Жил бүр л утааг бууруулахад зориулж хэдэн тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрэхгүй байгаа талаар байнга ярьж, хэлж, бичсээр улиг болжээ. Хөдөө нь эзгүйрч, хот нь дүүрч байгаа энэ үед эл байдал маань гадныхны хувьд ашигтай нэг хувилбар болж байх шиг. Улаанбаатарын утааг бууруулахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр улсын төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулж байна. Хөдөө орон нутгийнхныг суурьшуулах нэрийдлээр хоосон газруудыг маань худалдан авч байна гээд л. За энэ ч яах вэ. Нэгэнт л өнгөрсөн хэрэг. Тэр хөдөө байгаа газрыг ямар гадаад нь худалдаж авах, утааг арилгах нэрийдлээр хэн нь хэдэн төгрөг халааслах эсэх нь бидэнд ямар хамаа байх вэ. Пиг чихсэн Улаанбаатартаа уур уцааргүйхэн амьдрах нь л бидэнд хамаатай. Тиймээс яг одоо хит болж байгаа утааг бууруулах гэж их мөнгө зарж байхын оронд багахан шиг хөрөнгө зарцуулаад эрүүл байх нэг аргыг зааж өгье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манайх шиг утаан дунд амьдардаг улсын хүн амыг хямд төсөр аргаар эрүүл байлгах мэргэн арга бодож олсон байна. Та өдөрт ердөө л нэгхэн ширхэг “Аспирин 100” гэдэг эм уухад л хангалттай гэнэ. Учир нь энэ эм нь таны эрүүл мэндийг утаанаас хамгаалж, улсын төсвөөс гарах мөнгийг ч хэмнэх юм байна. “Аспирин 100” 10 ширхэг нь 350 төгрөг. Тэгэхээр та 10 хоног эрүүл явахын тулд ердөө л 350 төгрөг зарцуулна гэсэн үг. Нийслэлийн удирдлагууд маань ч үүнийг анхааралдаа авах нь зүйтэй байх. “Хүн бүр өдөрт нэг ширхэг “Аспирин 100” ууж байвал зунтай эсэн мэнд золгож чадна” гээд л зар сурталчилгаагаар иргэдийнхээ тархийг угаах хэрэгтэй. Эрүүл л байвал бусад нь ч яах вэ. Утаа, униар үнэртэх эсэх нэг их сонин биш шүү дээ. Гадаадад очлоо гэхэд утааны маань үнэрээр “Монгол хүн байна” гэж ирээд л шууд танина. Сайхан л байгаа биз дээ. Одоо бол иргэд утаанаас болж өвчилж байгаа учир л гомдоллоод байгаа юм. Харин ингээд хэвшчихвэл өвчингүй болно. Тэгэхээр утаанаас болж нийслэлийнхээ удирдлагуудыг харааж зүхэх асуудал ч багасна шүү дээ. Чих амар байлгая гэвэл энэ аргыг сайн сурталчилаад өгөөч, нийслэлийн удирдлагууд минь.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин