“Сансар-32” дэлгүүрийн нөөцийн махыг худалдаалж буй орчны хувьд цэвэр байсан бөгөөд махны хүртээмж боломжийн харагдсан. Харин нэг хүнд 2-3 уутаас илүүгүй мах худалдаалж байгааг зарим худалдан авагчид шүүмжилж байв. Ерөнхий сайд иргэдээс махны хүртээмж ямар байгааг сонирхоход “Өмнөх жилтэй харьцуулахад чанар болон савлалт сайжирсан ч хүртээмжийн хувьд дутагдалтай байна” нийтлэг саналуудыг хэлж байлаа.
“Сансар-32” дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийн хамт Долоон буудлын автобусны буудлын дэргэдэх нөөцийн махны өргөтгөсөн худалдаан дээр очлоо. Энд нөөцийн махны худалдаа маш эмх замбараагүй, зохион байгуулалтгүй байсныг онцолж болно. Машинаар ачиж авчирсан махыг худалдах цэгт буулгах даруйд бараг тэр дороо дуусах аж. “Танил талдаа мах өгч байна, хангалттай хэмжээгээр авчирч зарахгүй байна, Махны ченжүүд бөөнөөр нь авчихаад дамлаж байна, машин ирэхэд тэнд цөөхөн тооны гулууз л байдаг, өглөө ирж дугаар авсан ч одоо болтол мах авч чадаагүй байна” гэхчлэн бухимдсан хүмүүс олон байлаа. Нөөцийн махтай холбоотой гарч байгаа бухимдлууд ийм өргөтгөсөн худалдаа хийж байгаа газарт голдуу гарч байгаа бололтой. Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа ийм хямд өртөгтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байх нь мэдээж. Долоон буудал дахь өргөтгөсөн худалдаанаас харж байхад махны хангамж байгаа хэдий ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруухан байгаатай холбоотой гэсэн дүгнэлтийг Ерөнхий сайд хийнэ лээ.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2012 оны хавар, зуны улирлын махны нөөцийг дахин нэмж бүрдүүлэх, эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хангамж нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж иргэдийн бухимдлыг арилгахыг Улаанбаатар хотын удирдлагуудад Ерөнхий сайд анхааруулаад, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулах үүргийг өнөөдөр өгсөн юм. Монгол Улс 44 сая гаруй толгой малтай. Хүнсний хэрэгцээнд жилд найман сая орчим толгой мал буюу 230-250 мянган тонн мах бэлтгэдэг. Бэлтгэж нийлүүлэх махны хэмжээ энэ жил өссөн хэдий ч иргэдийн хэрэгцээг бүрэн хангахгүй байгаа нь экспортонд, ялангуяа урд хөрш рүү нууцаар гаргаж байгаатай холбоотой гэсэн мэдээллийг нягталж, хяналт тавьж ажиллахыг тагнуул, цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын газрынханд үүрэг болгосон гэдгээ Ерөнхий сайд энэ үеэр онцлон тэмдэглэв.
Нийслэлд худалдаалж буй махны үнэ ханш малчны хотхоныхоос даруй гурав дахин өндөр байгаа нь энэ салбарт ченжүүдийн “ноёрхол“ байсаар байгааг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, энэ далд үйлдлийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авах болно гэдгээ хэллээ. Энэ үеэр хөндөгдсөн бас нэг асуудал бол махны төрөлжсөн зах ажиллуулах тухай байлаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Эмээлт” зэрэг хотоос зайдуу газар ийм зах ажиллуулах нь зохимжгүй, иймд иргэдэд ойрхон байхаар газрын асуудлыг шийдэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгохын зэрэгцэээ нэг удаагийн махны эргэлтийн сангийн хөрөнгийн асуудлыг шийдэж асуудлыг танилцуулахыг салбарын яаманд даалгасан юм.
Ямартай ч сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед ард иргэдийн махны хэрэгцээг хангахын тулд нөөцийн махыг гулуузаар болон жижиглэнгээр худалдаалаад бүтэн сарын хугацаа өнгөрөөд байна. Ингэхдээ нөөцийн махыг хороо бүрт 2-3 дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд одоогийн байдлаар 12 мянган тонн махнаас 24,3 хувийг нь борлуулж дууссан гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас нийслэлийн бүх дүүргийг хамарсан 293 цэгт худалдаалж буй нөөцийн махны өргөтгөсөн худалдааг төлөвлөснөөр бол ирэх зургадугаар сарыг хүртэл үргэлжлүүлэх юм.
НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ:
Үхрийн мах: 3700 төгрөг
Хонины мах: 3200 төгрөг
Ямааны мах 2600 төгрөг