Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Үнэнээ хэлэх үү?

Тээр жил Билл Клинтон Ерөнхийлөгчийн алба хашиж байх үеэрээ Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левинский хэмээх бүсгүйг өдөж хоргоон, аргагүй байдалд оруулан бэлгийн харилцаанд орсон тухай дэлхий нийтээрээ шуугисан. Билл Клинтон тэр үед ард түмнийхээ өмнө үнэнээ хүлээх үү гэдгээ шийдэх гэж нэлээд бодлого болжээ. Яг энэ тухай өгүүлэх нэгэн баримтат кино энэ сарын 20-нд PBS телевизээр гарна.

Билл Клинтон бүх үнэнээ хүлээх эсэхээ шийдэхээр санал асуулгын мэргэжилтэн Дик Морристой ярилцжээ. “Цагаан ордонд ирсэн цагаасаа хойш би өөрийгөө асар их хянадаг, сексийн хувьд өөрийгөө цэнэдэг болсон. Харин би тэр бүсгүйг үнэхээр эргүүлсэн юм аа. Гэхдээ л хүмүүсийн ярьж байгаа шиг тийм зүйлийг хийгээгүй. Өөрийгөө гэм буруугүй гэж нотлоход саад болох хэтэрхий их зүйлийг би хийсэн” хэмээн Билл түүнд хэлсэн гэнэ. Харин Дик Ерөнхийлөгчид “Америкчууд таны шалиг аашилсныг чинь уучилж чадна. Харин худлаа хэлснийг чинь уучлахгүй байх” гэж зөвлөсөн байна. Эхэндээ Билл Клинтон хэвлэлээр шуугисан бүх мэдээллийг үгүйсгэж байсан ч энэхүү зөвлөгөөний дараа бүгдийг зөвшөөрөн, буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн уучлал гуйсан билээ. 1998 оны арванхоёрдугаар сарын 11-нд тэрбээр ард түмнээсээ албан ёсоор уучлалт хүссэн юм.

Баримтат кино мөн тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны тухай өгүүлнэ. Хүчирхэг энэ эмэгтэйг эр нөхрөө хурцалдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Гэвч эхнэрээ хүчирхэг байхын хэрээр Билл сул дорой болдог байсныг уг кино харуулах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж