Харанхуй микрод тэмтрэгчид

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Харанхуй микрод тэмтрэгчид

"Болдогсон бол хүнд суртлыг чононоос дутахгүй хэмлэх юмсан" гэдэг ардын ч бил үү, алдартны ч билүү үг байдаг даа. Аргаа барахдаа хэлсэн үг шүү дээ, энэ чинь. Тэрэн шиг санаагаар болдог бол хотын замаар уралдсан шиг давхилдах хэдэн микро автобусуудыг бүгдийг нь нийтийн тээврийн албанаас гаргах юмсан. Даанч микро байхгүй болчихвол Улаанбаатар хотоос автобус битгий хэл такси ч олдохгүй хэцүүднэ.

Хүмүүс шөнө орой гэртээ харьж чадахгүй үгээ хэлэх байлгүй. Ийм аргагүй байдалтай болохоор хэчнээн хүнд нөхцөлд байсан ч микро автобусанд "гөөхий" болоод суухаас өөр яах вэ дээ. За тэр "гөөхий" болох, өндөр үнэ төлөх ч яамай.

Орой үдэш гэртээ харьж байвал барав болж. Харин тэр хэрээрээ жаахан соёлтой, тухтай үйлчилдэг баймаар юм. Бүр больё гэхэд заалных нь гэрэл нь бүрэн асдаг микро автобусаар иргэдэд үйлчилдэг байвал аятай юу. Энэ тал дээр хотын тээврийн газраас бага ч гэсэн анхаарч болдоггүй юм уу. Микро автобуснуудыг оночилж, хуучныг нь замын хөдөлгөөнөөс шахаад байгаа гэх. Гэтэл өнөөдөр он шинэтэй ч, ямбий болсон микроавтобус иргэдэд үйлчлээд, уур уцаарыг нь бараад л байж байна.

Наад зах нь иргэд харанхуй микрод тэмтэрч, мөнгөө өгөх гэж утасныхаа гэрлийн чадлыг шалгана. Мөнгө хураагчид нь асаагуурын гэрэл тусгаж, нүд "сохлох" шахна. Өгсөн мөнгөний өнгө андуурч хэрүүл хийнэ. Арын суудлынхны мөнгийг хураах гэж толгой дээр гарч суух шахна. Мөнгөө авах зуураа алгадаж авах шахна. Зарим хаа хамаагүй газар хүрнэ, илнэ. Гэрэлгүй газар тэмтэрч байгаа хойно арга ч байж уу. Зарим нь ч яах вэ далимдуулдаг биз.

Арай дээр нь заалных нь гэрэл нь "маасалж", дискодуулна. Асч унтарч байгаа гэрэл нь нүдний дасгал хийлгэхийг яана. Дээрээс нь гадаад, монгол хамаагүй түчигнэж, тачигнасан дуу тавина. Өдөржин ажиллаад ядарчихсан хүмүүсийн толгой нь эргэж, түргэн дуудах шахаж байгаа юм. Анивчих гэрэл, түчигнэх хөгжимд нь дасах гэж байтал гэртээ харина. Улаанбаатарын иргэдийг гэрт нь хүргэж байгаа, шинэ гэгдэх микроавтобуснуудын дүр зураг иймэрхүү л байна.

Гэрэл нь бүтэн, намдуухан хөгжим тавьдаг зарим нэг нь хар утаа хаяж, трактор шиг тачигнана. Хаана ч хамаагүй эвдрээд зогсоход бэлэн. Эсвэл дугуй нь хагарна. Энэ мэтээр тоочоод байвал асуудал их. Гэтэл нийтийн үйлчилгээнд явж байгаа микроавтобуснуудынхаа өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, ядаж гэрэл нь асч байгаа эсэхийг шалгаад, арга хэмжээ авчих газар байхгүй байгаа нь эмгэнэл.

Харанхуй, тачигнасан, хир даг болсон суудлын бүрээстэй, хөлдөөж алах шахсан микронд 500,600 төгрөг төлөөд явж байгаа өрөвдөлтэй иргэдээ харж үзэх засаг төр, дарга цэрэг байна уу. Энэ байдлаараа зорчигчид нь сууж яваа микроавтобусаа түрээд явж байвал нийслэлийн нийтийн тээврийнхэн тоохгүй юм байна л даа. Яагаад гэвэл эвдэрхий,харанхуй микрод суусан нь бидний буруу. Харин тэд бол иргэдийг гэрт нь хүргэж өгөх ариун үйлс бүтээж байгаа болохоор унаа нь эвдэрч, гэрэл нь унтарсан ч хамаа байхгүй. Магадгүй харанхуй микрод суугаад, 5000 төгрөг өгвөл тэр чигт нь авчихсан ч бидний буруу болох вий.

Н.Пунцагболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж