Элчингүүдийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Элчингүүдийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая Монгол Улсаас гадаадын зарим оронд суух Элчин сайд нарыг томилох, бүрэн эрхийн хугацаа дууссан элчингүүдийг эгүүлэн татах тухай асуудал хэлэлцлээ.

Элчин сайдад нэр дэвшигчдийг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм. Элчин сайдад нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газорын дарга Д.Баттулга танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Ч.Баттөмөрийг Монгол Улсаас Тайландад, А.Ганбаатарыг Польшид, Т.Гандиг Унгарт, М.Ганболдыг БНАСАУ-д, Ш.Одонбаатарыг Италид, Б.Одонжилийг Арабын Бүгд Найрамдах Египет улсад, Д.Энхбатыг БН социалист Вьетнам улсад суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ.

Мөн Л.Дашпүрэвийг Тайландад суугааЭлчин сайдаас, Ц.Жамбалдоржийг Австралид суугаа, О.Дамбийнямыг Польшид суугаа, О.Эрдэнэчимэгийг Унгарт суугаа, Д.Баярхүүг Египетэд суугаа, П.Сүндэвийг Вьетнамд суугаа Элчин сайдаас тус тус эгүүлэн татахыг дэмжив. Б.Хүрэлбаатарыг БНАСАУ-д суугаа Элчин сайдаас мөн эгүүлэн татах нь зүйтэй гэлээ. Тэрбээр Японд суух Элчин сайдаар өмнө нь томилогдсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Р.Гончигдорж, Н.Энхболд нар гадаад бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлж ажиллахыг элчин сайдад нэр дэвшигчдэд захилаа. Зарим Элчин сайд хугацаа дуусахаас өмнө сайн дураараа эргэж ирдгийг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Элчин сайдад нэр дэвшигчдийг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж