Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Зүрхний эгшиглэн

Truly, madly, deeply… Энэ дууны аялгуу бүхэн нотноос, нот дамжин эгшиглэж, чамтай холбоотой дур­самж болгонд өртөөлсөөр зүрхэнд минь эгшиглэж байна. Хааяа чамайг санахаар энэ дуутай би ханисдаг. Магад чамтай уулзсан ч юм шиг, сэтгэлээ онгойтол сайхан ярилцсан ч юм шиг тийм нандин мэдрэжийг надад өгдөг болохоор тэр.

Салхинд намирсан гэзэг, уран хөдлөх гар, ялдамхан нь аргагүй мишээл, дөлгөөхөн ширтэх харц. Одоогоос дөрвөн жилийн тэртээх тэр нэгэн намар оюутан нас, гэгээн хайр хоёр надад ирж билээ. Эхэндээ хүний амьдралд олон таарах шохоорхлуудын нэг байх гэж бодсон ч цаг улирч, хугацаа өнгөрөх тоолонд улам бүр үгүй гэдгийг нотолсоор… Чамтай юм ярья гэхээр жирийнхээсээ өөр болж, юуг ч үл чадан дэмий түгдчинэ. Эсвэл огт авцалдаагүйг хэлчихнэ. Гэсэн атлаа чи л байвал юуг ч хийж чадахаар болох нь нэн сонин. Хичээлд суусан үедээ байн, байн эргэж хармаар. Ирээгүй үед нь санаа зовж, хэн нэгнээс чамайг асууна. Найз нөхөддөө ч хэлчихэж чадахгүй чамайг нууна. Магадгүй чамайг хэн нэгнээс харамласан нь тэр. Ингэж миний зүрхэнд хэзээ дуусах нь үл мэдэгдэх гэгээн хайрын дуу эгшиглэж эхэлсэн юм.

Цаг хугацааны хэлхээ эргэн ирэхгүйгээр хөвөрсөөр нэг л сэрэхэд  оюутан цагаа орхих болж. Оюутан насаа орхино гэхээр нэг л эвгүй. Чамтай цуг баймаар, хамт алхмаар… Тийм л болохоор ямар нэгэн шалтаг гарган чамтай цуг нэг автобусанд сууж, ямар ч хийх ажилгүй мөртлөө ангидаа оройтдог байжээ. Хэдийгээр чамд хайртаагаа нуух гэсэн боловч би чадсангүй. Бараг хүн болгон мэдчихсэн, надаас чиний тухай асуудаг болов. Хичээлтэй өдөр болгон чамтай байхын тулд оройтож, зарим нэг хичээл дээр тусалсаар нэг л мэдэхэд оюутан цагаа орхижээ. Магадгүй оюутан насаа байнга санагалзаж, төгссөн сургуулиараа ормоор байдаг ч чамтай л холбоотой. Чамтай холбогдох бүх дурсамж тархинд хөвөрдөг болохоор тэр. Гэхдээ зүрхэнд минь эгшиглэсэн хайрын дуу талдаа орох яагаа ч үгүй.

Хэдэн өдрийн өмнө чиний Facebook-ээр зочилж билээ. Хэдэн сэтгэгдэл үлдээснийг магад чи уншсан л байх. Хэдийгээр уулзаж, ярилцаж чадахгүй ч сэтгэгдэл үлдээсэн минь уулзсанаас ялгаагүй итгэнэм. Хэдэн жилийн өмнө сэтгэлээ илчлэхдээ би дутуудуулсан байж магадгүй. Тэгвэл оройтсон ч одоо хэлэе. Чамд хайртай. Орчлонд ургах цэцэгс, тэнгэрт байх од “мод” гэж би худлаа ярихгүй ээ. Ямар ч байсан миний бодол, санаанаас гарахааргүй тийм л байр суурийг чи эзэлсэн. Хэдийгээр бид хоёрын зам нийлэх тавилангүй ч миний зүрхэнд эзлэх чиний байр суурь юунаас ч илүү. Зүрхэнд эгшиглэх хайрын дуу үргэлжилсээр…

Тэртээ таван жилийн өмнө хэрвээ хайрын тухай асуусан бол би юу гэж хариулах байснаа мэдэхгүй. Харин одоо бол хайрыг би дуугаар /чамаар/ төсөөлдөг. Маш уянгалаг мөртлөө хэзээ ч дуусахгүй эгшиглэх, чихээ салгаж чадахааргүй тийм л гоё дуу. Зүрхэнд хөг нэмсэн чамд би энэ гэгээн хайрын өдөр баярласнаа хэлье. Хэзээ дуусах нь үл мэдэгдэх гэгээн хайрын дууг зүрхэнд минь эгшиглүүлсэн чамдаа баярлалаа.

Truly, madly, deeply… Дуу дуусах цаг аль хэдийнэ болжээ. Гэхдээ зүрхэнд минь эгшиглэсэн гэгээн хайрын дуу дуусах яагаа ч үгүй, талдаа ч ороогүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж