Сонгууль зэрэг явуулах хуулийг одоогийнхоос олон нам баталсан

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Сонгууль зэрэг явуулах хуулийг одоогийнхоос олон нам баталсан

УИХ-ын намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-ын сонгуулийн хуультай зэрэгцүүлээд шинэчилсэн бол, бас АН хамтарсан Засгийн газарт байх үед хоёр нам тохиролцсон ёсоороо цалин тэтгэврийн нэмэгдлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бол, Тавантолгойн асуудлыг хамтарсан засагтай байхдаа шийдсэн бол намрын чуулган өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр өндөрлөх ёстой байв.

Гэвч эдгээр асуудлыг шийдэж амжаагүйгээс намрын чуулган маргааш бүү хэл нөгөөдөр өндөрлөх үү, үгүй юү гэдэг дээрээ тулаад байна. Эдгээрээс хамгийн маргаантай байгаа нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн УИХ, орон нутгийн сонгуулийг салгаж, орон нутгийн Хурлын сонгуулийг урьд өмнөхийн адил аравдугаар сард хийхгүй бол бүтэхгүй хэмээн түмэн шалтаг тоочиж сууна. Харин АН-ын бүлгийнхэн намрын чуулганы завсарлах хугацааг сунгаж байгаад ч болов хоёр сонгуулийг хамт явуулах хувилбараар хуулийг баталъя гэж буй. Уг нь 2008 онд хоёр сонгуулийг зэрэг явуулах хууль баталж, тэр нь 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тул Орон нутгийн сонгуулийн хуулийг баталж чадахгүй ч тэр хуулийг бариад явахад буруудах зүйлгүй. Тэр хуулийг өмнөх УИХ-аар АН, тухайн үеийн МАХН, Эх орон, ҮШН, Ард түмний нам, ИЗН, БНН гээд жинхэнэ олон намын бүрэлдэхүүнтэй парламентаар баталсан тул парламентаас гадуурх намууд ч хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй. Одоогийн гуравхан намтай парламент бус хамаагүй олон намын төлөөлөлтэй УИХ тэр хуулийг баталсан юм.

Хуучин цагийн юм бүрийг муучлах биш, авууштай зүйл ч байсан нь Ардын Их Хурал, орон нутгийн Хурлын сонгуулийг нэгэн зэрэг явуулдаг байсан явдал. Хэдийгээр нэр дэвшигчийг дээрээс тулгаад өгчихдөг, өрсөлдөгч байхгүй, сонгогч нэр дэвшигчдийн нэртэй хуудсыг нугалж сонгуулийн хайрцагт хийх төдий үүрэгтэй байсан ч сонгууль л бол сонгууль. Нэг зэрэг явуулж болоод л байсан. Тэр үед МАН-ынхны одоо яриад байгаа шиг хүний эрх зөрчлөө гэх асуудал гарч байгаагүй. Ардын Ир Хурлын депутат болоогүй нөхөр аймаг, хотын депутат болно гэж зүтгэдэггүй байж.

Тэр жишгээр АН-ын өргөн барьсан төслийн дагуу УИХ,орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулснаар хүн хүч, хөрөнгө мөнгө, унаа, цаас, утасны зардал хэмнэх боломжтойг МАН-ын бүлгийн гишүүд сайн мэдэж байгаа. Гэхдээ тодорхой зарим шалтгааны улмаас МАН-ын бүлгийнхэн орон нутгийн сонгуулийг намар явуулахаар зүтгэж байна.

Орон нутгийн сонгуулийг намар хийвэл УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон зарим нөхдөд дараагийн шатны Хуралд сонгогдох боломж олдоно. Түүнийгээ хүний эрх гэж нэрлэн бамбай хийгээд буй. Бас УИХ-ын сонгуульд ажиллах төрийн албан хаагчдаас өөрийнхөө төлөө ажиллуулаад, сайн зүтгэсэн нэгнийг аймаг, нийслэл, бүр ядахдаа сум, хорооны Хуралд сонгуульж “шагнан”  гарын хүн болгоно. Орон нутгийн сонгуулийн хуулийг намрын чуулганд багтаалгүй хаврын чуулган руу шилжүүлбэл орон нутагт нэр дэвшигчид цагаан сараар бэлэг сэлтээ тарааж, МАН-аа сурталчдахад хаалтгүй болно. Завсарт нь Сонгуулийн хуулиар мөнгө тараах, гар цайлгах “эрхээ” хаалгасан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн эчнээ сурталчилгааг дайвар маягаар хийгээд явчихна. Энэ мэт хожоог хараад УИХ дахь МАН-ын бүлгийнхэн орон нутгийн сонгуулийг намар хийлгэхээр улайрч байна.

Гэхдээ АН-ын бүлгийнхэн намрын чуулганы өндөрлөх хугацааг хойшлуулж байгаад ч болов орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах хуулиа баталъя гэдэг байр сууриа сая бүлгийн хурлаараа давтан илэрхийллээ. СЕХ ч хоёр сонгууль зэрэгцэж явбал техник, хүн хүчний хуваарилалтаа хэрхэн хийх талаар зөвлөлдөж буй сураг дуулдав. Энэ зун УИХ, орон нутгийн сонгууль нэг зэрэг явах нь ч явах байх аа, ядахдаа л 2008 онд одоогийнхоос олон нам баталсан хууль хүчин төгөлдөр байгаа шүү дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж