“Иргэд дэмжлэг авдаг тогтолцоог цогцлоох ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Иргэд дэмжлэг авдаг тогтолцоог цогцлоох ёстой”

2011 онд Баянхонгор аймагт шинээр 2000 шахам ажлын байр бий болсон. Үүнийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн  хүрээнд гарсан амжилтын нэгээхэн  хэсэг гэж үзэж болох уу?

-Нийгэмд хамгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдэл, ядуурал. Энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Бид өмнөө тавьсан зорилтоо давуулан биелүүлж 72 мянга гаруй  хүнийг шинээр байнгын ажлын байртай болгож чадлаа.

Аймаг, орон нутгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж Засгийн газрын зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Баянхонгор аймаг 2000 шахам ажлын байр бий болгосон. Энэ хэрээр олон айл өрхийн орлого тодорхой хэмжээгээр дээшилж, ахуй амьдралд нь тус дэм болсон нь лавтай. Цаашид энэ эрчээ алдалгүй аль болох олон хүнийг байнгын ажлын байртай болгох нь чухал байна.

Бид өнгөрсөн онд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум, сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн нь ихээхэн тус дэм боллоо. Үр дүнд нь олон жижиг үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес бий болж ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оныхоос буурах төлөвтэй байна. Дүгнэж хэлэхэд 2011 он бүхэлдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын зорилтыг тоо, чанарын хувьд амжилттай биелүүлсэн бүтээлч он болсон.

-Энэ жил бага орлоготой өрхийг дэмжихэд онцгойлон анхаарахаар шийдвэрлэсэн. Аливаа том ажилд гол санаа, гарах үр дүн чухал л даа. Таныхаар бол энэ жилийн гол  үр дүн юу байх вэ?

-Энэ жилийн хувьд өнгөрсөн оны амжилтаа бататгах зорилгоор бага орлоготой өрхийг дэмжихэд онцгой анхаарахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Шинэ оны дараахан буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар энэ тухай хэлэлцэн 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, хэрэгжүүлэх хөтөлбөр, энэ ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Хөтөлбөр 2012-2015 онд хэрэгжинэ. Энэ хөтөлбөрт манай улсын нийт өрхийн 15-аас доошгүй хувь буюу хамгийн бага хэрэглээтэй 130 мянган өрхийг эхний ээлжинд хамруулах юм. Хөтөлбөрийн дүнд дээрх өрхийн 20-иос доошгүй хувийг ядуурлаас гаргана гэж тооцоолж байна. Бид бага орлоготой өрхөө дундаж хэмжээнд хүргэж, дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Товчхоноор хэлбэл амьжиргаагаа дээшлүүлэх, амьдралаа өөд нь татахын төлөө санаачилгатайгаар зүтгэж буй өрх, иргэн бүрийн хичээл зүтгэлийг урамшуулах бодлогыг хэрэжүүлнэ л гэсэн үг. Иргэд маань хэдий чинээ хичээнэ, төдий чинээ дэмжлэг авдаг тогтолцоог цогцлоох ёстой. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг цэцэн үг биш үнэн үг болох цаг ирж байна.

-Шууд баримталж байгаа хэдэн гол зарчмаа яриад явчих уу?

-Зорилтот жилийн үйл ажиллагааны гол цөм нь иргэдийн идэвх санаачлагатай ажиллах, амьжиргаагаа өөд нь татах амьдралын арга хэлбэрийг илүүтэй урамшуулахад түлхүү анхаарах зарчим юм. Гурван жилийн дотор манай гэр бүл ядуурлаас ингэж гарч, ийм түвшинд хүрсэн байна гэсэн төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй байна. Хүний хамгийн том баялаг бол хөдөлмөрлөх чадвар гэж мэргэд хэлсэн байдгийг хүн бүр бодууштай.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар шинэ оны ажлын эхний өдөр Хэнтий аймагт ажилласан маань 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах гэж байсантай холбоотой. Тэр үеэр Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, санаа бодлыг нь сонссон.

Төр, засгаас жаахан дэмжээд өгөхөд амьдралаа аваад явчихна гэсэн бодолтой, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа хүн олон байна. Бас бидний цаашдын ажилдаа тусгах шаардлагатай байгаа олон санааг тэд хэлж байсан. Энэ бүхнийг төр, засаг анхааралтай судалж хэрэгжүүлэх болно.

-Тодруулбал?

-Олон зоримог санал, санаачилга тусгасан. Тухайлбал чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх бодлогыг тавина. Татварын ийм тогтолцоо нь шударга ёсыг үгээр бус үйлдлээр тогтоох юм. Иргэд, жижиг үйлдвэрлэгчдэд  барьцаа хөрөнгөгүйн зовлон,  хүүгийн дарамт багагүй байна. Эдгээр бэрхшээлийг нимгэлэх зээлийн шинэ бодлого баримтлана. Ингэж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгох эрх зүйн орчин, хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх юм.

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг зохион байгуулахдаа зөвхөн төр, засаг гэлтгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн салбар хороодтой хамтарч, иргэдийн оролцоонд тулгуурлан явуулах нь илүү үр дүнтэй гэдэг нь туршлагаас харагдсан. Ингэхдээ дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус, тухайн өрхийн хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг байнгын ажилтай болгож, амьжиргааны эх үүсвэртэй болгох нь чухал. Өнгөрсөн жил орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжсэн, хичнээн хүнийг ажилтай болгов гэдгээр хэмжигдэж байсан бол энэ жил өрх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хийсэн арга хэмжээ, үр дүнгээр үнэлэх болно. Энэ оны эцэст бид өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, олон өрх айлыг ядуурлаас гаргаж, ахуй амьдралыг нь өөд нь татсан байх нь лавтай. Үүний төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.
 
-Цалин тэтгэврийг нэмэхтэй холбогдсон хүлээлт бий болчихсон. Амласан 53 хувийн нэмэгдэл хэзээ биелэлээ олох вэ?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай асуудлыг Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барьж батлуулсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр  Хоёрдугаар сарын нэгэн болон Тавдугаар сарын нэгнээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсний дагуу бид  энэ оны төсөвт тодотгол хийн, цалин нэмэх  саналаа УИХ-д өргөн барьсан. Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг энэ онд 53 хувиар буюу төрийн албан хаагчдын дундаж цалинг 200.0 мянган төгрөгөөр нэмж 600.0 мянган төгрөгт хүргэнэ.

Гэхдээ цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа. Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд 80000 төгрөгөөр, дараагийн ээлжинд 23  хувиар нэмэхээр тооцоолоод байгаа. Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ. Цалингаас гадна тэтгэврийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс 2 дахин өсгөхөөр төлөвлөсөн байгаа.

-Цаашдаа цалинг нэмэх үү?

-Цалинг нэмэх ёстой. Ер нь  мон­гол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх  ёстой гэж би боддог. Төр цаашдаа монгол хүнийхээ үнэлэмжийг нэмэх, цалинг нэмэх асуудлыг тууштай авч үзнэ. Дэлхийн банк валютын сангаас Монголын эдийн засгийн өсөлтийн боломжийг ирэх 10 жилд дэлхийд хамгийн хурд­тай өсөх тооцоонд оруулчихсан байна билээ. 

-Шатахууны үнийн өсөлт ард иргэдийг “цочроолоо”. Орон нутагт үнийн өсөлтийн зэрэгцээ хомсдол үүссэн сум ч байна. Энэ асуудлын боломжит шийдэл нь юу байх бол?

-Бензин шатахууны үнэ өсч нийгэмд их бухимдал үүсгэлээ. Ер нь үнийн хөөрөгдөл бухимдал төрүүлснээс гадна буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлагыг ч дагуулж байна. Шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсөх тооцоо байтал импортлогч аж ахуйн нэгжүүд 260 хүртэл төгрөгөөр нэмсэн байсан. Засгийн газар асуудлыг шуурхай шийдэх үүднээс аж ахуйн нэгжүүд үнээ үндэслэлгүй нэмсэн эсэхийг нь холбогдох байгууллагаар шалгууллаа. Үнийг харилцан тохиролцож нэмсэн гэсэн дүгнэлт гарсан учир үүнийг үндэслэн Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарт хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөллөө. Бас Өрсөлдөөний тухай хуулийн дагуу импортлогч аж ахуйн нэгжүүдэд тодорхой хувиар торгууль ногдуулах ёстой гэж үзсэн.

Засгийн газар саяхан хуралдаж, “Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах Зөвлөл” байгуулсан. Энэ Зөвлөл эхний ээлжинд үнийн өсөлтөөс иргэдийнхээ амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган боловсронгуй болгоход ажлаа чиглүүлэх ёстой.

-Үнийн өсөлтөөс гадна  хомсдол бий болох бэрхшээл тулгардаг. Манай улс энэ зовлонгоос хэзээ  салах вэ? Шатахууны хамаарлаас гарах гарцыг яаж тооцоолж байна?

– Бензин шатахууны нийлүүлэлт, хангамжийн доголдлоос сэргийлэхийн тулд бид дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь чухал. Үүнийг УИХ-аар хэлэлцэн Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн. Хэрэгжүүлэх арга хэмжээг судалж байна.

Нэгд, өөрийн үндэсний үйлдвэртэй болъё. Хоёрдахь нь бол бид нэг нийлүүлэгчээс хамааралтай байдаг энэ хамаарлаа багасгана. Үүнийг өмнө нь зөндөө ярьж байсан. Гэхдээ хэзээ ч тогтвортой тууштай авч хэрэгжүүлж байгаагүй. Бид хоёрдогч эх үүсвэр, гуравдагч эх үүсвэрээс нефть авах  урт хугацааны гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Цаг үеийн асуудлаа л шийдэж байсан. Одоо бол бид тогтвортой урт хугацааны гэрээ хийх асуудлыг нэгдүгээрт тавь гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэгнээс нь авч байгаад дуусангуут нь мориндоо мордоод хажуу талын айл руу дав­хидаг байж болохгүй ш дээ.

Бид газрын тосны нөөцийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахын тулд  Улаанбаатар, Дархан, Чойрт бүтээгдэхүүн хадгалах агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ер нь Засгийн газраас шуурхай арга хэмжээ авсны дүнд үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан гэдгийг хэлье. Ялангуяа ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларч байна. Цаашид ч улам сулрах төлөвтэй байгаа тухай манай мэргэжлийн байгууллага надад мэдээлэл өгсөн. Ам.долларын ханшийг дагаад бензин шатахууны үнэ буурч, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гарахгүй байх боломж бий. Ийм боломжийг бий болгохын төлөө Засгийн газар тууштай арга хэмжээ авах болно.

-Орон нутагт эрх мэдэл өгөх тухай яригддаг ч төдийлөн бодитой алхам хийгдэхгүй байна. Энэ тал дээр дуулгах сайхан мэдээ танд бий юу?

-Хот руу шилжих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа гэж ярьж байгаа ч сүүлийн үед хөдөө орон нутгаар явж байхад тэр хөдөлгөөн татарч байгаа нь анзаарагдсан. Төвлөрөл саарна гэдэг нь орон нутгийн хөгжилд сайнаар нөлөөлөх юм. Тэгэхээр  орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлогыг төр гаргах ёстой. Орон нутагт төсвийн эрх мэдэл өгөх тухай хүн бүр олон жил ярьсан ч хэрэгжихгүй өнөөг хүрсэн. Эрх мэдэл байхгүйгээс болж орон нутгийн удирдлагууд иргэддээ тэр бүр туслаж байх боломж ч хомс байлаа. Тухайлбал гэр нь шатсан иргэн Засаг даргадаа учир байдлаа хэлээд ороод ирэхэд гэр цохоод өгөх боломж муу. Үүнээс болж орон нутагт төрийн эрх барьдаг нам, удирдах албан тушаалтаны нэр хүнд унадаг гэх яриа бий. Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн эрх мэдлийг нь өгөх талаар санаачлагатай ажиллаж шийдүүлж чадлаа.

-Гэхдээ “чамлах” хүмүүс цөөнгүй байна?

-Засаг захиргааны эрх мэдлийг нь, төсвийн эрх мэдлийг нь, эдийн засгийн эрх мэдлийг нь орон нутагт шилжүүлэх тухай яриа болов уу? Эрхийг нь өгөөгүй байж үүрэг шаардах хэцүү. Тийм ч учраас орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлогыг төр гаргах ёстой гэдэг үүднээс Төсвийн шинэ хуулийг УИХ-аар батлуулсан.

Орон нутагт эрх мэдэл өгөх, төсвийн гүйцэтгэлийг хангах, бидний ярьдагаар тендерийн хууль болох төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг бүхэлд нь шинэчилсэн. Ингэснээр орон нутагт бүх төрлийн худалдан авах болон ажил үйлчилгээний эрх мэдэл шилжиж байна. Төсвийн хуулийн дагуу орон нутаг бүрэн биеэ дааж байгаа. Төсвөөс өгдөг татаас шилжүүлгийг дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлттэйгээр өгснөөр орон нутаг бие дааж ажиллах бололцоо, нөхцөлөөр хангагдсан нь маш том шинэчлэл.

Орон нутаг төсвийн эрх мэдэлтэй болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалтын олон ажил өрнөн, энэ хэрээр тухайн орон нутгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Гагцхүү нутгийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагууд төсвийн бүрэн бие даасан байдлаа ашиглаж, иргэдийнхөө төлөө, нутаг орны хөгжлийн төлөө үр дүнтэй олон ажил хийж, хэрэгжүүлэх нь чухал байна. Гэхдээ эрх мэдлийг хяналт дагалдаж байх ёстой. Иймээс иргэд маань  төсвийн хөрөнгө юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж, хамтран ажиллаж байхыг хүсье.

-Хоёр жилийн өмнө Та, Баянхонгор аймагт ажиллахдаа “Тос даасан Хонгор нутаг тоос боссон, хоосон зэлүүд газар болох аюул ойрхон байна” гэж анхааруулсан. Байгаль орчноо хайрлаж хамгаалах, баялгийг зүй зохистой ашиглах асуудал анхаарлын төвд байна?

-Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн салбараа түшиж хөгжих нь зайлшгүй. Гэхдээ үүний зэрэгцээ байгалиа нөхөн сэргээх чиглэлээр онцгой анхаарч байх ёстой. Би өмнө нь танай сайхан нутагт ажиллаж байхдаа энэ талаар сануулж, тос даасан Хонгор нутаг тоос боссон зэлүүд газар болох вий гэж хэлж байсан. Одоо ч үүнийгээ давтаж хэлмээр байна.

Баянхонгор аймагт байгалийн баялаг ихтэй орд газар цөөнгүй бий. Эдгээр ордоо түшиглэн, байгаль орчинд хор хөнөөл багатайгаар ашиглаж чадвал орон нутгийн хөгжилд ихээхэн тус нэмэр болох нь дамжиггүй. Энэ чиглэлээр аймаг, орон нутаг, аж ахуйн нэгжүүд идэвх санаачлагатай хамтран ажиллаж байгаа гэдэгт найдаж байна.

Олны дунд Урт нэртэй гэгддэг хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газраас усны урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сангийн хамгаалалтын бүс дэх алтны шороон ордын үйл ажиллагааг бүрэн зогсоож, байгаль орчинд үзүүлсэн хохирлыг бүрэн тооцуулж гаргалаа. Энэ чиглэлээр дараа дараагийн шатанд хийхээр төлөвлөсөн ажил олон бий. 

Энэ онд байгаль орчны бохирдлыг багасгахын тулд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр иргэдийн зүгээс тавих хяналт, шаардлага чухал гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Ерөнхий сайдын хувьд хол салбар гэж байхгүй болов уу. Орон нутаг, тэр дундаа Баянхонгор аймаг хөгжлийн зөв гольдролд хэр ойртож байгаа бол?

-Манай Засгийн газар хөгжлийг хөдөөд гэсэн зорилт тавьж зөвхөн орон нутгийг хөгжүүлэх, ялангуяа бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Баянхонгор аймгийн хувьд гэвэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд "Хонгор -1000" орон сууцны  хороолол барих төсөл хийж хэрэгжүүлж байгаа. Би өмнө нь танай аймагт албан томилолтоор ажиллах үедээ энэ хорооллын шавыг нь тавьж байсан. Надад өгсөн мэдээллээр 2011 онд энэ хороололд  64 айлын орон сууц баригдаж, аймгийн төвд хувийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн  инженерийн шугам сүлжээнд холбогдсон  299 айлын 18 орон сууц ашиглалтад орсон байна.   

Аймаг хэр зэрэг хөгжиж байгаа тухай хэлэхийн тулд зарим нэг албан ёсны тоо хэлэх нь зүйтэй байх. Баянхонгорын  төвд нутгийн бизнес эрхлэгчдийн хөрөнгөөр 500 гаруй ажлын байртай “Баруун бүсийн худалдааны төв”-ийг ашиглалтанд оруулсан. Улсын хөрөнгө оруулалтаар аймгийн төвд “Номын өргөө, хүүхэд залуучуудын төв”, 50 ортой төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэг, 640  хүүхдийн суудалтай 4-р сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг зэрэг олон ажлыг нэрлэж болно. Ер нь бол хөрөнгө оруулалт 2009 оныхоос 2012 онд 136 дахин өссөн байна. Энэ бол Хонгор нутгийн хөгжлийн түвшинг харуулах бодит илэрхийлэл. Улс орны маань хөгжил дараа­гийн том үе шат руугаа орж байна. Хот хөдөөгүй  шинэ бүтээн байгуулалтын ажил өрнөж байна шүү дээ.

-Монгол улсын Ерөнхий сайдад Баянхонгорын бүтээн байгуулалтын талаар өөр ямар мэдээ байна вэ? Заримаас нь нэрлэж болох уу?

-Нар, салхины эх үүсвэрээр цахилгаанаар хангагддаг ч энэ нь байсхийгээд доголддог говийн гурван суманд Засгийн газраас 2011 оны 3-8 дугаар сарын хооронд 75,5 сая төгрөгийн түлшний үнийн хөнгөлөлт үзүүлж,  2012 онд улсын төсвөөс 120,0 сая төгрөгийн хөнгөлөлт батлагдсан. Энэ нь Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр сумдын иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон дэмжлэг байлаа.

Аймгийн төв доторх хатуу хучилттай болон явган хүний замыг өргөжүүлж улсын төсөв болон замын сангийн хөрөнгөөр 740,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 км авто зам 2,5 км явган хүний зам тавьж ашиглалтад оруулсан байна. “Гурван бүсийн цогцолбор”, “Усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн”-г ашиглалтад оруулсан нь ард иргэдийн талархал хүлээсэн сэтгэлд нийцсэн, бүтээн байгуулалтын олон ажил хийж гүйцэтгэсэн байна. Аймагт сүүлийн гурван жилд жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийтдээ 266 төсөлд 2946,8 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж 320 гаруй ажлын байр шинээр бий болсон гэсэн албан ёсны тоо гарсан байгаа. 

Бөмбөгөр-Заг сумдын 35 кв-ын 2,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий эрчим хүчний байнгын эх үүсвэрээр хангах цахилгаан эрчим хүчний шугам сүлжээ, дэд станц, Жаргалант сумын 10 кв-ын цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг ашиглалтад орсон байгаа.  Бууцагаан-Хүрээ марал сумын 43 км , Хүрээмарал-Баянбулаг сумын  52 км 15 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт шинээр барьж  ашиглалтад оруулсан, 2011 онд аймгийн төвд 110/06/35 квт дэд станц ашиглалтанд орж эрчим хүчний хангамж сайжирсан гээд олон зүйлийг бид өнгөрсөн гурван жилд хамтдаа хийж амжуулжээ.

-Та манай сэтгүүлийн уншигчид болон Хонгорчуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Хонгор нутагт асар их дотоод нөөц баялаг байна. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэ­рийг хөгжүүлэх суурь байна. Хамгийн чухал нь боловсролтой, идэвхтэй бү­тээлч сэтгэлгээтэй ард түмэн байна. Орон нутгийн удирдлагууд нь зөв залаад, энэ сэтгэл­гээг нь өрнүүлэх асуудал  л чухал. Мэдээж зөв­хөн   төр,  засаг ч  биш хэвлэл мэдээ­лэл  үүнийг хамт  хийх ёстой. Тэгвэл хүмүүс нь бүтээгч, үйлдвэрлэгч болж  хөгжлийн тэргүүлэх түвшинд хүрэх болно гэж итгэж байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж