Одоогоос хэдэн жилийн өмнө Иран цөмийн эрчим хүч гаргах зорилготой уран баяжуулж буйг АНУ-ын тагнуулынхан илрүүлж дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Үүний дараа “Ираныг ОХУ, БНХАУ хөхиүлэн дэмжих зорилготой уран баяжуулахад хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангасан байж болзошгүй” гэх хардлагыг Цагаан ордноос гаргасан. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Иран АНУ-ын харилцаа улам хөндийрч эхэлсэн. Ираныг “цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа” гэсэн асуудлаар олон улсын байгууллагууд санал зөрөлдсөн. Улмаар НҮБ-аас тусгай шинжээчийг Иран руу илгээсэн. Үүний дараа тэд өөрсдийн дүгнэлтийг дэлхий нийтэд зарлаж “Иран улс нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү Иран дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн төлөөлөгчөө татсанаас болж хоёр улсын харилцаанд асуудал үүссэн. АНУ-ын зарим байлдааны хөлөг онгоцыг Оманы болон Персийн булангаас яаралтай гарахыг Иран шаардсан. Харин АНУ-ын зүгээс Ираныг урьдын адил эрс шүүмжилж эхэлсэн. Дэлхий нийт Ираныг цөмийн зэвсэгтэй оронд албан ёсоор бүртгэсэн.
Их Британи Персийн булан руу байлдааны хөлөг илгээх талаар өнгөрсөн сард мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь Их Британи “Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна. АНУ тэргүүтэй барууны орнууд тус улсын эсрэг эдийн засаг хориг тавьж, Төв банкны гадаад харилцааг хаана” хэмээн сүрдүүлсэн талаар “Guardians” мэдээлсэн. Персийн булангийн газрын тос олборлогч тээвэрлэлтийн гол суваг болох Ормузийн хоолой Оманы хоолойтой холбодог. Тэр ч утгаараа Иран өөрсдийн ноёрхолыг энэ бүсэд тогтоохоор хичээж байгаа. Персийн булангийн нефтийн цорын ганц тээвэрлэлтийн суваг, Ормузийн хоолойг хаана гэх Ираны сүрдүүлгийн хариуд АНУ, Их Британи ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Харин ч өөрсдийн усан флотыг Персийн буланд нэгтгэх зорилготой байгаа талаар BBC агентлаг уламжилсан.
Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, Их Британи, Франц, Герман болон АНУ нэгдэж, эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Ираны эсрэг эдийн засгийн хориг тавихыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орнуудаас Хятад, ОХУ эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Тэдний үзэж буйгаар барууныхан Исламын орнуудыг ийнхүү шахаж, дарамталж байгаа нь хүний эрхийг болон олон улсын энх тайваныг алдагдуулахад хүргэж байгаа талаар онцолсон билээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын тагнуулын нисгэгчгүй онгоц Ираны нутаг дэвсгэрт нэвтэрсэн юм. Ираны зэвсэгт хүчин АНУ-ын тагнуулын онгоцыг тус улсын агаарын хилийг зөрчсөний улмаас буудаж сөнөөсөн талаар мэдэгдсэн. Ираны зэвсэгт хүчний буудсан АНУ-ын “RQ170” загварын нисгэгчгүй тагнуулын онгоц сүйрч, тус улсын нутагт унасан талаар Ираны “IRNA” агентлаг мэдээлсэн удаатай. Ираныг барууны орнууд цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэх хардлагыг төрүүлж байгаа ч Иран цөмийн хөтөлбөр нь эрчим хүч гаргаж авах цорын ганц зорилготой гэдгээ байнга илэрхийлсээр байгаа. Тегераны арми стратегийн, тагнуулын болон цэргийн онгоц бүтээхэд голлон анхаарч байгаа гэдгээ цохон тэмдэглэсэн. Гурван жилийн өмнө Иран Израйльд хангалттай хүрэх 1000 км тусгалтай бөмбөгдөгч онгоц бүтээснээ зарласан юм. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад уг сөнөөгч онгоцыг “Үхлийн элч” хэмээн нэрлэж байлаа.
Иран нь 1992 оноос хойш орчин үеийн дэвшилтэт зэвсэг, техник төхөөрөмж, танк зэргийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Нэгдсэн судалгаагаар одоогийн армийн байнгын албан хаагчдын тоо нь 850 мянга бөгөөд 18.3 сая жирийн гишүүнтэй аж. Цэргийн албан хаагчдын, армийн хүчээр Иран нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгтэй тэнцэх хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулдаг талаар www.iribnews.ir сайт онцолсон.
Харин АНУ өөрсдийн цөмийн эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж эхлээд буйгаа саяхан мэдэгдсэн. АНУ-ын Цөмийн зохицуулах хороо шинээр цөмийн хоёр реактор барих лиценз олгосон талаар CNN агентлаг дамжуулсан билээ. Жиоржия мужид цөмийн хоёр реактор дахин нэмж барих ажлыг эхлүүлсэн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна. Эдгээр цөмийн реакторуудыг зүүн Атлантаагаас 270 км зайтай “Вогтл” Атомын цахилгаан станцын цогцолборт суурилуулах гэнэ. АНУ 2200 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цөмийн реактор барихад нийт 14 тэрбум ам.доллар зарцуулж байгаа аж.
АНУ-ын Зэвсэгт хүчин хамгийн хүчтэй гэгддэг цөмийн бус бөмбөгийнхөө хүчин чадлыг ихэсгэхээр ойрын өдрүүдэд ажиллаж байгаа талаар “Thewallstreetjournal”-д бичсэн байв.
Пентагоны шинжээчид “Цөмийн бус хүчтэй бөмбөг нь Ираны газар доор байрлах цөмийн эрчим хүчний байгууламжийг устгахад хангалтгүй байна” хэмээн дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг GBU-57 бөмбөгийн туршилт тодорхой харуулсан байна. Уг бөмбөгийг Иран болон Хойд Солонгосын газар доорх нуугдсан цөмийн байгууламжийн эсрэг ашиглахаар бүтээсэн боловч хүч нь хүрээгүй аж. Туршилтын явцад нэмэлт төхөөрөмж хэрэгтэй гэдэг нь тогтоогдсон байна. Энэхүү бөмбөгийг сайжруулахад нийт 80 сая ам.доллар хэрэгтэйг Пентагон Конгресст санал болгожээ. Уг бөмбөгийн анхны туршилтыг 2007 онд хийсэн ба нийт 20 орчим байгаа гэсэн судалгаа байдаг байна.
Ираны цөмийн зэвсгийн бардамналыг Турк “няц” дарсан. Учир нь НАТО-ийн Ираны эсрэг явуулж буй арга хэмжээ үр дүнгээ өгч Туркийн Ирантай хиллэх хилийн бүсэд пуужин эсэргүүцэх тусгай системийн хамгаалалтыг суурилуулсан талаар мэдэгдсэн. Энэ нь Туркийг ямар байр суурьтай байгааг бүрэн илэрхийлж, шаардлагатай гэвэл АНУ-ын цэрэг армийн хүчийг өөрийн оронд оруулах боломжтойг онцолсон. Ийнхүү Ираны бардамнал нэг хэсэг чимээгүй болж, АНУ-ын тэнгисийн хүчин Энэтхэгийн далайд хүчээ нэгтгэсэн.
Иран улс ойрын хугацаанд цөмийн реакторын асуудлаар АНУ тэргүүтэй барууныхантай хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединижад мэдэгдсэн байна. Европын холбоо Иранд нефтийн хориг арга хэмжээ авснаар нэг хэсэг Ираны эдийн засаг ихээхэн доошилсон. Харин БНХАУ болон Энэтхэг Иранаас нефтийн импортын хэмжээг хоёр дахин нэмэх санал ирүүлсэн. Ямартай ч Иран АНУ-ын харилцаа нам жим болсон энэ үед ОХУ-ын байр суурь чухал гэдгийг шинжээчид онцолсоор байна. Ираны байр суурь товч тодорхой. Тэд олон улсын жишигтэй адил цөмийн эрчим хүчтэй орон байхыг хүссэн бололтой. Харин АНУ үүнийг дайн байлдааны өнцөгөөс харж, дэлхий нийтийг цөмийн зэвсгээр далайлган айлгаж буй Ираны дүр төрхийг бүтээсээр байна.
"Улс төрийн тойм" сонин