Цөлжилтөд хувь нэмрээ оруулсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Цөлжилтөд хувь нэмрээ оруулсаар байх уу?

Цөлжилтөд хувь нэмрээ оруулсаар байх уу?

Цөлжилт Монгол орны хувьд бусад улс оронтой харьцуулахад маш хурдацтай явагдаж байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид тодорхойлсноор Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдах бөгөөд эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь нь тус тус хамрагдах болжээ. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговь аймгуудын гандуу хуурай, цөлөр¬хөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртсөн байна. Судлаачид монгол орны нийт нутаг дэвсгэр нь дундаас дээш зэрэглэлийн цөл¬жилт, газрын доройтолд өртөөд байгаа нь  бэлчээрийг ашиглахад илүү анхаарч байснаас түүнийг хамгаалах, даац багтаамжид тохируулах, нөхөн сэргээх арга хэмжээг орхигдуулсан, газар тариалан эрхэлж байсан газруудыг атаршуулж хаях, уул уурхайн зорилгоор газрын баялгыг хайр найргүй ухаж сэндийлж орхисон зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Мөн бэлчээрийн хортон шавьж, мэрэгч амьтдыг устгадаг үнэг, хярсыг их хэмжээгээр хядсанаас болж бэлчээр нутаг маань үлийн цагаан оготноор дүүрч, ортуз буюу хортой өвс ургамал үлэмж их ургах болсон байна хэмээн Монгол орны цөлжилтийг судалсан олон улсын шинжилгээний багийн дүгнэлтэд дурьдсан байдаг.

Цөлжилтийн байгаль болон нийгэмд учруулах хор уршгийг үнэхээр хэмжээлж тооцохын аргагүй. Газрын хөрсний үржил шимт хэсэг болох өнгөн хөрс болон ой мод эргэн нөхөн сэргээхэд бараг л хэдэн зуун жил шаардагдана. Газрын хөрс маш их эвдэрсэн тохиолдолд тэр газрын хөрс хэзээ ч нөхөн сэргэхгүй байж болох талтай. Энэ нөхцөл байдал байгалийн гамшиг гантай хавсарсан үед цөлжилт нь хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, нутаг орноосоо дайжихад хүргэж улмаар нийгэмд тогтворгүй байдал, зөрчилдөөн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ийм явдал өнгөрсөн үеийн түүхэнд олонтаа давтагдаж байсныг Алан Грэйнжэр “Цөлжилт” гэсэн номондоо өгүүлжээ. Тус номонд “Газрын үржил шимт хэсгийг тордож, нөхөн сэргээгээгүй, газрын хөрсөө үгүй болгосон эртний иргэншлүүд нэг бол мөхөж, нэг бол бусдын газар нутгийг колончилдог байжээ. Өнөөдөр эртний үеийн гайхамшигт орд харш, сүм хийд элсэн цөлөөс олддог нь тийм ч тохиолдлын асуудал биш бололтой” гэж бичсэн байдаг. Иймэрхүү эмгэнэлт дүр зураг манай оронд ойрын үед бий болж болзошгүй байгааг нийт нутгийн хэмжээнд дэх гол усны ширгэж буй явц, уул уурхайн олборлолтод тавьж буй хараа хяналтаас өлхөн харж болно.  Дэлхий нийтийг түгшээж байгаа энэ асуудалд иргэн таны өнөөдрийн гаргасан хог, зүй бус хэрэглээ, арвич биш байдал зэрэг тань тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Тухайлбал таны татсан тамхины иш ил задгай хаяхад орчны болоод хөрсний бохирдол үүсгэж, унаж буй машинаас тань ялгарах хар тугалганы хийгээр хөрс, агаар бохирдон, нөхөн сэргэх чадвараа бага багаар алдсаар цөлжилт рүү алхам алхамаар дөхөх аюулд хувь нэмрээ оруулсаар л явна. Сүүлийн үед бороо орохоор л хангай дэлхий ундалж авах нь гээд баярладаг. Гэтэл одоо цагт бороо орвол үерлэчих гээд, цас орохоор шуурчих гээд л байдаг болж дээ.  Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэй хур тундасны хэмжээ хоёр дахин буурсан, харин аадар борооны хэмжээ нэмэгдсэн. Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийг арчин урсгаж улмаар хөрсийг эвдэн ургамалд ноогдох чийгийн тэнцвэрийг алдагдуулж ургамалд муугаар нөлөөлнө.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд хур бороо орох нь багассантай холбоотойгоор малчид газрын гарц, гол усаа бараадан нүүдэллэн, бэлчээр талхалж байна. Энэ нь хөрс элэгдэж эвдрэх, ургамлын сан нөмрөг устан үгүй болох, хөрсний физик шинж өөрчлөгдөж байгааг эрдэмтэд анхааруулж байна. Мөн ядуурал болон Засгийн газраас газар ашиглалт зэрэгт хяналт тавьж байгаа нэртэй ч хэрэгжүүлж чадахгүй  байгаа нь газрын доройтлыг улам хурдасгаж байна. Хүн ам өсөхийн хэрээр хот суурин газарт ихээр төвлөрөх болсон нь бас нэг төрлийн шалтгаан болж байна. Гэвч монголчууд цөлжилтийн ийм хурцадмал байдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэг дутмаг хомс байна. Энэ өвөл манай оронд тохиолдсон байгалийн гамшиг үүнийг нотлон харууллаа. Зундаа өвс ногооны гарц нь муудан малын хамар хатгах төдий өвс гарч, хадлан , өвс тэжээлээ базааж чадаагүй малчид нь өвөл зуданд хамаг малаа тавиад туусан. Ингээд хөдөөгийн ядуурлаас зугтсан хүмүүс гэртэй нь гэрээ, гэргүй нь горьдлогоо ачаалан Улаанбаатар хотын хаяа бараадана. Их хотын хаяа хатавч бараадаагүй зарим нь алттай байж магадгүй дов, сондуулыг сэндийчсээр төрсөн нутгаа сохор номингийн бут, дайн тулааны талбар шиг болгочихно. Хүн амынх нь 50 гаруй хувь нь хотод суурьшиж ажилгүйдэл ядууралд өртөөд байгаагийн нэг шалтгаан нь нөгөө л цөлжилт. Цөлжилт гээд л санаа зовоод, яриад, хэн тусламжийн гараа сунгах бол гэж хүлээж суухын оронд өөрсдийн боломжийг ашиглаад тэмцэж болмоор л санагдах юм.

Судлаачдын тооцоолсноор иргэдийн байгальд  үзүүлэх сөрөг нөлөөг үйлдлээр нь авч үзвэл дундаж орлоготой иргэд 30 хувь, амьжиргааны түвшин доогуур ядуу юм уу, эсвэл  баян чинээлэг иргэд 80-90 хувийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Учир нь ядуу хүний хувьд олдсон бүхнээ хортой хоргүйг ялгахгүй, харин чинээлэг улсуудын хэрэглээний үнэ өртөг өндөр байх тусам тухайн бүтээгдэхүүнийг бий болгоход зарцуулах үйл ажиллагааны явцад байгальд сөрөг нөлөөлөл их байна гэж дүгнэжээ. Дундаж төвшний орлоготой иргэдийн арвич хямгач байдал нь өөртөө болоод өрөөлийн амьдралд өгч томоохон бэлэг юм. Иймээс энэхүү амьдралын зөв хэв маяыг хүн бүр хэвшүүлэн мөрдөж, орчноо ногооруулах аянд идэвхтэй оролцоход иргэдийн ухамсрыг дээшлүүлэх тал дээр анхаарах нь хамгийн зөв гарц юм.

Харин ойжуулах, ногооруулах аяны хүрээнд их хэмжээний газрыг ойжуулахдаа шинээр тарьж буй мод бут тэр газрынхаа хөрсний бүтэцтэй хэр зохицох, ирээдүйд өөрийгөө тэжээгээд явах шимт орчныг үүсгэж чадах эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй сайтар тооцож байж ойжуулахгүй бол зарим хөрсөнд дасан зохицдог ургамал өөр хөрсөнд очмогцоо “хөрсний алуурч” болон хувирч, тодорхой хугацаанд хамаг үржил шимийг ховх сорсноор ургамлын бүрхэвч ч үгүй, хөрс ч үгүй болдгийг сүүлийн үед мэргэжилтнүүд сануулж байна. Харин манайд бол заг, тоорой, сухай зэрэг монгол говьдоо зохицсон, байгалийн шалгарлаар бий болсон унаган шүтэлцээний салшгүй эд, эс болсон мод ургамал олон бий. Тэгэхээр энэ уугуул ургамлуудыг хөрс хамгаалах, элсний нүүдлийг зогсооход ашиглахаас гадна заган шугуй, тооройн төгөл зэргийг бараадуулан өөр төрлийн ургамал тарьж ургамлын бүрхэвчийг баяжуулах, хөрс бэхжүүлэх ажил хийж болох юм. Генийн инженерчлэлийн ачаар байгалийн хатуу бэрх нөхцөлд тэсвэртэй өвс, ургамал гаргаж авч байгаа туршлага, олотыг ч бас анхаарч зөнгөөрөө нөхөн сэргэх үйл явцыг түргэтгэж болмоор санагдах юм.
Саяхан Засгийн газраас 2010-2020 онд хэрэгжүүлэх Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан, баталж БОАЖ-ын сайд Л.Гансүхээр ахлуулан байгуулсан. Төсөл хөтөлбөр гээчээр баахан ажил төлөвлөн, сүртэй нэртэй үр дүн муутай ажлыг хийж хонжоо хайсаар байтал эх орон минь элсэн далайгаар бүрхэж, эрт дээр цагт голын ус хоржигнон урссан, модны навчис сэржигнэсэн ногоон тал байсан юмаа хэмээн үр хойчдоо үлгэр үлдээхгүй тулд өдөр бүхэн цөлжилтийг сануулья.
Д.ДОЛГОР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж