Ардчилсан намд нэгдэл биш, задралыг захиалъя

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Ардчилсан намд нэгдэл биш, задралыг захиалъя

Ардчилсан нам альц­геймерийн өвчинд нэр­вэгджээ. Анагаах ухааны салбарынхны хэллэгээр, энэ бол хөгшрөлтийн солиорлын нэг төрөл аж. Ихэвчлэн өндөр настнууд өвчилнө. Зарим үед 40-өөс дээш насныханд анхны шинж тэмдэг нь илэрнэ. Гэтэл Монголын улс төрийн тавцнаа энэ өвчин хурц хэлбэрээр илэрч, эрдэмтдийг гайхшруулах болов. Ардчиллын төлөөх намуудын нэгдэл буюу Ардчилсан нам 12 настайдаа альцгеймерийн өвчин тусаж, анагаах ухааны салбарт цочир сонин “нээлт” хийхэд хүргэв. Эрдэмтдийн хэлснээр, энэ өвчнөөр өвчилсөн хүн цаг хугацаа, орон зайн баримжаагаа алддаг. Тэр ч атугай мэдлэг, туршлага нь асар богино хугацаанд арчигдаж үгүй болно. Гэхдээ тухайн өвчтөн өөрт хамгийн сүүлд тохиолдсон явдлыг хамгийн түрүүнд мартдаг бол олон жилийн өмнөх түүхийг эцэст нь мартдаг аж. Тийм ээ, Ардчилсан намынхнаас яг ийм шинж тэмдэг илрэх болов. Тэд эхлээд ардчиллыг амьгүй болгож, Ардчилсан намыг арилжааны нам болгов. Сөрөг хүчний орон зайг эрх баригчдын колоничлолын талбар болгож, үзэл баримтлалаа үгүй хийв. Харин дараа нь таван халуун амиар сайдын суудал наймаалцаж, ардчиллын цэнхэр тугийг бөхийлгөв. Энэ бол 2008 онд болсон явдал. Ардчилсан намынхны ой санамжаас хамгийн түрүүнд мартагдаж эхэлсэн түүх. Гэвч тэд эцэст нь юуг мартах вэ. Цагаан морин жилийн хувьсгалыг уу, аль эсвэл 1206 оныг уу. Ямартай ч ардчиллын алтан хараацайнуудын зассан үүрэн дээр амбиц ихт шонхрууд эргэлдэж эхэллээ. 

Ардчилсан хувьсгалын өвгөн партизан яриагаа хараахан дуусгаагүй байхад Ардчилсан нам дахь 1970-1980-аад оныхон “Мөнх тэнгэр” гэдэг фракци байгуулав.

Ардчилсан намынхнаас альц­геймерийн өвчнөөр хамгийн түрүүнд өвдсөн хүн бол Н.Алтанхуяг. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа намын даргын албан тушаалын төлөө З.Энхболдтой өрсөлдөн ялж байсан. Гэвч маргааш нь намаа, бас журмын нөхдөө мартаж, С.Баяраас адис хүртсэн. Түүгээр ч зогсохгүй эрх баригч хүчний XXVI их хурлын индрээс “Найзууд аа, надад итгэж атгуулсан “өндөг”-ийг чинь би хэзээ ч хагалуулахгүй” хэмээн тангарагласан билээ. Харамсалтай нь мань эр ингэж хэлснээ бас л мартсан. Мартахаар барахгүй Ардын намынханд өргөсөн тангаргаасаа хоёр жилийн дараа няцаж, хамтарсан Засгийн газар хэмээх “өндөг”-өө өөрийн гараар хагалсан удаатай. Үүнийгээ ч одоо мартчихсан яваа биз. Харин түүнээс “Ардын намынхны атгуулсан “өндөг” алтан хараацайнх байв уу. Тагтаа, аль эсвэл шонхрынх байсан уу” гэдгийг хэн ч асуусангүй. Гэхдээ Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэд, хэдэн зүйлийг огт мартаагүй яваа. Тэрбээр “Ардчилсан намын даргын суудлаа Х.Баттулга, З.Энхболд нарт алдаж болохгүй” гэдгийг ой санамжаасаа алга болгочихгүйг хичээж байгаа. “Юмыг яаж мэдэх вэ. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Ардын намынхнаас дахин урилга ирэх ч юм билүү” хэмээн сэм горьдож суугаа.

Ардчилсан намын дарга Н.Ал­танхуяг Ардын намын даргын удирдлага дор ажиллаж явснаа мартсан хэрнээ олон зууны өмнөх явдлыг санаж байна гээч. Тэрбээр “Миний хувьд, 1206 гэдэг их бэлгэдэлтэй тоо. Их Монгол Улс 1206 онд байгуулагдсан. Ардчиллын төлөөх намууд 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд нэгдсэн. УИХ-ын сонгууль 2012 оны зургаадугаар сард болно” гэв. Мань эр 1206 хэмээх тоог ийн патентлав. Бүр ном болгон хэвлүүлэв. Харин З.Энхболд тэргүүтэй Ардчилсан хүчний холбооныхон “Фортуна” Н.Батбаяр тэргүүтэй мүднякууд, бас “Зүүн хойд Ази”-ийнхантай амбиц, ашиг сонирхлоороо сөргөлдөж эхэл­мэгц шонхрын дэвэлтээр дэвж эхлэв. Тэгмэгцээ “Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй Тагтаанд шонхрын зориг байгаагүй” хэмээн социализмын үеийн үзэл суртлыг дахин номлох болов. Хамгийн сонирхолтой нь “Н.Алтанхуяг Ардын намд ард­чиллыг арилжсан. Манай намд үзэл баримтлал, үнэт зүйл гэж үгүй боллоо” хэмээн хэдхэн сарын өмнө мэдэгдэж байсан З.Энхболд тэргүүтэн өөрсдийгөө “Бид үзэл баримтлалаа тууштай баримтлагчид байх болно. Өрнөдөд ийм улстөрчдийг “Шонхор” гэдэг юм” хэмээн онолдох нь тэр. Гэвч хаана байна вэ, баруун төвийн үзэл баримтлалт Ардчилсан нам. Харамсалтай нь тус нам зүүн төвийн үзэл баримтлалт эрх баригч хүчний өнгө, мөнгөнд аль хэдийнэ ууссан билээ.

Н.Энхбаяр эзэн, эрх баригч хүчин эрэмбэлэгдсэн олон лидертэй байх үед Ардчилсан намд нэгдэл, тухайн үеийн МАХН-д задрал хэрэгтэй байв. Ардчилсан холбоо эвсэл 1996 онд УИХ-д үнэмлэхүй олонхи болсон ч хэд, хэдэн Засгийн газрыг хүний, өөрийнхөнтэй хуйвалдан огцруулсан удаатай. Тэдний хувьд, 2000, 2004 он ч алдаа, завхралаар дүүрэн. “Алтангадас”, МоАХ, МҮДН, “Нэг ардчилал”, Ардчилсан хүчний холбоо… Тийм ээ, Ардчилсан нам дахь фракциудын хуваагдал тус намыг яг одоо дотроос нь “идэж” байна. Яг л Ардын нам, бас Н.Энхбаярынхан захиалсан мэт. Нэгэн цагт Монголын улс төрийн тавцнаа хүчтэй сөрөг хүчин явсан Ардчилсан намд Ардчилсан хүчний холбоо, “Шонхор”, МоАХ, “Мөнх тэнгэр” зэрэг сөрөг хүчнүүд бий болчихоод байгаа бол Ардын намд дахин нэгдэх урвал хүчтэй явагдаж байна. С.Батболд намынхаа элит хэсгийг удирдаж байгаа бол У.Хүрэлсүх залуучууд, эмэгтэйчүүд, бас М.Энхболд тэргүүтэй хотын фракцийнхны хүчийг нэг дор төвлөрүүллээ. Харин Ардчилсан намынхан 1990 онд дуулж байсан дуугаа дуулж, болохгүй бол бойкот хийчихдэг хуучирсан арга барилаасаа салаагүй л байна. Арга ч үгүй биз. Аль 1206 оны түүхийг энэ цагийнханд тулгаж суугаа тэдэнд “1990 оны хувьсгалаар олон жил амь тариа хийнэ” гэсэн бодол байдаг л биз. Харин тэдэнд захиалах ганц л зүйл байна. “Задарвал задарсан шиг задарч, Ардчилсан нам дахь ашиг сонирхлын бүлэглэлүүдэд дарагдсан “судас“-аар дахин цус гүйлгээсэй” гэж. Тийм ээ, нэгдэж, нийлэхийг нэгэнт мартсан тэднээс нэгдэл биш, задралыг захиалъя.  

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж