Хятадад ажиллах хүчин дутагдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Хятадад ажиллах хүчин дутагдаж эхлэв

Төрөлтөд тавьсан хяналтын бодлого нь ер бусын үзэгдлийг Хятадад гаргаж эхлэв. БНХАУ-д гэнэтхэн ажиллах хүчин дутагдах боллоо. Боловсон хүчний дутагдлаас үүдэн цалин нь ч өсгөв. Иймээс АНУ-аас гаралтай компаниуд Хятад дахь үйлдвэрлэлээ хумиж байна. Харин Германы компаниудад хараахан үйлдвэрлэлээ хумиагүй байна. Цалинг 8,6 хувиар нэмнэ гэдэг бол Германы хувьд биелшгүй мөрөөдөл юм. Бээжин хотын эрх баригчид яг ийм хэмжээгээр цалингийн доод хэмжээг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх болсон юм. Бээжингийн жишгийг Хятадын эртнийд тооцогдох Шэньжэнийн эдийн засгийн онцгой бүс дагалдлаа. Тэнд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хамгийн энгийн ажлийн хөлсийг сард 1500 юань буюу 185 еврогоос доошгүй байхаар тогтоов.

Хятадад сүүлийн үед эрчимтэй өсч байгаа зайлшгүй болсон трэндийг батлаж буй шинэ жишээ нь энэ мөн. Хөдөлмөрийн нөөц ба нийгмийн хангамжийн яамны мэдээгээр зөвхөн 2011 онд цалин хөлсний нэмэлт улс орны хэмжээнд дундажаар 20 хувиар өссөн байна. Ажиллах хүчний хомсдол үүний гол шалтгааны нэг боллоо гэж Шэньжэнийн Орчин үеийн судалгааны институтын хөдөлмөрийн зах зээлийн шинжээч Лю Каймин ярьж байна. “Эдийн засгийн идэвхтэй хүн амын гол хэсгийг 2004 оноос эхлэн 1980 оноос хойш төрсөн хүмүүс бүрдүүлж байна. Хүн амын төрөлтийг барих хяналтын бодлогын улмаас ажиллах хүчин дутагдаж эхэллээ” гэж шинжээч хэлсэн байв.

Хямд ажлын хүчин ашигладаг  салбаруудад энэ нь хүндээр мэдрэгдэж эхэлсэн байна. Тиймээс бизнесмэнүүд оёдлын  болон тоглоомын үйлдвэрлэлээ Хятадаас Вьетнам, Камбож эсвэл Бангладеш руу шилжүүлэх боллоо. Хятад дэлхийн хямд ажлын хүчний орон байх цаг өнгөрч байна. Энэ нь зөвхөн ажлын хүчний хомсдолоор ч тайлбарлагдахгүй. Цалин хөлсний нэмэгдлийг БНХАУ-ын удирдлага хөхиүлэн дэмжиж байгаа юм. Үүгээр тэд нийгмийн дургүйцлийг гаргуулахгүй байх, түүгээр бас орчин үеийн нарийн технологийг нэвтрүүлэх ажиллагааг дэмжих улс төрийн хоёр үндсэн зорилгоо гүйцэлдүүлж байна.

“АНУ-д үйлдвэрлэв”- Хоёр дахь амьдрал

Хятадын хөдөлмөрийн зах зээлийн өөрч­лөлтийн улмаас АНУ-аас үйлдвэрүүдийг Хятадад шилжүүлж байсан олон жилийн урсгал зогсч байна. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард “Дахиад “АНУ-д үйлдвэрлэв” (Made in America, again) гэсэн утгатай гарчигтай судалгааны материалаа Америкийн “Boston Consulting Group” консалтингийн компани нийтлүүлсэн байна. Хойд Америкийн зах зээлд зориулагдсан бүтээгдэхүүний тухай үед зогсоосон үйлдвэрлэлээ АНУ-ын нутаг дэвсгэрт тус орны компаниуд эргүүлэн сэргээх болсон тухай уг судалгаанд өгүүлсэн байна. Хятадын үйлдвэрүүдийн цалин хөлсний нэмэгдэл нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөр зарлагаа нөхөж чадахгүй байгаагаас ийм үзэгдэл гарах боллоо гэж судалгаа харуулсан байв. АНУ-д харин цалингийн төвшин буурч хөдөлмөрийн бүтээмж өсч байна. Тэр үзэгдэл нь валютын зах зээлийн өөрчлөлт буюу юань чангарч, ам.долларын ханш бага байгаагаас улам хүчтэй болж байна.

Судалгааг хийгчдийн нэг Хал Сиркиний үзэж байгаагаар 2015 он гэхэд бараа бүтээгдэхүүний ихэнхийг үйлдвэрлэнэ гэвэл зарлага нь Хятадад Америкийнхаас дөнгөж 10 хувиар бага болсон байх гэнэ. “Үүн дээр тээврийн зардал ба хулгайлан хуулбарлах эрсдэл, барааг далайгаар авчрах гурван сарын хугацааг нэмэрлэх хэрэгтэй. Мөн үйлдвэрлэгч нь хэрэглэгчээс 8-10 мянган км-ийн цаана байгаа гэдгийг тооцвол 10 хувь юу ч биш” гэж тэрээр бичсэн байна. Нэг үгээр АНУ-аас үйлдвэрлэлийг Хятадад шилжүүлэх нь учир утгагүй болж байна.

Германы бизнес мэргэжлийн боловсон хүчинг сонгож байна

Германд иймэрхүү трэнд одоогоор ажиглаг­дахгүй байна гэж Немцийн аж үйлдвэрийн холбооны нэгдлийн (BDI) дэргэдэх Ази, Номхон далайн хорооны Александра Вальдман (Alexandra Waldmann) тэмдэглэв. Түүний яриагаар Германы үйлдвэрүүд харин Хятадад үйлдвэрлэл явуулахад хөрөнгө оруулсан хэвээр байгаа ажээ.  Үүний гол тайлбар нь германчууд эхнээсээ өндөр цалин хөлстэй гэж тооцсон өндөр технологийн бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлэх болсон байна. Тийм компаниудад зарлагаас илүүтэйгээр ажилтнуудынх нь мэргэжлийн өндөр төвшин хэрэгтэй хэмээн шинжээч онцлов. Үүний зэрэгцээ Хятадын зах зээл дээр үйлдвэрийн талбараа урт хугацаагаар ажиллуу­лахаар тооцсон жижиг дунд хэмжээний герман компаниуд ажиллаж байна. “Өндөр технологийн бүтээгдэхүүн гаргах чадвартай боловсон хүчин бэлтгэгдсэн бол үйлдвэрлэлийг шинэ газарт дахин байгуулах нь амаргүй хэрэг болно” хэмээн шинжээч Deutsche Welle агентлагт ярилүцлага өгөхдөө тэмдэглэсэн байлаа.

Ер нь бол Хятадад цалин өсч байгаа нь гадаадын компаниудад эерэг талтай. Учир нь худалдан авах чадварыг нэмэгдүүлэх учир Хятадын дотоодын зах зээлийн сонирхлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч байсан хятадууд хэрэглэгч болцгоож байна.

Тиймээс Америкийн үйлдвэрүүд эх орондоо “буцаж” байна гэдэг нь үйлдвэрлэлээ шууд хаалаа гэсэн үг биш гэдгийг “Boston Consulting Group”-ийн Хал Сиркин тэмдэглэв. Зүгээр л тэр үйлдвэрүүд нь Азийн зах зээлд бараагаа нийлүүлэх бөгөөд харин америк хэрэглэгчдийн барааг нутагт нь бэлтгэх нь ихсэнэ гэсэн үг юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж