15 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

15 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар  Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 15 сая ам.долларыг 25 жилийн хугацаатай,  жилийн 1.25 хувийн хүүтэйгээр авах аж. Энэ нь хөнгөлөлттэй зээлд хамаарна. Түүгээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх болж буй юм. Ингэхдээ Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй утаагүй зуух төсөл дууссаны дараагаар дээрх төслийг хэрэгжүүлэх юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Буд “Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр утаагүй зуух төсөл хэрэгжиж байна. Одоо тэгтэл араас нь дахиад зуух төсөл хэрэгжүүлэх болж байдаг, шахааны бизнес хийх гээд байна уу, үгүй юу. Зуух авч чадахгүй өрхийг яах вэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зуух төслийг хэрэгжүүлж байна. Үр дүн гарч байна уу” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдын тайлбарласнаар Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа утаагүй зуух төсөл нь 2-3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Ерөнхийдөө 30-35 м квадрат талбай бүхий амины орон сууц, гэрийг халаах зориулалттай зуухнууд нийлүүлэгддэг. Харин одоо хэлэлцэж буй ерөнхий хэлэлцээрийн хүрээнд усан зуух төсөл хэрэгжүүлэх гэнэ. Ойрын дөрвөн жилийн хугацаанд утаагүй зуух төсөл хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлын хэмжээ 80-90 хувиар буурна гэсэн мэдээллийг өглөө.

Мөн хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Загджав гэр хорооллыг орон сууцжуулсан цагт нийслэлийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой үр дүн гаргана гэж байлаа. Энэ тухайд нийслэлийн Засаг даргын орлогч хэлэхдээ УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ 2016 он гэхэд нийт 100 мянган айл орон сууц хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжих ёстой. Өнгөрсөн жил судалгаа хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 180 мянган өрх байна гэж гарч байсан. Энэ жилийн хувьд 200 мянгад хүрсэн. Хэрвээ нийслэлийг зорих их нүүдэл саарахгүй энэ чигээр үргэлжилсээр байвал орон сууцны хэрэгцээ мөн л гарч ирсээр байх болно. Түүнийгээ дагаад 2016-2020 оны хооронд магадгүй дахиад “100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага үүсч болох талтайг энэ үеэр онцоллоо.

Ингээд хуралдаанд оролцогч гишүүдийн саналыг сонсч, улмаар санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх нь Монгол Улсын Засгийн газар  Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Одоо тус хамтарсан байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж