Чимээгүй хотын шивнээ-2

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Чимээгүй хотын шивнээ-2

Нарангийн энгэр бараан байна. Хаа нэг онгорхой авс хэвтэж, тэртээгээс бараан юм хийснэ. Булшний саарал чулуу, газар хэвтэх хувхай яс, наранд ээвэр газраа хайлан сааралтсан цас… Энэ бүгд хоорондоо сүлэлдэн Нарангийн энгэрийн бараан өнгийг бүрдүүлэх аж.

Гялгар уут хийсч, өрөөсөн гутал, хайрцаг сав тэргүүтэн хөсөр хэвтэнэ. Шарилын чулуунууд халтартаж, шүршдэг будганд дарагдан, мөнх нойрссон нэгний алдар нэр нь замхарчээ. Зарим шарилын саарал чулуу тэхий дундуураа хагарч хэн гэдэг хүн нойрссоныг тааварлахын аргагүй болжээ.  Шарилын таг нь онгойж, гаднаас нь харвал араг яс нь харагдахаар болж. Тэртээд ноход хуцалдаж, тэнгэрт хар хэрээнүүд эргэлдэнэ. Эндхийн олон шарил онгойж, онгоогүй шарилынх нь чулуун дээр үхсэн амьтдын сэг, зэм харагддаг болохоор магад хоол эрж ч байж болох юм. Тэртээ доор хоёр гурван хүн үзэгдэнэ. Алсаас харвал нуруундаа том шуудай үүрсэн байх ажээ. Тэд чухам юу эрж явааг үл мэднэ. Хажууд хоёр гурван хүн хог түүж явааг харвал тэдний нэг ч байж болох. Нохдын хуцалдаан, хэрээнүүдийн гуаглах дуу, оршуулгын газраар хог эрэн бэдрэх хүмүүс гээд чимээгүй хотын амьдралыг “чимээ”-тэй болгох зүйл олон.

Олон авснууд онгорхой байх аж. Хэдийгээр бүтэн үлдсэн шарилнууд олон байх боловч тооны хувьд бага харагдана. Цементелсэн булшнууд тоногдсон нь бага боловч энд, тэндээ цоорон, хэн нэгний гутлын мөр гарсан байх аж. Тэртээ 1957 онд амьдарч асан нэгний шарил онгойжээ. Шарилын чулуун дээрх нэр нь арилсан тул ямар хүн байсныг нь үл мэдэх. Ямар ч байсан авсан дотроо хоосонгүй бололтой. Гэхдээ аль хэдийнэ хогийн сав болжээ. Гялгар уут, цаасан хайрцаг, архины хоосон шил энэ хүнтэй хамт “нойрсчихож”. Англи бичиг, архины логог харвал 1957 оны эд зүйлсүүд лав биш. Чухам хэдэн булш онгойж, энэ мэтчилэн хувь заяаг эдэлж байгааг таашгүй. Наран энгэрийн доох нь талд нэгэн шарилыг ил оршуулжээ. Гэхдээ цагаан даавуунд ороосон байх аж. Хажууд нь хадаг дэвсэн, боорцог, чихэр тэргүүтнийг шидэн доор нь маанийн үсэгтэй торго тавьжээ. Үүн шиг ил оршуулсан шарил тун цөөхөн. Шарилын даавууг харвал тавиад удаагүй байгаа бололтой. Гэхдээ доод хэсэг нь энд, тэндээ цоорсон байлаа. Магад дээгүүр эргэлдэх хар хэрээнүүд тоншсон ч байж болох юм. Зарим нь ил тавин, зарим нь цементээр таглаж, нөгөө нь онгойсон шарилууд олон байх ч газар ухаж, шороо дээрээс овоолсон шарилууд цөөнгүй. Угтаа ингэж овоолсон шарилнууд тонуулчдын гарт өртөөгүй ажээ. Заримынх нь нэрийг бичсэн модон хавтан ч харагдана. Аль хэдийнэ алга болсон шарилын чулуунуудыг бодвол энэ нь хавьгүй дээр ч юм шиг.

Тэртээ доор олон хүн овоорч, утаа савсан, лам, хуварга холхилдож байгааг харвал оршуулга болж байгаа бололтой. Үүнийг тойрон золбин нохой эргэлдэнэ. Нарангийн энгэрийн баруухан талд нуруундаа шуудай үүрсэн хүмүүс үүнийг ажиглан хэсэг зогсоно. Хэдэн цагийн турш үргэлжилсэн оршуулах ажил дуусч, хүмүүс ч гэдрэг буцав. Харин үүнийг ажиглаж зогссон хэдэн хүн оршуулгийн чулуун дээр очих ажээ. Дээр нь тавьсан тавгийн идээ, хажууд нь байх шилтэй архи тэргүүтнийг уутандаа хийнэ. Өөр чухам юу үлдсэнийг хайх мэт газар шагайн зогсч байгаа харагдав. Эргэлдэж байсан ноход ч хайсан зүйлээ олов бололтой амандаа нэгэн зүйл зуун гүйлдэнэ. Ийнхүү чимээгүй хотын шинэхэн иргэн эхнийхээ тонуулчидтай тулгарсан нь энэ. Магад хэдэн жилийн дараа онгойж, тоногдохыг үгүйсгэхгүй. Гэсэн ч…

Ирж, буцах амьдралын хэлхээ үргэлжилсээр, чимээгүй хот тэлсээр байна. Өдгөө нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 гаруй оршуулгын газар байдаг бөгөөд 1000 гаруй га талбайг эзэлж байдаг гэсэн судалгаа бий. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Нарангийн энгэрийн оршуулгийн газарт одоо гурав, дөрөвхөн жилийн нөөц үлдсэн гэх. Гэтэл жилдээ 15-16 мянган хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байдаг.

Өөд болсон хүний шарил задралын явцад олон тооны хорт бодис ялгаруулж газрын гүний ус болоод хөрсөнд нэвчдэг байна. Тухайлбал, Өтгөний савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар 40 жил, тарваган тахал 40 жилээр тус тус хөрсөнд амьдарч, халдвар тараах чадвартай хэвээр байдаг байна. Хvний биеийн задралаас мьецлъяк, фосфорт нэгдлүүд, хар тугалга, мөнгөн ус, цагаан тугалга, цайр, алт ээрэг хүнд металлын төрлийн химийн элементүүд үүсч хөрсөнд шингэдэг ажээ. Харин энэ бүх оршуулгийн газрууд ямаршуухан дүр төрх үүсгэж байгааг хэн ч үл мэдэх.

Хүмүүс ирж, буцсаар амьдрал үргэлжилж байна. Харин талийгаачдийн мөнх оршсон газарт тусгайлсан хамгаалалт гэж үгүй. Үүнээс болоод эрүүл ахуйн таагүй орчинг үүсгэчихээд байдаг. Сурвалжлагаа дуусгаад буцаж байх хооронд оршуулгийн цуваа гурав таарав. “Тэд”-нийг юу хүлээж байгааг таашгүй.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж