Цагдаа нарыг авлига авсан хэрэгт шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Цагдаа нарыг авлига авсан хэрэгт шалгаж байна

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас цагдаагийн ажилтнуудыг саатуулан, шалгаж эхэлжээ. Гэхдээ аль дүүргийн ямар цол хэргэмтэй цагдаа нарыг яагаад шалгаж байгаа нь анхаарал татаж буй юм. Эх сурвалжийн хэлснээр нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн зарим офицер, албан хаагчид нэр холбогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангид саатуулагджээ.  Хэргийн талаар тодруулахаар цагдаа нарыг шалгаж байгаа гэх Мөрдөн байцаах албаны байранд ирэхэд хэргийг нь хариуцсан байцаагчид хариулт өгөхөөс татгалзсан юм. Харин нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Тус дүүргийн Эрүүгийн тасгийн цөөн тооны цагдаа нарыг шалгаж байсан хэргийн явцад авлига авсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн. Гэхдээ буруутай эсэхийг нь одоохондоо тогтоогоогүй болохоор илүү мэдээлэл өгч болохгүй байна. Тэднийг нийслэлийн Прокурорын зөвшөөрлөөр шалгаж байгаа” гэсэн юм. Үүний дараа нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст очиж хэргийн талаар лавлалаа. Тус хэлтсийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч цагдаагийн ахмад Х.Чинтөгс “Манай ажилчид бүгдээрээ байгаа. Ямар ч хүн авилга авсан хэрэгт шалгагдаагүй. Өөр дүүргийн цагдаа нар байх” гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Цагдаа нарыг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ офицерууд биш цагдаагийн ахлагчдыг буруутган хорьсон. Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

Ямартай ч цагдаагийн ажилтнууд авлига авсан хэрэгт шалгагдаж байгаа нь эх сурвалжуудын хэлснээр үнэн аж. Харамсалтай нь хэрэгт нэр нь холбогдсон цагдаа нарын харьяа хэлтэс нь “манай дүүргийн цагдаа нар биш” гэсэн хариулт өгсөн нь эргэлзээ дагуулж буй. Тэгвэл УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан яагаад “цагдаагийн ахлагч нарыг шалгаж байгаа” гэсэн юм болов оо. Уг нь цагдаагийн ахлагчид хэрэг шийдэх, байцаах эрхгүй байдаг шиг санагдана. Бидэнтэй холбогдсон эх сурвалжуудын мэдээлснээр цагдаагийн хоёр офицер 30 сая төгрөгийн эд мөрийн баримтын хэрэгт сэжиглэгдэж буй цагдаа нарын нэгээс нь нэгжлэгээр илэрсэн аж. Эдгээр баримтаас үзэхэд цагдаагийн ахлагчид биш офицер нар шалгагдаж байгаа нь ортой бололтой.

Мөн Баянгол дүүргийн цагдаа­гийн хэлтсийн ажилтнуудыг самрын ченжүүдээс авлига авсан гэх мэдээлэл дуулдаж байгаа. Энэ нь Авлигын тухай хуульд зааснаар онцлолын ангилалд багтах юм байна. Түүнчлэн одоо шалгагдаж буй цагдаагийн ажилтнуудаас гадна тус хэлтсийн удирдлагууд ч гэсэн холбогдож магадгүй аж.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж