Утааг бууруулах 15 сая ам.долларын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Утааг бууруулах 15 сая ам.долларын төслийг дэмжлээ

УИХ-ын Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайд удахгүй Япон улсад айчлах гэж байгаатай холбогдуулан Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийн төсөлтөй танилцсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хоёр үе шаттай зээлийг олгож эхлээд байгаа аж. Эхний ээлжийн 110 сая ам.долларын зээлээс 90 сая ам.долларыг нь авсан, 20 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Уг зээлээр нисэх онгоцны буудал барихаар төлөвлөөд байсан ч хоёр жил гаруй хугацаанд яригдаж байгаа уг төсөл одоо болтол бодитой үр дүнд хүрээгүй байгааг УИХ-ын гишүүд шүүмжилж байлаа. Харин энэ удаа Ерөнхий сайд өөрийн биеэр тус улсад айлчилж байгаа учраас Нисэх онгоцны буудлыг дариухан бариулах ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол өгөхийг байнгын хороодын гишүүд анхаарууллаа.

Дараагийн асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах Улаанбаатар хотын “Цэвэр агаар” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн  төсөлтөй танилцлаа. Төслийн хүрээнд 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авахаар төлөвлөсөн бөгөөд зээлийн хөрөнгөөр утааг бууруулах ханын пийшин, утаагүй зуух авах, гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбох гэх мэт ажлуудыг тусгаад байгаа аж. Түүнчлэн энэ 15 сая ам.долларын төсөлд тусгагдсан ажлуудыг байнгын хороодын зарим гишүүд шүүмжилж байлаа. Тухайлбал Төсвийн байнгын хорооны дарга Р.Буд “Сүүлийн хэдэн жил утаа бууруулна гэж утаагүй түлшинд багагүй мөнгө зарлагадсан. Одоо болохоор утаагүй түлш яриад байна. Утаагүй түлш нь үр дүнгүй байсан юм бол яагаад энэ олон жил мөнгө зарсан юм бэ. Утаагүй зуух хэрэглэснээр утаагүй түлш дахин хэрэглэх эсэх нь тодорхойгүй, өмнө жилүүдэд ярьж байснаараа утаагаа хэдэн хувиар бууруулж чадах нь тодорхой бус байна” гэсэн юм. Харин нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд хэлэхдээ “МСС-гийн утаагүй зуух нь 30-35 метр квадрат талбайг халаадаг байсан. Утаагүй зуух тараах ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Харин шинээр авах утаагүй зуух нь бага түлшээр том талбайг халаах юм. Ингэснээр утааг ойрын дөрвөн жилийн хугацаанд  40-50 хувиар, агаарын бохирдлыг 30 хувиар бууруулах юм” гэлээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг жил бүр бууруулна гэж яриад байгаа ч үр дүн хараахан харагдахгүй байгаа бөгөөд орон сууцжуулах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хэлэх хүн олон байгаа. Тиймээс НЗДТГ-ын нөхдүүдийг “Орон сууцжуулах ажлаа ярихгүй өнгөрсөн жилүүдэд хийж байсан зүйлээ давтах гэж байна гэх гишүүд ч цөөнгүй байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав гэр хорооллыг орон сууцжуулсан цагт нийслэлийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой үр дүн гарна гэж байлаа. Энэ тухайд нийслэлийн Засаг даргын орлогч хэлэхдээ “УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ 2016 он гэхэд нийт 100 мянган айл орон сууц хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжих ёстой. Өнгөрсөн жил судалгаа хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 180 мянган өрх байна гэж гарсан. Энэ жилийн хувьд 200 мянгад хүрсэн. Хэрвээ нийслэлийг зорих их нүүдэл саарахгүй энэ чигээр үргэлжилсээр байвал орон сууцны хэрэгцээ мөн л нэмэгдсээр байх болно. Түүнийгээ дагаад 2016-2020 оны хооронд магадгүй дахиад “100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага үүсч болох талтайг энэ үеэр онцоллоо. Мөн түүнчлэн байнгын хорооны гишүүдийн зүгээс нийслэлийн удирдлагууд дулааны шугам, дэд бүтцийн асуудлыг шийдэх талаар огт ярихгүй байгааг санууллаа. Нийслэлийн дулааны шугам 18 км-ээс илүү халаахдаа дулаанаа алдагдаж байгаа учраас орон сууцжуулах ажлын хажуугаар дулааны шугамын асуудалд анхаарч ажиллахыг сануулснаар энэхүү төслийг баталсан юм.

Дээрхи төслийг хэлэлцсэний дараа Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Ш.Оюунчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж