Н.Энхбаяргүйгээр амьдрахсан

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяргүйгээр амьдрахсан

Н.Энхбаяргүйгээр амьд­рах­сан. Хоол идсэн ч, хов ярьсан ч, хол ойр гадуур гарсан ч, хажуу айлынхаа хүнтэй ганц нэг үг сольсон ч Намбарын хүү зууралдаад са­лахгүй нь. За тэр шашны гэх тодотголтой телевизийн тухайд бол бүр ярих ч юм биш. Асаах товчлуур дарав уу, үгүй юу л “Н.Энхбаяр өөрийгөө ингэж өмгөөлөв”, “Н.Энхбаяр бусдыг тэгж муулав”… гэх мэтээр үргэлжлүүлнэ. Энэ хорвоод Н.Энхбаяраас өөр хүн үлдээгүй мэт. Бас болоогүй ээ, хашир суусан эрийн ёсоор “Та нарыгаа би ингэж л хайрлаж байж шүү дээ. Одоо л хайр сэтгэлийн арга ухаанд суралцаж байна шүү дээ” гэж ирээд л хайр зарлана. “Би та нартаа хайртай. Би ард түмэнгүйгээр амьдарч чадахгүй. Та нар надад хэрэгтэй. Та нарт надаас өөр эрийг хайрлах эрх байхгүй. Та бид үүрд хамтдаа. Үхсэн ч хамтдаа…” гээд л. Н.Удвал ахайтан тэргүүтэй нөхөд нь энэхүү сэтгэл зүрхнийх нь үгийг яг цав дамжуулахдаа гаргуун.“Тэр та нарт хайртай. Тэр та наргүйгээр амьдарч чадахгүй. Тэр л та нарын төлөө амьдарч байгаа. Тэр та нарыг өөрийг нь тоохгүй бол “Үхнэ” гэж биднийг айлгаад байна. Ард түмэн та нар зөвхөн түүнийг л хайрлах учиртай. Та нарт түүн шиг хайртай хүн олдохгүй” гэх маягтай.  Үүнд нь итгээд байвал Н.Энх­баяргүйгээр амьдрах шалтгаан Мон­голын 2,7 сая иргэнд үлдэхгүй нь бололтой. Бас эмэгтэйчүүдэд нь өөр эрийг хайрлах хүсэл хомсдож, эрчүүд нь эсрэг хүйстнээ сонирхох сонирхлоо ч гээж мэдэх юм. Учир нь, Н.Энхбаяр энэ бүхнийг хүсэж байгаа учраас тэр.

Түүний Монголын улс төрд эргэж ирэх гэсэн хүсэл нь ийм инээдэмтэй харагдаж байна. Харагдаад зогсохгүй санагдаж, санагдаад зогсохгүй залхааж байна. Хамгийн гол нь тэр сайн сайхныг бус харин хар барааныг уриалан дуудаж байна. Өнгөрсөн цаг хугацаанд бүтээсэн муу, муухай бүхнээ эргүүлэн авчрахын тулд, тэр бүхнийхээ эзэн хаан нь болохын тулд мэдээллийн ертөнцийг дарангуйлахаа ч мартсангүй. Тархи, зүрх бүхнийг Н.Энхбаяр гэсэн хороор хордуулж, сайхан Монгол Улсын тухай мөрөөдлийг минь муу, муухай болгохоор улайрч байна. Тэр ирсэн шигээ явахыг бус харин явсан шигээ эргэж ирэхийг хүсэж байна.
Үүнийх нь шалтгаан нь Ардын намдаа үнэгүйдэж, ганцаардаж, үнэ цэнээ алдсан явдал. Иймээс л хорссон сэтгэлээ хор болгон цацахаар шийдсэн нь энэ. Ингэхдээ ганцаараа бус хэсэг бүлэгтэй нийлэхээ ч мартсангүй. Тэрхүү хэсэг бүлэг нь эхнээсээ дайны тухай яриад эхэлчихсэн. Монголын үндэсний ардчилсан намын дэд дарга нь гэхэд л “Сонгуульд бид ялахгүй бол дайн болно. Би гэрээслэл бичиж байгаад тэмцэнэ” хэмээн ярьж байна. Дөрвөн жилийн өмнө долоодугаар сарын 1-нийг эхлүүлсэн О.Магнай гэхэд л Н.Энхбаярын далбаан дор хувьсгалчийн хүслээ бадамлуулж буй. Түүний эхлүүлсэн хувьсгалын золиосонд өчигдөр таван залуу амиа алдсан бол маргааш хэд үрэгдэхийг төсөөлөх аргагүй. Н.Энхбаярын өлмийд гомдогсод хуран чуулж байна. Намдаа, нийгэмд, найз нөхөддөө, хамтран зүтгэгсдэдээ гомдогсод. Гомдол, хорслынхоо тайллыг хувьсгал, дайн, тэмцэл мэтээр тайлж буй хийрхэгчид. Н.Энхбаяр тэднийг хорслоо тайлах багаж, зэвсэг болгон ашиглаж, цаашлаад Монголын төрийн өндөрлөгөөс ард түмнээ үл тоомсорлож байсан тэр үе рүүгээ эргэн очихыг санаархаж байна. Энэ зорилгынхоо төлөө өөрийгөө минут, секунт, хормоор ч болов мартагдах бий гэдгээс үхтлээ айх ажээ. Тэр улайрчихаж.

Өөрөө анх МАНАН-гийн суурийг тавьж, байгуулж өгчихөөд өнөөдөр тэдэндээ хатгуулсандаа уурлаж байна. Уур бухимдалдаа улайрч, зөвийг олж харж чадахаа байтлаа сохорчихсон тэр л сэтгэлээр нийгмийг тэмцэл рүү татан оролцуулах арга олохоор байж ядаж буй. Эцсийн дүндээ Н.Энхбаяр хийгээд Ардын намын удирдлагуудын тэмцэл бол тэдний л асуудал. Эрх мэдэлд дуртай хэсэг хүмүүс эрх мэдэлд хүрсэн рүүгээ эргэж замнаж байгаа л дүр зураг. Тэдний хэн нь ч төрд гарлаа гээд ард түмэнд унах ашиг, хожих хожил гээд байх зүйл үгүй. Хуучин хэн нь хөлжиж, хэн нь хоосордог байсан тэр л жишиг нийгэмд үйлчилнэ.

Тийм  ч учраас Н.Энхбаяргүйгээр амьдрах мянга, мянган шалтгаан ард түмэнд байгаа гэсэн үг. Түүний дурлал хайраас татгалзах түм, түмэн эгэл жирийн иргэд бидэнд байна. Ийм болохоор УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн шийдвэрийг дэмжих ёс суртахууны хариуцлагыг Н.Энхбаяраас өөрөөс нь нэхмээр байна. Учир нь, Ерөнхийлөгч асан маань өөрөө “УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн өндөр ёс суртахуун гаргаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй тухай гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд өнөөгийн УИХ-д луйврын сонгуулиар шургалсан бүх гишүүдэд хандан Э.Бат-Үүл гишүүний үлгэр дууриалыг дагаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна. Ингэх нь та бүхний хувьд нэр төрөө цэвэрлэх, Монголын ард түмний өмнө үйлдсэн гэмт үйлдлээ цайруулах, нийгэмд шударга ёсыг эргүүлэн тогтооход чухал алхам болно гэдгийг анхааруулж байна” хэмээн уриалсан юм.

Тиймээс энэ уриалгыг эргүүлээд Н.Энхбаяр гэдэг хувь хүнд өөрт нь ч тэр хаяглая. Монгол төрийн өндөр дээд албыг ээлж дараалан хашиж, эрх баригч намын дарга байж үзсэн танд юу дутлаа гэж улс төрд эргэн ирэхийг хүснэ вэ. Уриалгын агуулга нь “УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн гаргасан үлгэр дууриалыг дагаж, Н.Энхбаяр та УИХ-д нэр дэвшихгүйгээр зогсохгүй улс төрийн идэвхитэй үйл хэргээ зогсооно уу. Ингэх нь таны нэр төрөө багахан шиг сэвтээж, Монголын ард түмний өмнө үйлдсэн гэмт үйлдлээ цайруулах, нийгмийг амар тайван оршиход чухал алхам болно гэдгийг анхааруулж байна” гэх маягтай.

Ямар ч л байсан Н.Энхбаяргүйгээр амьдармаар байна. Арга ядахад тэр л биш бол бусад нь хамаа алга. Ядаж л нөгөөдүүлд нь хашиж үзээгүй албан тушаал, очиж үзээгүй улс орон гэж олон байгаа шүү дээ. Иймд эцсийн гэж тодотгомоор хүслээ дахин дайя. “Н.Энхбаяргүйгээр амьдрахсан”

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж