Нийгмийн даатгалын байгууллагуудын удирдах ажилтны ээлжит семинар

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын байгууллагуудын удирдах ажилтны ээлжит семинар

Нийгмийн даатгалын ерөнхий газарт маргааш эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх сургалт семинарын нээлтэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди оролцох аж. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн удирдах ажилтнууд оролцож байгаа энэ семинараар нийгмийн даатгалын багц хуулиуд, түүний хэрэгжилт, 2009 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцох юм байна.
Семинарын эхний өдөр оролцогчид үйлчилгээний соёл, стандарт, захиргааны хэрэг бүртгэлт, анхаарах зүйлс, нийгмийн даатгал болон гадаад харилцаа, тэтгэврийн шинэчлэлийн зарим асуудал, тэтгэврийн даатгалын олон давхаргат тогтолцоо зэрэг сэдвээр номын дуу сонсох ажээ. Харин хоёрдахь өдөр нь дотоод ажлаа ярилцаж, санал бодлоо уралдуулах гэнэ. Тухайлбал, 2009 онд хийсэн хяналт шалгалтын үр дүн, Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны 2009 оны төсвийн гүйцэтгэл, Хуримтлалын сангийн менежмент, чиг хандлага, Хүний нөөцийн бодлого, шинэчлэлийн асуудлаар тун нухацтай ярилцах юм байна. Гуравдахь өдөр нь аймаг, нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын 2009 оныг ажлыг дүгнэж, шинэ онд хийх ажил, хүрэх зорилтоо тодорхойлсноор семинар өндөрлөх ажээ.     
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж