Эрх дураараа дүүл, хүчирхэг шонхор минь

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Эрх дураараа дүүл, хүчирхэг шонхор минь

“Мөнгөн Уртаа”… Монголын авто спортын дайчин шонхоруудын нэгийг ингэж дууддаг байлаа. Спортын тавцан, уралдааны замаас ихэвчлэн мөнгөн медаль хүртсэн байдаг болохоор нь түүнийг МӨНГӨН гэж онцолдог байсан юм. Мөнгөн Уртаа…

Тэр одоо газрын замд биш тэнгэрийн хязгаарт уралдаж яваа. Хайртай ханиа, хөөрхөн хөвгүүдээ, хамт олон, найз нөхдөө үүрд орхиод одсон ч үүлэн дээгүүр салхи татуулан "хурдалж" яваа биз ээ. Өнгөрсөн оны наймдугаар сард зуурдаар таалал төгссөн Мөнгөн Уртаагийнхаа гэгээн дурсгалд зориулж найз нөхөд нь “Мөнгөн шонхор” гэж дуу бүтээжээ.

Эрэлхэг хаадын морин туурайн мөртэй
Элсэн говь, эртний хангайн хүү нь билээ чи
Нарны дор хүн шиг амьдарч
Найз нөхдөөр дутаагүй билээ чи

Энгийн бүхнээс сайхан түүх эхлээд
Эгэлгүй гайхам амьдрал өрнөдөг юм
Мөнгөн шонхорын зоригоор хурайлъя хурайлъя, урагшлаарай
Мөрөөдөлтэй амьдарч явсан тэнгэр заяа чинийх

Энэ дууны шүлгийг Х.Соёмбо, аяыг Г.Энхбаяр бичиж, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн дуулжээ. Тийм ээ, уралдааны зам, хурдан хөлгөө энд орхиод явсан ч,

Эрх дураараа дүүл, хүчирхэг шонхор минь
Эрэмгий дайчин зангаар хамгаас өндөрт дүүл

“МӨНГӨН ШОНХОР” дууны КЛИП

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж