Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд нэн хүчтэй шороон шуурга дөрвөн цаг гаруй үргэлжлэн шуурснаар иргэд, байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна. Нийтдээ 19 айлын гэр унаж, 28 машины шил хагарч, таван албан байгууллагын 41 цонх хагарч, 28 барилгын дээвэр хуурсан байна. Мөн 60 гаруй хашаа, гэрлийн шонгийн мод унаж, зургаан айлын нарны гэрэлтүүлгийн толь хагарсан гэнэ. Сумын цаг уурын ажиглах станц салхины хурдыг 20 м/сек-ээс дээшихийг хэмжиж чаддаггүй юм байна. Аймгийн ОБХ-ээс шуурхай ажлын хэсэг гарч шуурга болсон газрын нөхцөл байдалтай танилцан үнэлгээ дүгнэлт гаргах, хохирлын хэмжээг тогтоох ажлыг хийж байна хэмээн “Монцамэ” агентлаг мэдээллээ.