ЭБЭХ-ний сайдын нэрэмжит энэхүү шагналыг нүүрсний салбарын “Оны шилдэг олборлогч компани”, “Оны шилдэг хайгуулын компани” гэх 2 төрөлд олгосон бөгөөд Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсээс авсан мэдээ, баримтанд тулгуурлаж, мэргэжлийн шүүгчдийн баг тодруулжээ. Төрөл тус бүрд нийт 3-5 компани өрсөлдсөнөөс салбарын Оны шилдэг олборлогч компаниар үндэсний уул уурхайн Энержи Ресурс компани, Оны шилдэг хайгуулын компаниар Саус Гоби Сэндс компани тус тус шалгарсан. Өмнөговь аймаг дахь Ухаа Худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн хувьд өнгөрсөн онд нийт 7.1 сая тонн нүүрс олборлож, нүүрсний салбарын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай компани болсон төдийгүй уурхай дагасан бүтээн байгуулалтыг богино хугацаанд эрчтэй өрнүүлж, дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн үйл ажиллагааг Монголдоо нэвтрүүлж байгаа юм. Саус Гоби Сэндс компанийн тухайд өнгөрсөн онд нийт 115.000 тууш метр куб хайгуулын өрөмдлөг хийж, 382 сая тонн нүүрсний нөөц шинээр батлуулсан байна. ЭБЭХ-ний дэд сайд Б.Гарамжав уг арга хэмжээний үеэр үг хэлэхдээ нүүрсний салбар Монголын эдийн засагт улам бүр жинтэй үүрэг гүйцэтгэж байгаа энэ үед салбартаа тэргүүлэгч компаниудын амжилт ололт улс орны хөгжилд чухал хувь нэмэртэй болох талаар онцолж байсан.
Coal Mongolia 2012 чуулгауулзалтыг ЭБЭХЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Ашигт малтмалын газар болон уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан mining.mn хамтран зохион байгуулдаг. Энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд мэргэжлийн сургалт, семинарууд болон уул уурхайн бодит үйл ажиллагаатай танилцах аяллыг цогц байдлаар зохион байгуулснаараа онцлог болж байна.