Хөшигтийн хөндийн онгоцны буудлыг шийдвэрлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Хөшигтийн хөндийн онгоцны буудлыг шийдвэрлэхийг хүсэв

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах тэрбум 550 сая иен буюу 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байлаа. Зээлийн хэлэлцээрийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсад айлчлах үеэрээ үзэглэх аж. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлал хийх үеэрээ Хөшигтийн хөндийд барихаар төлөвлөсөн олон улсын нисэх онгоцны буудлыг эцсийн байдлаар тохирч ирэх ёстой. Түүнээс 20-хон сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг Ерөнхий сайд үзэглэж, УИХ түүнийг нь ярьж суумааргүй байна” гэсэн юм. Мөн энэхүү зээлийн хэлэлцээртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “20 сая ам.долларын зээлээр ямар олон ажил төлөвлөдөг юм бэ. Ядуурлыг бууруулна, Эрүүл мэндийн даатгалыг төлнө, нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулна гэх мэт 12 ажил байна. 20 сая ам,доллараар энэ их ажлыг хийх үү” гэж лавлаж байлаа. Сангийн сайд Д.Хаянхярваа болон бусад албаны хүмүүсийн тайлбараар бол Монгол Улс 2009 онд санхүү эдийн засгийн хямралтай байх үедээ түүнийг даван туулах “Стэндбай” хөтөлбөрийн хүрээнд нийт 110 сая ам.долларын зээл аваад байсан. Түүнээс одоо 20 сая ам.доллар нь үлдчихээд байгаа. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж ирсэн, тэр дагуу зарцуулагдах учиртай гэв. Эхний шатны зээлийн хэлэлцээрт заасан нөхцлүүдийг Монгол Улс хангасан учраас үлдэгдэл 20 сая ам.долларын зээлийг авахаар ийнхүү хэлэлцүүлж буй болохыг онцолсон юм.

Ингээд тус байнгын хорооноос дээрх зээлийн хэлэлцээрийг дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй, байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болж тогтов.

Г.Дарь

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж