Ч.Сайханбилэг: Сонгууль нэг өдөр явна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Сонгууль нэг өдөр явна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай гэсэн хоёр асуудлыг авч хэлэлцжээ. Бүлгийн гишүүдийн хувьд “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар багтаан батлах ёстой” гэж үзсэн байна. Хэдийгээр цаг хугацаа давчуу, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас намрын чуулганыг маргааш үдээс хойшид багтаан завсарлуулах чиглэл гаргасан ч хэлэлцэн шийдвэрлэх ёстой асуудал багтахгүй бол намрын чуулганыг завсарлуулах хугацааг лхагва гариг болгосон ч болохгүй зүйлгүй гэсэн тайлбарыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн тэрбээр намрын чуулганы төгсгөлд багтаан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахгүй бол сонгуулийг шударга, булхай луйваргүй явуулах тэр бүх зорилго маань үгүй  болно. Тиймээс УИХ өөрөө идэвхи чармайлт гаргахын зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо ч бүхий л бололцоо нөөцөө дайчлах ёстой болж байна гэсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд “Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт нэгэн зэрэг хийх ёстой” гэж үзэж хуулийн төслөө өргөн мэдүүлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс “Орон нутгийн сонгуулийг аравдугаар сард буюу УИХ-ын сонгуулиас тусад нь зохион байгуулах ёстой” гэж үзэн эсрэг төсөл мэдүүлээд буй билээ. Нэр ижил боловч, цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа энэхүү хоёр хуулийн төсөл одоо дөнгөж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны босго давж, хэлэлцэх эсэх нь  дэмжлэг хүлээгээд байгаа. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж, дараа нь мөн байнгын хороогоор хэлэлцүүлэг хийх гээд цаг шаардах төдийгүй хоёр намын бүлгийн хувьд зөвшилцөл шаардах болчихоод буй юм. Гэсэн ч бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Сонгууль нэг өдөр явна гэдэг Ардчилсан намын байр суурь хатуу байгаа гэдгийг мэдэгдэхийг хүсч байна” гэсэн юм.

Хоёр дахь асуудал болох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлаар бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Уг ажлын хэсэг яг энэ мөчид УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгтэй саналаа нэгтгэж буй аж. Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг өнгөрсөн долоо хоногт хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж бүлгээс үзжээ. Ч.Хүрэлбаатар сайд “УИХ шийдвэрээ гаргачих юм бол иргэдэд 1сая төгрөг бэлнээр олгочих бололцоотой” хэмээн мэдэгдсэн юм байна. Харин Монгол Улсын 2012 оны төсөвт 2.8 их наяд төгрөг суулгаагүй байгаа. Тийм учраас эх үүсвэрийг гаргах, хувьцаа эзэмшсэн иргэддээ түүнийгээ хэрхэн зарцуулах гэх мэт нарийн зүйлүүдийг нэг мөр болгох шаардлага байна гэж бүлгээс энэ асуудлыг хэлэлцэх шатанд үзжээ. Энэ асуудлыг намрын чуулган завсарлахаас урьтаж шийдэл гаргах ёстой гэж үзэж байна.

Намрын чуулган завсарлахаас урьтаж батлах ёстой бусад дөрвөн асуудлын тухайд дурдвал Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх тухай юм. Энэ асуудлыг намрын чуулганы төгсгөлд батлах ёстой гэж үзжээ. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийг багтаан батлах ёстой. Энэ бүхэн шийдлээ хүлээж байна гэж үзэж буй юм.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар баталж амжихгүй бол яах вэ?

-Хэрвээ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж амжихгүй хаврын чуулган руу шилжүүлбэл, сонгуулийн зохион байгуулалт, булхай луйваргүй явуулах бэлтгэл ажлыг хангахад бэрхшээл гарах нь ээ гэдэг нь байнгын хорооны хуралдаанаас харагдсан. Сонгуулийн ерөнхий хороо идэвхи саначлагатай ажиллах шаардлагатай. УИХ мөн холбогдох шийдвэрүүдийг гаргах ёстой. Шаардлагатай гэж үзвэл бид тойрог,  хэсгийн хороодыг нэмэх, санал тоолох машин нэмэх асуудлыг шийдэх бололцоотой гэж үзэж байна. Ер нь чуулган, байнгын хороо хуулийн хэлэлцүүлгээс шалтгаалж хэд, хэдэн удаа хуралдах шаардлага бий. Ихэнх хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг дээр явж байгаа. Одоо би УИХ-ын даргатай уулзана, чуулганыг байнгын хороог зохистой байдлаар хуралдуулах. Хугацаа шаардлагатай гэвэл заавал мягмар гаригт чуулган завсарлуулна гэхгүйгээр лхагва гаригт шилжүүлж болно. Гол нь зургаан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай л байгаа. Тийм учраас амжвал маргааш оройдоо асуудлаа хэлэлцэж дуусна.

-Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудал нэг л урагшлахгүй байна. Гол нь юун дээр гацаад байна вэ?

-Нэр бүхий гишүүдээс хуулийн төсөл санаачлаад аж ахуйн нэгжүүд дээр байгаа 10 хувийг ард иргэддээ олгохоор болгож өөрчилье гэсэн. Гэвч “Монгол 999” нэгтгэлийнхэн болоод бусад аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахад “Зах зээлийн нийгэмд шилжсэн 20 жилийн хугацаанд татвар төвөлөрүүлж ирсэн аж ахуйн нэгжүүдээ алаг цоог үзэж болохгүй” гэдэг хүсэлт нэлээд тавьсан. Тэрний дагуу Засаг дээр ч,  УИХ дээр,  бүлэг, ажлын хэсэг дээр ярьж байгаад аж ахуйн нэгжид арилжаалах 10 хувийг хэвээр үлдээж, ард түмэндээ олгох хувьцааг нэмье гэсэн. Энэ явцад МАН-ын бүлгээс ажлын хэсэгт орсон гишүүдийн хувьд “Аж ахуйн нэгжид арилжаалах 10 хувь шаардлагагүй” гэж үзсэн. Ажлын хэсгийн төвшинд яриад аж ахуйн нэгжид арилжаалах 10 хувийг олгож болно. Иргэд 20 хувийн хувьцаагаа авахгүй бол Засгийн газарт худалдах эрхийг нь нээлттэй болгоё. Энэхүү 20 хувийн хувьцаа нь нэг сая төгрөг болох юм байна гэж үзээд зохицуулалт хийгээд явж байгаа. Энэ дагуу УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол батлагдана гэж ойлгож байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж