүүлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр 26 тойрогтой болохоор 26 төрлийн саналын хуудас гарна. Эдгээр хуудсуудыг ялгавартайгаар хэвлэх хэрэгтэй болно. Үүгээр зогсохгүй аймаг, сум, дүүргийн саналын хуудсыг аль болох богино хугацаанд хэвлэх хэрэгтэй. Нийт 400 орчим төрлийн саналын хуудсыг хэвлэж, санал тоолох машинд программчлах асуудал үүсэх юм. Ер нь бол Сонгуулийн шинэ хуульд асуудал байна. Байгааг нь ганц би ч биш Сонгуулийн ерөнхий хороо, жижиг нам, иргэний хөдөлгөөн болон иргэд хэлж буй. Ойлгомжгүй, тодорхой бус Сонгуулийн тухай хууль өнөөдөр хэнд хэрэгтэй нь хамгийн ойлгомжтой байна. Сонирхлын зөрчилтэй эдгээр хүмүүс бага дээр нь асуудлыг шийдвэрлэж, ойлгомжгүй зүйл, заалтаа тодорхой болгон УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуулиас салгаж өгөх шаардлага тулгараад байна. Гэхдээ итгэл үнэмшил байвал шүү дээ.
Ц.Энхцэцэг"Улс төрийн тойм" сонин