”Манай дүүг шалгасан нь улс төрд орсонтой холбоогүй”

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

”Манай дүүг шалгасан нь улс төрд орсонтой холбоогүй”

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Иргэний Зориг Ногоон намын дарга С.Дэмбэрэлийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та Иргэний Зориг-Ногоон намын дарга болоод удаагүй байгаа. Яагаад гурван даргатай болсон талаар С.Оюун гишүүн тайлбар өгсөн байсан. Таны хувьд ямар тайлбар өгөх вэ. Би хувьдаа “С.Дэмбэрэл, С.Оюун, Д.Энхбат нарын хэн нэг нь дарга болоод нөгөө хоёр нь намын энгийн гишүүн болох боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж” гэж дүгнэсэн?

-Олон хүн тэгэж харж байгаа юм. Монголчуудын улс төрийн талаарх сэтгэлгээ юм даа. Сүүлийн 20 орчим жил уламжлагдаж ирсэн юм. Нам төвтэй, нэг даргатай, дөрвөн жилд нэг удаа хуралддаг. Иргэд нам гэхээр “Ил тод биш. Намаар  дамжиж  албан тушаалд хүр­дэг”  гэсэн ойлголттой бай­даг. Ингэж сөрөг талаас нь хардаг. Мянга, мянган хүмүүсийн тархинд суучихсан социализмын үеийн сэтгэлгээ яваад байна л даа. Гэхдээ би чамайг “Социалист сэтгэлгээтэй. Буруу бодолтой хүн” гэж байгаа юм биш. Чиний буруу ерөөсөө байхгүй. Иргэдэд  ийм  мессеж өгч байгаа тог­толцооны буруу. Ийм л үед нэг жижигхэн нам гурван даргатай болсон. Өөр, өөрийн чиг үүрэгтэй, асуудлаа сууж байгаад харилцан ярилцах, буулт хийх, зөвшилцөх замаар шийддэг. Дөрвөн жилд нэг удаа биш жил бүр хуралддаг, гишүүн төвтэй нам гараад ирэхээр эвэртэй туулай үзсэн юм шиг хүлээж авлаа. Гурван толгойтой мангастай хүртэл зүйрлэв шүү.

-Тал бүр рүү зүтгэх вий гэж бодсондоо тэгсэн хэрэг л дээ. Харин та тулгын гурван чулуутай зүйрлэж байгаа гэлүү?

-Өнөөгийн монгол сэт­гэлгээнд тааруулах гэж тулгын гурван чулуутай зүйрлэсэн юм. Бид намын тухай ойлголтыг шинэчлэх, хатуу гишүүнчлэлийг халах гэж хэрэндээ хичээсэн. Олон жилийн турш дэмжигч гэдэг статусыг Улс төрийн намын тухай хуульд дурьдаад өнгөрдөг байсан. Тэрийг л албан ёсоор оруулаад ирэхгүй юү. Намын их хурлын үеэр дэмжигчид маш олон байсан.

-Хоёр нам нэгдсэнийг, гурван даргатай болсныг эсэргүүцсэн хүмүүс олон байсан гэсэн биз дээ?

-Худлаа. Тэрэн шиг худал юм байхгүй. Би индэр дээр бус намынхаа гишүүд, дэмжигчдийн дунд сууж байсан. Хурал дайчин, ил тод болсон. Хүмүүс микрафон булаацалдаад, залуучууд нь “Намаа шинэчилье” гэсэн лоозон барьсан байсан. Тэдний саналыг ч тэр дор нь хүлээж авах жишээтэй.

-Намын дарга болсны тань дараахан “С.Дэмбэрэлийн дүү Т.Ганболдыг Авлигатай тэмцэх газар гурван зүйл ангиар шалгаж байна” гэсэн мэдээлэл гарсан. Дүүг тань шалгаж байгаа нь таны улс төрд орсонтой холбоотой юу. Эсвэл цаг хугацаа нь ингэж таарсан юм болов уу?

-Надтай холбоогүй байх аа. Найдаж байгаа. Манай дүүг шалгаж байгаа нь миний улс төрд орсонтой холбоотой байх гэж огт бодохгүй байна. Арай ч тийм тэнэг болчихоогүй байх. Тэнэг л дээ. Манайд сайхан шударга ёс байдаггүй шүү дээ. Тийм юм хүлээж болно. Гэхдээ арай үгүй байх. Манай дүүгийн хувьд зүгээр л нэг сэргэлэн бизнесмэн залуу. Тодорхой хэмжээгээр бизнесээ хийгээд явж байгаа.

-Магадгүй таныг дүүгийнхээ шалгуулж байгаа хэрэгт ямар нэг байдлаар холбоотой гэж бодох хүн ч байгаа байх?

-Миний бодлоор өөртэй нь холбоотой, өрөөл бусад улс төртэй холбоотой байдлаар шалгаж байгаа байх. Цагаан, хар хэл ам нийлсэн биз. “Алтан Дорнод Монгол”-ыг авсантай нь холбоотой юм уу, бүү мэд. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байхдаа ган бөмбөлөг яасан ч гэнэ. Түүнийгээ батлаад гаргах хэрэгтэй.

-Таныг ч гэсэн Авлигатай тэмцэх газраас шалгасан гэсэн биз дээ?

-Намайг яасан гэж шалгадаг юм.

-Ажил дээр чинь ирж шалгасан л гэсэн дээ?

-Над дээр ирсээн. Намайг Ав­лигатай тэмцэх газраас дуудсан юм. Би “Уучлаарай. Танай байгууллагаар очихгүй. Дэмий хүмүүс ордог байгууллагаар орохгүй. Манай ажил дээр хүрч ирээд хэрэгтэй, шаардлагатай мэдээллээ ав” гэсэн юм. Тэгээд хүрч ирээд надаас зарим нэг мэдээлэл аваад л явсан.

-Дүүтэй чинь холбоотой асуудал юу болж байгаа юм бол?

-Шийдэгдээгүй. Шүүх дээр явж байгаа байх. Гэхдээ би ганцхан зүйлд итгэлтэй байна. Манай дүү юу ч хийгээгүй гэдэгт ахын болон иргэний хувьд итгэлтэй байна. Ямар ч байсан энэ бохир улс төрөөс л болж  байгаа байх.

-Та УИХ-ын 2012 оны сон­гуулиар аль тойрогт нэрээ дэв­шүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Надад энэ талаар бодсон зүйл алга. Ямар ч байсан на­мын дарга учир нэг тойрог хуваарилж өгөх биз. Хүмүүс надад зөвлөж байгаа.

-Юу гэж?

-“Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт өрсөлдөөд үз. Бизнесийнхэн таныг мэднэ. Ард түмэн ч тодорхой хэмжээгээр мэддэг, үнэлдэг. Та эдгээр дүүргийн иргэд, аж ахуйн нэгжүүдтэй шууд тулж ажилладаг. Бичлээс нь авахуулаад том, жижиг, дунд гээд бүгдтэй нь олон жилийн турш ажилласан” гэж л зөвлөсөн. Тиймээс намынхантайгаа зөвшилцөж байгаад энэ хоёр дүүргийн аль нэгд нь өрсөлдөх байх. Тийм л бодолтой байна.

-Тийм байж. Ардын нам, Ардчилсан намынхан урт ху­гацааны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Үүнийг зарим нь “Мөрөөдлийн, үлгэрийн” гэж тодорхойлж байна. Таны хувьд юу гэж дүгнэх вэ?

-Мөрөөдлийн гэж бодохгүй байна ингэж зүгнэж байгааг  сонссон. Гэхдээ уншаагүй. Мөрөөдөл гэхээсээ илүүтэйгээр тодорхой тооцоо судалгаа хийсэн, нэлээд ултай суурьтай боловсруулсан бичиг баримт гэж ойлгох хэрэгтэй. Өөр намын гаргасан хөтөлбөр гээд муулж болохгүй. Үнэнийг хэлэх хэрэгтэй.

-Өөлөх юм алга уу?

-Миний хувьд нэг л энгийн асуулт тавьж байгаа. Юуг, яаж, хэн шийдэх гээд байгаа юм гэдэг л байна. Төр шийдэх юм уу, хүмүүс шийдэх юм уу. Хүмүүст эрх чөлөө олгох уу.  Ийм л асуулт гарч ирсэн. Төр өнөөдөр чиний гэрлэхээс бусдыг шийдэх гээд байх шиг байна. Чи бол хувь хүн. Өөрийн гэсэн үзэл бодолтой, хүсэл мөрөөдөлтэй. Өөрийнхөө тө­лөвлөгөөг биелүүлэх боломж олгохыг хүсэж байгаа. Түүнээс бус “Сар бүр 21 мянган төгрөг өгөөд байвал миний хүсэл мөрөөдөл биелэж байна гэсэн үг. Миний мөрөөдөл Тавантолгойн хувьцаа эзэмших” гэж бодохгүй байгаа шүү дээ. Чамайг ингэж бодоогүй байхад өгөөд байгаа биз дээ. Бид 21 мянган төгрөгөөр тэжээдэг циркийн амьтан биш байхгүй юу. Бидэн шиг мянга, мянган хүмүүсийн хүсэл мөрөөдөлд таарсан боломжийг олгохоор хэн гэдэг чинь гараад ирнэ. Дараа нь хэзээ гэдэг асуудал гараад ирнэ. Монголын бүх асуудлыг маргааш ба өнөөдөр гэсэн жингийн туухайн дээр тавибал өнөөдрийнх нь асуудал илүү жин дарна. Ядуурал, цөлжилт, боловсрол, байгалийн доройтол, эрүүл мэнд. Хүн амын 50 хувь нь ядуу. Цөөн хэсэг нь асар баян. Пирамид хэлбэртэй л юм даа. Оройд нь хэдэн баян хүн, ёроолд  нь ихэнх нь суучихсан.  Дунд талд нь бизнес гээд хөөрхөн туранхай юм байж байгаа. Дунд ангийг хэзээ бий болгох юм. Өнөөдрийнх нь асуудлыг эхэлж шийдэх ёстой. Төмөр зам сайхан л даа. Гэхдээ энэ бол маргаашийн асуудал. Мянга, мянган хүн өнөөдөр утаан дунд амьдарч байна. Иргэд арга ядахдаа Төрийн ордны гадаа жагсаж байна. Хэрвээ маргаашаар тэжээгддэг байсан бол бид өнөөдөр хамгийн жаргалтай хүмүүс байх байлаа. Өнөөдөр, маргаашийн тэнцвэр алдагдчихаж. Ардын намын баталсан хөтөлбөр үүгээрээ дутагдалтай санагдсан. 2030 он сайхан л даа. Гэхдээ 2012-2016 он илүү чухал юм. Нийт 100 сая төгрөгтэй байлаа гэж бодоход 70 саяыг өнөөдөртөө, маргаашдаа 30 саяыг нь зарцуулах ёстой. Одоо бол маргааш руугаа түлхүү хөрөнгө оруулалт хийх гээд байна. Сайн. Гэхдээ өнөөдрийн асуудлуудыг шийдэхгүй бол чамд үнэмшил төрөхгүй байна шүү дээ. Нийгэм гундуу, саарал, ядуу байхад “Маргааш гэрэлтэй” гэж хэлбэл итгэх үү.

-Тэгвэл өнөөдрийн тулгамдсан асуудал ам.доллар, валютын ханшийн өсөлт болчихоод байна. Тийм үү?

-Энэ асуудал хоёр намын тог­лоом болчих гээд байна.

-Шалтгааныг тодруулах ёстой ажлын хэсэг нь одоо хүртэл дүгнэлтээ гаргаагүй байгаа?

-Хэдийгээр худалдаа, аж үйлдвэрийн танхим ч гэлээ бүх зүйл дээр бизнесийнхнийг өмөө­рөөд байхгүй. Шатахууны үнэ өссөн. Яг тэр өдөр яагаад өсгөсөн бэ гэдгийн шалтгаан нь юу вэ. Импортлогч компаниуд өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн дохиог өгч байж. Хэлээд л, тэрүүхэн хавьдаа хуралдаад байсан. Засгийн газар нь “Болно оо. Яаж ийж байгаад оруулаад ир. Дараа нь бид болгоно” гээд байж. Энэ нь хариуцлагагүй механизм юм. Сая санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсээд хэрэглэгчийн зах зээл рүү орчихлоо шүү дээ. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах чиг үүрэг бүхий Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хо­рооны хамтарсан механизм болох Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл сайн дурын уран сайханчид шиг л ажиллаж байсан. Ингэж ажиллана, хариуцлага хүлээнэ, бодлогоо ингэж явуулна гэсэн эрх зүйн механизм нь байхгүй. Одоо л үүнийгээ хийж байх шиг байна. Гэтэл УИХ дээр бие, биенээсээ алдаа хайж байгаа. Дөрвөн даргыг ажлаас нь халсан. Одоо Монголбанкны ерөнхийлөгч рүү очих гээд байна. Тэгэхээр Ардын намынхан өмөөрч л таарна шүү дээ. Ардчилсан намынхны гаргасан дүгнэлт дээр хариуцлага тооцох талаар байсан. Зах зээлийг илүү сайн ажигладаг, хоосон загнахын оронд ажигладаг тогтолцоо Монголд алга. Зах зээлээ, валютын ханшаа зохицуулж байхгүй яасан юм бэ. Шатахууны үнэ өсөж байхад мөнгөний арга хэрэгсэл яагаад ашиглаагүй юм бэ. Одоо НӨАТ-ыг тэглэе, валютын ханшаа тогтвортой байлгая гээд цаашид хэрэгжүүлэх асуудлаар хоёр нам санал нийлж байгаа. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг ингэж ажиллуулна, ханшаа ингэж тогтоое, инфляцийг онилох нь зөвхөн Монголбанкны ажил биш юм байна шүү гэдгийг ярих хэрэгтэй. Засгийн газрын шинэ сайд саяхан юу гэлээ.

-Д.Хаянхярваа сайд уу?

-Тийм “Ер нь бол хуулиараа Монголбанк энэ чиг үүргийг хүлээдэг л дээ” гэж байгаа юм. Хөөрхөн бухаж байгаа биз. Гэхдээ бухаж байгаа нь үндэслэлтэй л дээ. Монголбанкинд “Инфляцийг бүхэлд нь хариуц” гэж хэлсэн УИХ өөрөө буруутай. Уг нь инфляцийг биш эдийн засгийн өсөлтийг л онилох хэрэгтэй.

-Яаж?

-Монголбанк, Засгийн газар хамтраад жижиг, дунд үйлдвэр, нийт бизнесийн салбарыг дэмжих хэрэгтэй. Эдийн засгийн эргэлтийг хурдасгах бодлогын орчныг хамт­раад бүрдүүлчих хэрэгтэй. Тэгээд л болоо.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж