Хөдөөнийхөнд хамааралгүй хот

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Хөдөөнийхөнд хамааралгүй хот


Саяхан хөдөөнөөс ирсэн хамаатан нэг өдөр гадуур гарч ирээд бөөн уур
уцаар болов. Автобусанд явж байгаад хэтэвчээ алдсан юм болов уу гэж
санаа зовоод учрыг лавлавал “Энэ Улаанбаатар хөдөөний бидэнд хамааралгүй
бололтой. Ямар ч байсан надад зориулж хаяг хадсан газар огт алга.
Супермаркет гэдэг чинь одоо дэлгүүр үү” гэж байна. Өөр юу ч билээ дээ,
өнөө гадаадаар бичсэн хаягуудын учрыг лавлаж байгаад гарсан. Бодвол ямар
байгууллага, үйлчилгээний газар болохыг нь мэдчихээд нэг явж үзье гэж
санасан юм байлгүй. Уг нь манай нийслэл аялал жуулчлал дээд цэгтээ
хүртэл хөгжсөн хот биш. Монгол Улсын аялал жуулчлалын төв ч биш.
Гадныхан Улаанбаатарт ирчихээд хөдөө явж, малчдын амьдрал, онгон
байгаль, үзэсгэлэнт газрууд үзэхээр яардаг биз дээ. Харин Улаанбаатарт
удаад байх шаардлага байхгүй. Аялалын компаниуд ч гэсэн тийм төлөвлөгөө
гаргадаг юм билээ. Ирсэн жуулчид нь ч гэсэн Улаанбаатарт буугаад л
Америкийн юм уу, Английн нэг муж, эсвэл Хятадын нэг хотод ирчихсэн юм
шиг санагддаг биз. Төрийн ордноос бусад бүх байгууллагынх нь хаяг
Англиар бичигдсэн, эсвэл аль улсынх нь мэдэгдэхгүй ханзууд ярайна. Ийм
байхад хөдөөнийхөн бухимдахгүй яах вэ дээ. Хөдөөнийхөн битгий хэл хотын
бид бухимдаад байхад. Уг нь захын жижиг зочид буудал хаягаа монголоор
бичихэд яах вэ дээ. Гэтэл бараг л амбаар болгон дээрээ “Hotel”  гээд
биччихэж байгаа юм. Гадныхан ирээд “Чингис”, “Баянгол”, “Улаанбаатар”
гэх мэт цөөн хэдэн зочид буудалд л бууна. Түүнээс биш жижигхэн
буудлуудад буух гээд явж байх нь юу л бол. За хувиараа аялаж яваа зарим
нь дунд зэргийн буудлуудад буух байх. Гэхдээ тэд зочид буудлыг Монголоор
юу гэдгийг мэдчихсэн, хэлний толь бариад л явж байгаа шүү дээ. Ингээд
бодохоор манай нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж
байгууллагууд хэнд зориулж хаягаа гадаадаар бичээд байгааг мэдэх юм
алга. Энэ талаар амтай болгон ярьж, хэвлэл болгон л бичиж байгаа. Тэгсэн
хэр нь шийдвэр гаргагчид нь өөрсдөдөө зориулсан хаяг бичүүлээд,
хадуулчихаж чадахгүй юм. Саяхан нийслэлийн захирагчийн албанаас
байгууллагуудын хаягийг кирил үсгээр бичиж байх шийдвэр гаргасан. Уг нь
шийдвэр гараад нэлээд хэдэн сар болж байгаа. Гэтэл одоо болтол хаягаа
журмын дагуу шинэчилсэн байгууллага алга л байна. Өнөөдөр монгол хэлний
эрдэмтэд эх хэл хэртээд байгаа тухай ярьсаар байгаа. Гэтэл эх хэлийг
бохирдуулж байгаа гол буруутнууд нь албан байгууллагууд болж таарч
байна. Бүгд гадаадаар, тэгсэн хэр нь эртний Грекийн бурхадын нэрийг орой
дээрээ хадчихсан байгаа. Гэтэл алтан ургийн их хаадын нэрээр нэрлэсэн
ресторан, зоогийн газар байна уу. Их л удаж Чингис, Өгөөдэй, Хубилайгаас
хэтэрч байгаа юм алга. Тэр Зевс, Афродита, Гермес энэ тэр гэсэн Грекийн
үлгэрийн бурхад бол манайханд ямар хамаа байна аа. Хөдөөнийхөнд
хамааралгүй байя аа гэхэд, хойч үедээ боловсрол олгохоор нэр өгч
болдоггүй юм байх даа.  

Н.Пунцаг
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж