Улирч буй парламентын ужиг болсон ухралтууд

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Улирч буй парламентын ужиг болсон ухралтууд

Чононд хонь хадгалуулав

2008-2012 оны парламентын бүрэн эрхийн хугацаа үндсэндээ дуусч байна, хэрэв энэ долоо хоногт намрын чуулганыг хаачихвал. Хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ч түүгээр нэг их олон асуудал шийдэж чадахгүй, сонгуулиа зарлаад сурталчилгаандаа орсноор өндөрлөх биз. Тиймээс ч үлдэж буй хэд хоногт алдсан цаг хугацаагаа товчлохоор УИХ-ын гишүүд ч яарч байна. Орон нутгийн сонгуулийн хууль, Шүүхийн тухай хуулиудын төслийг батлах энэ тэр гээд. Гэхдээ үүнтэйгээ зөрүүлээд /яг л хариугаа авч байгаа юм шиг/ өмнөө тавьсан бодлогоосоо алд дэлмээр ухарсан шийдлүүдийг ч энэ удаагийн парламент хийгээд амжлаа. Тэднийх нь нэг нь өнгөрсөн долоо хоногт болсон Байнгын хороодын дарга нарын томилгоо.

Урьд нь, тухайлбал 1996-2000 оны парламентын үед УИХ-ын долоон байнгын хорооны дөрөв нь цөөнх болох МАХН-д ногдож байсан юм. Ардчилсан холбоо эвсэл олонхи болж, засаг барьж байсан учраас хяналтын эрх мэдлийг цөөнхдөө өгсөн нь тэр. Эвслийн Сангийн сайд төсөв батлуулж байхад түүнийг хянаж буй Төсвийн байнгын хорооны дарга нь МАХН-ынх байх жишээтэй. Түүнийхээ ч лай ланчгийг амсч, овоо олон өдөр маргалдаж байж асуудлаа дэмжүүлдэг, зарим асуудал нь бүр ор тас унадаг байв. Харин 2000-2004 онд бол Ардчилсан нам УИХ-д хоёрхон судалтай байсан учраас юун парламентын хяналт, намын бүлэг ч байхгүй юм чинь. Одоо ирж муу хэлүүлээд байгаа Л.Гүндалай чинь харин чуулган болгоны нээлт дээр УИХ-ын даргын дэргэд плакат, лоозон энэ тэр барьж байгаад телевизийн дуранд орчихдог, олонхийн нуусан хаасан баримтыг хааяа нэг нийтэд гаргад цацчихдагтаа “парламент дотор бас нэг сөрөг нам байна” гэдгийг харуулж байсан байх шүү.

Өнгөрөгч 2004-2008 оны сонгуулийн дараа ч гэсэн Ардчилсан нам МАХН хоёр байнгын хороодоо бас л хуваан захирч байсан билээ, хоёулаа тэнцүү суудалтай байсан юм чинь арга ч үгүй. Энэ уламжлал харин энэ удаагийн парламент дээр ирээд дуусч байх шиг байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь байнгын хороодын дарга нарыг солих далимдаа МАН-ынхан Ардчилсан намаас сонгогдсон дарга нарыг нь бүгдийг нь шилгээв. Түүгээр зогсохгүй дэд хороодын дарга нараа ч гэсэн өөртөө авна лээ. Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин, Ёс зүйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хоёрыг үлдээгээд. Х.Тэмүүжин нь Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг /долдугаар сарын 1-ний хэргийн дүгнэлт/ УИХ баталтал дэд хороогоо өгөхгүй гэсэн. Харин Г.Баярсайханы хувьд яах вэ дээ, угаасаа хэзээ ч хуралддаггүй дэд хороогоор яах юм гэж МАН-ынхан голсон бололтой.

Уг нь бол Төсвийн байнгын хороог биш юм гэхэд Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоо цөөнхдөө өгөх л ёстой. МАН засгаа бариад төсвөө боловсруулаад, МАН-ын Төсвийн байнгын хороо түүнийг нь батлаад, МАН-ын Төсвийн зарлагын хяналтын хорооны дарга түүнд нь хяналт тавина гэхээр нөгөө “чононд хонь хадгалуулав” л гэдэг болж байгаа юм. Энэ бүхэн бол Ардчилсан нам Засгийн газраас гарсны хариуд МАН-ын авч байгаа “арга хэмжээ”. Цаадуул нь ч “сонгууль болох гэж байхад илүү ачаа үүрээд яах вэ” гэсэн байртай амаа хавчаад ажлаа өгнө лээ. Нэртэйгээр нь УИХ-аас ч гэсэн гаргаад чулуудчихгүй дээ, энэ 27 гишүүнийг нь. Уг нь бол хуулиар хатуу заагаагүй ч гэсэн “Салбарын яамыг аль нам толгойлж байна, түүнийг ахалсан байнгын хороог нь нөгөө намаар удирдуулдаг” жишиг өмнөх парламентуудын үед байсан юм. Тэр зарчим энэ парламентын үед “нүд аних” тавилантай байж.

Хот тосгодууд минь, баяртай…

Хоёр дахь ухралт нь мөн л өнгөрөгч долоо хоногт УИХ-аас гаргасан шийдвэр буюу Хэнтий аймгийн Дархан сумыг хоёр хуваасан явдал. Дархан сум 12000 хүн амтай, үүний 10 мянга нь Бор-Өндөр хотод, үлдсэн нь хөдөөх 20 гаруй багууддаа хуваагдаж амьдардаг. Тиймээс 10 мянган хүнтэй Бор-Өндөр хот сумын иргэдийн хуралд хоёрхон төлөөлөлтэй байхад, 2000 хүнтэй хөдөөх багууд хорин хэдэн төлөөлөгчтэй гээд хэрэлдэцгээдэг гэнэ. Наанадаж төсөв төлөвлөгөөгөө ярьсан ч гэсэн хөдөөх багууд нь хот тосгоныхоо асуудлыг чирж унагаад байдаг юм уу даа. Яг л сая 500 мянган хүнтэй Улаанбаатарын 20 гишүүн хөдөөгийн 56 депутатын хөлд чирэгдэж, хот нь утаа тортог, шороо тоосондоо дарагдаж суудагтай адил. Тиймээс Бор-Өндөрийн иргэд Засгийн газар, УИХ-тай заргалдаж, өөрсдийнхөө эрхийн асуудлыг тавьсаар байгаад Бор-Өндөрийг тусдаа сум болгож чадлаа. Ингээд нөгөө ад үзэгдээд, хөгжлөөс чангаагаад, төсөв мөнгө үрээд байдаг 335 сум маань дахиад нэгээр нэмэгдэж байгаа юм. Уг нь бол Бор-Өндөрийнхний эрх ашгийг бодвол Дархан сумын төвийг Бор-Өндөр дээр нүүлгээд ирж болох ч цаадуул нь түрүүнд гарсан гэж бааварлаад, бууриа сахиад хөдөлдөггүй юм гэсэн. Уг нь одоо УИХ дээр хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль боловсруулагдчихсан, хэзээ мөдгүй /ядахдаа дараагийн парламент үүнийг нь шүүрч авах байлгүй дээ/ хэлэлцүүлэгт орох гэж байгаа. Уг хуулийн төсөлд аймгийн төвүүдийг хуучин статусыг сэргээж хот болгох асуудал тавигдаж байгаа. Тэгвэл аймаг доторх сум болчихоод хөгжлийн төлөвлөлт, стандарт энэ тэр нь навс унаад байгаа аймгийн төвүүдийн асуудал арай нэг нааштайгаар эргэх юм. Ядахдаа л халуун ус, эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээ, зам талбай, цэцэрлэгжүүлэлтийнх нь стандартыг хүн амынх нь тоотой харьцуулаад босгоод ирнэ биз дээ. Ингэвэл 2000-аад онд манай мэргэн төр засгийн хийсэн бас нэг ухралтыг буцааж залруулах юм.

Уг нь бол муу хэлээд байдаг социализмын үед /гэхдээ энэ нь социализм сайхан байсан гэсэн үг биш шүү/ манайх 18 аймагтай, аймгийн төвүүд нь хотын статустай, дээр нь хөгжлийн тулгуур болсон гурван том хоттой байв. Эрдэнэт, Дархан, Багануур гэж. Эрдэнэтийн зэс, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай Монголын ирээдүй гэж харагдаж, ийшээ хүмүүс хошуурч байлаа. Сумын төвүүдэд найман жилийн сургуультай байхад аймгийн төвүүд нь арван жилийн боловсрол олгодог 3-5 бүрэн дунд сургуультай байх жишээтэй. Гэвч 2000-аад онд манай мэргэн парламент “Аймгийн төвүүд хотын статустай байх нь Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуулинд “Монгол Улсын засаг захиргааны нэгж нийслэл, аймаг, сум, дүүргээс бүрдэнэ” гэж байгаа биз дээ” гэж хэлээд нийслэлээс бусад бүх хотынхоо “малгайг” нь хуу татсан билээ. Дархан хот Дархан-Уул аймаг болж, хажуудаа 6-7 сум чирж явах болсон. Эрдэнэт хот Орхон аймаг болж бас нэг 2-3 сумыг нөмөртөө авсан билээ. Үр дүнд нь нөгөө сумууд нь хөгжих биш, хотууд нь навсайгаад эхэлсэн дээ. Багануур, Налайх хоёр Улаанбаатарын нэг дүүрэг болох жишээтэй.

Хачирхалтай нь 2000-аад онд УИХ-аар батлагдсан уг тогтоолыг баталсан эзэд нь одоо олдохоо больчихоод байгаа юм. Хэрэгт орж, хүн амьтанд чичлүүлнэ гэж айсан бололтой, тухайн үед УИХ-д байсан нөхдүүд “Хэдэн онд билээ дээ, хэн санаачиллаа, санахгүй байна. 2000-аад онд л юм даг” хэмээн бултаж байгаа. Гэхдээ тэр үед МАХН, одоогийн МАН эрх барьж байсан төдийгүй, УИХ-д 72 суудалтай, үнэмлэхүй олонхи байсан гэдгийг сануулчихья. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг МАН-тай дахиад л нэр холбогдож байна.

Уг нь бол тэр л үед УИХ-ын тогтоолоор аймгуудын төвүүдийг нурааж байхын оронд одоо ярьж байгаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг гаргаад баталчихсан бол хөгжилд нь арай илүү нэмэр болох байсан байх л даа. Гэтэл өнөөдөр ч гэсэн нэг амаараа “Аймгийн төвүүдэд хотын статусыг сэргээнэ, хүн амаа төвлөрүүлнэ, хөгжүүлнэ” гэж ярьчихаад нөгөө гараараа сумдаа улам жижиглээд, хот тосгоноо тийш нь аваачиж чихээд байгаа энэ хууль тогтоогчдыг яалтай ч билээ. Бодвол сонгууль ойртсон учраас Бор-Өндөрийхний уурыг дарахгүй бол ирэх сонгуулиар орон нутагт нухуулна гэж бодсон юм байлгүй. Хэрвээ УИХ иймэрхүү ухарсан шийдвэрүүдийг дөрөв дөрвөн жилийн үечлэлтэй дахин дахин гаргаад байх юм бол нөгөө бүсчилсэн хөгжил, хүн амын төвлөрөл, нийслэлийн ачааллыг бууруулах энэ тэр лөөлөө болж хоцрох юм байна л даа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж