Чанар муутай, хүртээмжгүй гэж “адлагддаг” нөөцийн махны борлуулалт, чанартай Монгол Улсын Ерөнхий сайд, нийслэлийн удирдлагуудын төлөөлөл өчигдөр танилцлаа. Эхлээд 32-ын тойрогт байрлах “Сансар” худалдааны төвд очиж, жижиглэнгийн нөөцийн махны борлуулалттай танилцахаар болсон юм. Тэднийг ирэхийг хүлээн, махыг жижиглэж, торонд хийн, зарж буй нөөцийн махны лангууны дэргэд хэсэг зогслоо. “Нэг хүнд гурван уутаас илүүг өгөхгүй” гэсэн “уриатай” махны лангууныхан амсхийх чөлөөгүй ажиллана. Тэд нэг авсан хүнээ мартдаггүй бололтой.
-Та түрүүн авсан. Бусдыгаа бод л доо гэж зандарна. “Баригдсан” залуу холоос харан, зогссон над дээр ирснээ,
-Дүү ахдаа нэг тус болооч. Нөөцийн махнаас дахиад гурван уутыг авах гэсэн юм. Чи аваад өгөөч гэх. Махны чанар сайн мэдэхгүйгээ тайлбарлавал,
-Хамаагүй. Энэ нөөцийн маханд чинь угаасаа гуяны мах байдаггүй юм. Жаахан махтайгаас нь хараад авчих гэлээ. Очоод үзвэл үнэхээр цул мах алга. Өөх, яс голдуу мах харагдлаа. Танихгүй ахын гуйлтыг биелүүлж явахдаа “Нэг хүнд гурван уутаас илүү мах өгөхгүй” гэдэг нь энэ мэтээр талаар өнгөрдөг байх даа гэж бодлоо.
Танихгүй ахын захиасыг биелүүлж байтал 12.00 цаг ч боллоо. Ерөнхий сайд ч ирлээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат "нөөцийн махны чанар сайн" гээд энэ жил мах эрэлттэй байгаагаас дэлгүүрт ирсэн мах хурдан дуусч буй тул ирэх жил үүнээс илүүг нөөцлөх шаардлага тулгараад байгааг Засгийн тэргүүнд ярилаа. Харин хажуунаас нөгөөх мах захисан ах “Шинэ мах үнэтэй байгаа болохоор л авч байгаа ш дээ” гэх нь дуулдав. Үүний дараа Чингэлтэй дүүргийн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж буй бидний хэлж заншсанаар Долоон буудалд ирлээ. 1990-ээд оны эхэн үеийн картын барааны дарааллыг санагдуулам дүр зураг энд байлаа. Иргэд мах борлуулж буй “Портер” машинуудын араас цуваа болон дарааллаж, урдуураа дайрах нэгнийг хараана. Махны төлөө жинхэнэ утгаараа “тулалдаж” байна. Дохио хангинуулан очоод, бие хамгаалагчдаараа хүрээлүүлсэн Ерөнхий сайдыг тэд анзаарах ч сөхөө алга. “Мах дууслаа” гэхэд иргэд бухимдаж буй нь харагдана.
“Хүчит шонхор” захын махны ченжүүд ихээр авч байна гэсэн “шуум” гарч байлаа. Мөн цайны газрууд ихээр худалдаж авч байгааг хэлэх хүмүүс ч байлаа. Хэрвээ энэ үнэн бол нөөцийн мах иргэддээ хүрэхгүй байж болох талтай. Таван ажилтантай цайны газар таван ширхэг гулууз мах авна гэвэл төдий хэмжээний иргэн махнаас хоцорч байгаа юм.
Удалгүй таван тоннын машинтай нөөцийн мах ирэхэд иргэд гайхсан байдлаар хүлээн авлаа. Учир нь өмнөх нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар ийм их хэмжээгээр ирж байгаагүй гэнэ. Ерөнхий сайд С.Батболд “Өнөөдөр нөөцийн махны үнэ ханш, зохион байгуулалт ер нь бодит амьдрал дээр хэрэглэгчдэд хэрхэн хүрч байгаатай танилцаж байна. Бид урьдчилан бэлдэлгүйгээр, зориуд нөөцийн мах борлуулж буй газруудтай танилцлаа. Ингэж зориудаар ирсэн нь бодит амьдрал дээр ямар байна. Цаашид юуг анхаарах ёстойг харахыг хүссэн юм. Нөөцийн махны борлуулалтын нөхцөл байдал сайн биш байна. Сав баглаа, боодол өнгөрсөн оныхоос сайжирчээ. Үнэ ханш тогтоосон ёсоор хямд байна. Харамсалтай нь, нөөцийн махны бэлтгэл ажил болон зохион байгуулалт маш муу байна. Тиймээс зохион байгуулалтыг сайжруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, Засгийн газрын ойрын хугацааны хурлаар нөөцийн махыг хэрхэн зөв зохистой иргэд хүргэх талаар ярилцан, шийдвэрлэх болно” гэдгийг онцолсон юм.