Цасанд дарагдсан охиныг аварчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Цасанд дарагдсан охиныг аварчээ

Есөн хүн дарагдаж амиа алдсан Косовогийн өмнөд хэсэг дэх цасан нуранги дороос жаахан охиныг эсэн мэнд гаргажээ. Арав орчим метр гүн цасан хунгар доороос аврагчид охины хашгирах чимээ, утасны дуудлагыг сонсч түүнийг гаргаж авчээ. Альбани, Македоны хил дээрх уулын жижиг сууринд өнгөрсөн бямба гаригт цасан нуранги үүссэнээс нэг хүн сураггүй алга болж, хэд хэдэн айлын байшин нуржээ. Аврагчдын олсон Амерта Река хэмээх тав орчим настай охиныг ойролцоох Призрен хотын эмнэлэгт хүргэсэн гэнэ. Эмч нар охины амь насанд аюул учраагүй гэж мэдэгдсэн байна. Гэвч охины гэр бүлийнхэн цасанд дарагдаж амиа алджээ. НАТО-ийн энхийг сахиулагчид тус сууринд цасанд дарагдсан хүмүүсийг аврахаар очсон ч цасан шуурганаас болж, газардаж чадаагүй гэнэ. Суурингийн иргэд үүн шиг аймшигтай үзэгдэл харж байгаагүй гэж ярьсан байна. Нэгдүгээр сарын сүүлээр Европт эхэлсэн цочир хүйтрэл Балканы хойгт хэдэн арван хүний амийг авч оджээ.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж