Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч бүсгүй Элчин сайд болж, Унгарыг зорих нь. Зөөлөн зөөлөн дуутай чанга хатуу сайд-бүсгүй гэхээр та хэний тухай өгүүлж байгааг аль хэдийнэ гадарласан байх. “Улаан-Од” сонины сурвалжлагчаас шууд үсрээд улстөрч болж орхисон бүсгүй олны өмнө гарснаасаа хойш огт өөрчлөөгүй хэзээний л танил үсний засалт, нүдний шилтэйгээ ижил Т.Ганди бол улстөрч гэдэг ойлголтыг яв цав суулгаж орхисон. Магадгүй заримд нь эмэгтэй улстөрч гэнгүүт Т.Ганди санаанд ордог байж болох юм.

Завсаргүй арав давсан босоо аварга гэдэг шиг гурван ч удаа парламентад сонгогдож, хоёр ч яамыг толгойлж асан баялаг түүх эмэгтэй улстөрчид бүү хэл, эрэгтэй улстөрчид ч олдохооргүй том тодотгол билээ. Ер нь эмэгтэйчүүдэд халгаатай гэгддэг их улстөрд ийн цахиур хагалж яваа түүнийг сайн эрчүүдтэй л зүйрлэхээр хаттай улстөрчийн илэрхийлэл. Энд сайн эрчүүд гэж тодотгож байгааг анзаарна. Эхийн эрхт ёсны түүхэн уламжлалтай, хүчирхэг хатдын түүхтэй монголчуудын хувьд сайн эм хүнийг муухан эр хүнээс илүү гэж тодотгодог хачин “заншил” байдаг. Эр муу ч эмийн дээр энэ тэр гэсэн түүхийн шинэхэн үед илүү тодорч гарч ирсэн балай, муйхар “заншил”-уудын нэг юм даг уу. Гэвч ийм хуучинсаг бөгөөд муйхар үзэл бодлыг үгүйсгэж чаддаг цөөхөн бүсгүйн нэг нь яах аргагүй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хатагтай Т.Ганди. Магадгүй өөр улстөрч, бүр тодруулбал их улс төрийн эзэд байх ёстой гэж сайрхах дуртай эрэгтэй сайд энэ салбарыг толгойлж байсан бол өнөөдөр өдий зэрэгтэй байхгүй ч байж мэдэх. Бүсгүй хүний мяндсан ухаан, энэрэнгүй сэтгэлээр өсч өндийдөг салбар ч юм уу. 

Хатуу өрсөлдөөнтэй улс төрд хэний ч дэмжлэггүйгээр өөрийнхөөрөө хүчээр бат зогссон сайд бүсгүй маань ээлжит сонгуулийн халуухан тулааны өмнө ийнхүү өөрийнхөө гараар босгож, өндийлгөсөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албаа өгч гадаад харилцааны салбарыг сонгосонд гайхах хүмүүс бас олон гарч байгаа байх. Тэр тусмаа 21 мянгаа ч тарааж, ажилгүйдлээ ч бууруулан ам сайтай байгаа, сонгуулийн үеэр хамгийн өндөр оноо авахаар яамны сайдын суудлаа сайн дураараа өгөөд шүү дээ. Хэлэх юмтай хийсэн ажилтай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хорхой нь гозогнож яваа улстөрчдөд бол зүгээр л тэнгэрийн бэлэг гэсэн үг. Тэр тусмаа гурван жил додомдож өдийн зэрэгтэй болгосон сонгуулийн сурталчилгааны амттайхан бялуу болох яамаа орхисонд гайхах хүн олон байгаа. Басхүү аль ч тойрог дээр очсон баттай ялалт байгуулах бүсгүй улстөрчийг Элчин сайдын томилолттойгоор ирэх сонгуульд л лав нэр дэвшихгүй нь тодорхой болж байгаад баярласан өчүүхэн өрсөлдөгч нар нь ч байгаа л байх.

Харин зөөлөнд зөөлөн, хатууд хатуу, бүсгүй хүний мяндсан ухаан, эвлэг сэтгэлээр чимж, хатуу хурлыг зөөлрүүлж байдаг хуруу дарам цөөн бүсгүйнхээ нэгийг харьд үдэх нь танхимынх нь эрчүүдэд жаахан тааламжгүй л байгаа байх даа. Улс төрийн хат суусан бүсгүй Элчин сайдын албыг гялалзуулаад өгнө дөө.
Гэхдээ ямартаа ч хатагтай сайдад амжилт хүсье. 

А.Шархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж