Попын хатан хаан таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Попын хатан хаан таалал төгслөө

Поп дуучдаас тун цөөхөн нь Уитни Хьюстоных шиг гайхам­шигтай хоолойтой байдаг. Гэхдээ түүн шиг амьдралынхаа сүүлийн жилүүдэд энэхүү авьяасаа гайхуулж чадалгүй уруудаж доройтсон нь бүр ч цөөн. У.Хьюстон XX дугаар зууны эмэгтэй поп дуучдаас цомгоо хамгийн олон хувь борлуулж, хамгийн олон удаа шагнал хүртсэн дуучин. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн турш хар тамхинд донтож, түүнээс болж хоолойных нь чадал муудаж, шүтэн бишрэгчид нь түүнийг цаашид дуулж чадах эсэхийг шүүн хэлэлцэх болсон юм. Эцэст нь тэрбээр 48 насандаа таалал төгслөө. Одоо У.Хьюстоны гэх тодотголтой бүх зүйл шилдэг болно. Дуунууд нь хөгжмийн чартуудыг тэргүүлж, 1990-ээд оноос хойшхи үеийнхэн У.Хьюстоны амжилтын түүх­тэй дахин танилцана. Яг л Майкл Жексон, Эми Вайнхаус зэрэг нас барсныхаа дараа дахин алдаршсан одод шиг. Гэхдээ У.Хьюстоныг попын хатан хаан хэмээн “Нью-Йорк таймс” онцолжээ. Тэр ч байтугай “Энэ бол түүний хоолойны цар хүрээг тодорхойлоход багадмаар нэр” хэ­мээн бичсэн аж. У.Хьюстон поп баллад, R&B зэрэг хөгжмийн янз бүрийн урс­галын аль, алинаар нь гайхалтай дуулдаг байв. Түүний “I will always love you” дуу нь балладын сонгодог хувилбар. Дөнгөж гарсан даруйдаа энэхүү сингл нь дэлхий даяар 12 сая хувь борлогдож, түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоож байж. Мария Кэри, Селин Дион хүртэл У.Хьюстоноос суралцдаг байсан. Тэд энэ тухай ярилцлагадаа дурьдаж байв. Өөрөөр хэлбэл, “поп дива” гэх тодор­хой­лолтод багтдаг өнөө цагийн шил­дэг дуучдад үлгэр жишээ болж байсан үе түүнд бий. Түүнээс гадна У.Хьюстон MTV хөгжмийн хөтөлбөрөөр гарч, анх удаа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн өнгөт арьстай эмэгтэй дуучин болж чаджээ. Арьс өнгөөр ялгаварлах үзэл бүрэн гүйцэд арилаагүй байсан үед буюу 1980-аад онд Америкийн сэтгүүлүүд У.Хьюстоныг “Аме­рикийн анхны өнгөт арьст хон­горхон бүсгүй” хэмээн нэрлэж байсан гэдэг. У.Хьюстоны амжилт түүнийг мөнгөтэй болгосон. Харин мөнгө түүнийг кокэйнд донтогч болгож, амжилтын замналыг нь тасалдуулсан. У.Хьюстон 2000 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би төл­бөр мөнгөнд санаа зовохоо больсон. Надад маш их мөнгө байсан” гэжээ. Мансууруулах бодис их хэрэглэснээс болж У.Хьюстон тайзан дээр удаан дуулж чадахаа больсон байна. Түүний 2010 онд хийсэн аялан тоглолт хүмүүсийн шүүмжлэлийн бай болсны шалтгаан нь энэ байв.

У.Хьюстон АНУ-ын Нью-Жерси мужийн Ньюарк хотод хөгжимчний гэр бүлд төржээ. Тэрбээр 11 нас­тайгаасаа сүмийн найрал дуучдын бүрэлдэхүүнд багтаж, хожим нь өсвөр насандаа ээжийнхээ кон­цертонд дуулдаг болсон байна. Энэ үеэс У.Хьюстоны хоолойг бүгд биширч эхэлжээ. Тэрбээр 15 настайдаа “I’m every woman” хэмээх алдартай дууг дуулснаар дуучин болох гараагаа эхэлсэн аж. Америкийн загварын сэтгүүлүүд өнгөт арьстай дуучин охины зургийг авахын төлөө хошуурцгааж эхлэв. Хөгжмийн зохиолч Паул Жавара У.Хьюстонтой хамтарч ажиллахаар болж, хоолойны дээд өнгийг чөлөөтэй урсгаж гаргадаг өсвөр насны охиныг хөгжмийн студиуд булаацалдах болов. Эцэст нь тэрбээр “Аrista label”-тэй гэрээ байгуулж, үлдсэн амьдралынхаа туршид энэ студитэй хамтарчээ. У.Хьюстон 1985 онд анхны цомгоо гаргасных нь дараа “Роллинг Стоун” сэтгүүлд түүний тухай “Оддын од” хэмээн бичсэн байна. Анхны цомог нь эхний жилдээ АНУ-д гурван сая, дэлхий даяар 25 сая хувь борлогдож, У.Хьюстонд Гриммийн шагналыг авчиржээ. Түүний дараагийн жи­лүүдэд нь тэрбээр “Битлз”-ийн ам­жилтыг эвдэж, хамгийн их ашиг орлоготой дуучин болсон байна. Дашрамд дурьдахад, Нелсон Ман­делогийн 70 насны төрсөн өдрийн баяр дээр дуулж байсныг нь эс тооцвол У.Хьюстоны улс төрийн үзэл баримтлалыг тодорхойлоход хэцүү.

“Бие хамгаалагч” хэмээх 1992 оны кино У.Хьюстоныг дахин алдаршуулсан. Энэ кинонд тэрбээр бие хамгаалагчдаа дурласан дуучин бүсгүйн дүрд тоглож, алдарт “I will always love you” дуугаа дуулсан юм. “Бие хамгаалагч” кино гарсны дараа хүмүүс түүнийг хэчнээн муу жүжигчин болохыг ам уралдан ярьж байсан бол харин дууг нь гайхалтай болсныг магтах үгээ олж ядаж байв. “I will always love you” дуу багтсан цомог нь дэлхий даяар 44 сая хувь борлогдож, Америкийн хөгжмийн чартуудыг 14 долоо хоног тэргүүлжээ. Энэ үед У.Хьюстон дуучин Бобби Браунтай гэрлэжээ. Харин тухайн үед хэвлэлүүд “Гүнж муу залуутай гэрлэлээ” хэмээн бичиж байв. Тэд Бобби Кристина гэдэг охинтой болжээ. Гэхдээ нөхөр нь У.Хьюстоны амжилтад үргэлж атаархдаг байсан тухай хожим нь тэрбээр дурссан юм. Б.Браун эхнэрээ сэтгэл санааны дарамтанд оруулж, зоддог байснаас үүдээд У.Хьюстон хар тамхи хэрэглэж эхэлжээ. Харин 1996 оноос идэвхтэй донтсон байна. Мөн 2000 онд Оскарын шагнал гардуулах ёслолд дуулах гэж байсан боловч хар тамхины хэргээр баривчлагдсанаас болж чадаагүй юм. Б.Браунтай хамт амьдарсан жилүүдэд У.Хьюстон паппарацичдын дурангаас зугт­даг байв. Шалтгаан нь нүүр нүд­гүй хөхөрч хавдсан байдагтай нь холбоотой байж. Нөхөр нь түүнээс ажил, амьдрал бүгдийг нь булааж авчээ. У.Хьюстон 2006 онд нөхрөөсөө салж, 2009 оноос дахин дуулж эхэлжээ. Гэхдээ шүтэн бишрэгчид нь түүний дуулж чадахаа больсныг хүлээн зөв­шөөрсөн юм. Эцэст нь тэрбээр Калифорний Беверли Хилс дэх зочид буудлын өрөөнд нас барчээ. Түүний цогцосыг бие хамгаалагч нь олсон байна. Одоогоор үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа ч ямар нэгэн гадны нөлөө байхгүй гэдгийг цагдаа нар тогтоожээ. Магадгүй олон жилийн турш хэ­рэглэж заншсан мансууруулах бодис нь эцэстээ үхэлд хүргэсэн ч байж болох юм. Ямартай ч поп дуучин Уитни Элизабет Хьюстон 1963 оны наймдугаар сарын 9-нд хорвоод мэндэлж, 2012 оны хоёрдугаар сарын 11-нд хорвоогоос буцлаа.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж