Хөдөлгөөнт эргүүлийнхнийг авлигын хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт эргүүлийнхнийг авлигын хэргээр шалгаж байна

Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн офицер, алба хаагчдыг авилга авсан хэргээр сэжиглэн шалгаж байгаа талаар “АЭ”-д мэдээлэл ирсэн билээ. Энэ талаар УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ахлах байцаагч н.Мөнхбатаас тодрууллаа.

-Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдыг авлигын хэргээр саатуулсан  гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар хариу өгөхгүй юу?

-Цагдаагийн алба хаагчдыг шалгаж байгаа нь үнэн.. Гэхдээ Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчдыг хорьж саатуулсан юм бол байхгүй. Харин нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, эргүүл хамгаалатын газрын дөрвөн ахлагчийг энэ хэрэгт сэжиглэн, эрүү үүсгэн шалгаж байгаа.

-Тэгэхээр Баянгол дүүргийн эрүүгийн цагдагийн тасгийн офицерүүд энэ хэрэгт холбогдсон гэдэг нь худлаа гэсэн үг үү?

-Эрүүгийн цагдаагийн алба хаагчид бусдаас их хэмжээний авлига авч цагдаагийн алба хаагчдыг баривчилсан тухай ташаа мэдээлэл. Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн алба хаагчдаас эрүүгийн хэрэгт холбогдон  шалгагдаж, баривчлагдан цагдан хоригдсон хүн байхгүй.

-Гэрт нь нэгжлэг хийхэд 30 сая төгрөг гарсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр өнгөрсөн баасан гаригт гэрт нь шалгалт хийсэн. Тодорхой хэмжээний мөнгө гарсан нь үнэн. Гэхдээ яг хэдэн төгрөг гарсан талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын нууцад хамаарна хэмээн хэлсэн юм. Хөдөлгөөнт эргүүлийн цаг­даа нар бусдаас авлига авсан байж болзошгүй тухай иргэдийн мэдээллийг ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын хэлтэс шалгаж тогтоосон ба эдгээр алба хаагчдыг ёс зүйн дутагдлаар цагдаагийн байгууллагаас халж, асуудлыг шалгуулахаар харьяаллын дагуу УЕП-ын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд материалыг шилжүүлсэн юм байна.

Харин УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагч, дэслэгч  О-д хамаарах хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд шилжиж иржээ. Дэслэгч О-ийн нөхөр болох С-нь  “Дэлхийг тойрон аялагчдын клуб” нэртэй төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан ба иргэдийг гадаадын улс оронд аялуулна, хурдан хугацаанд мөнгөтэй болгоно, Монгол орноо сурталчилна гэх зэргээр “Diamondholoday.us” хэмээх интернэт сайтад 385 ам.доллараар бүртгэж иргэдийг хохироосон гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж.

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж