
Нийслэлд 200 мянга орчим айл гэр хороололд амьдардаг. Энэ өвөл бүрэн шаталттай зуух 50 мянгыг тараажээ. Энэ жил дахин 70 мянган айлын зуухыг солих бөгөөд гэр хорооллын нэг айл нэгээс гурван яндантай байдаг аж. Утаатай тэмцэхэд 2011 онд 30 тэрбум төгрөг зарцуулсан, энэ онд 40-өөд тэрбум төгрөг зарцуулахаар болсныг Д.Ганболд дарга танилцуулав. Салхитай өдөр нийслэлийн агаар харьцангуй тунгалаг болж байгааг өнгөрсөн долоо хоногийн хэдэн өдөр харуулсан гэж байлаа. Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүд дэмжив.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Сангийн сайд Д.Хаянхярваагийн танилцуулснаар зээлийн хэлэлцээрийн хүрээнд нэг тэрбум 550 сая иений зээлийг 0,8 хувийн хүүтэйгээр авах бөгөөд зээл буцаан төлөх хугацаа 20 жил аж. Энэ зээлийг төсвийн алдагдлыг нөхөх, шаардлагатай зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
Зээлийн нөхцөл бага зэрэг хатуурсан нь Монгол Улсын ДНБ-ний хэмжээ өссөн, “Стэнд бай” хөтөлбөр дууссантай холбоотой аж. Иений ханш түүхэнд байгаагүйгээр чангарсан. Суларсан үед нь зээл авах нь эргэн төлөлтөд эерэгээр нөлөөлнө гэж Сангийн яамны ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүд дэмжив.