
Чансаа өндөр “Их дуулга”-д шигшээ багийн тамирчид үндсэн жиндээ барилдаж, Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нар алт, М.Бундмаа мөнгө, Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн билээ. Харин “Дэлхийн цом”-д залуу голдуу бөхчүүд зодоглов. Обервартын татамид 68 орны 380 бөх өрсөлдсөн. Монголын багийн тухайд 19 тамирчнаа сойсноос 66 кг-ын жинд Д.Алтансүх, -100 кг-д Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртлээ. Тэгвэл, Унгарт болсон эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д 57 орны 259 жүдоч барилдсанаас Монголын эмэгтэй тамирчид тавуулаа зодоглож, 57 кг-ын жинд д.Сумъяа хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар 12 дугаар байрт жагсчээ.
Жүдочдын дараагийн “зогсоол” нь Дюссельдорфын Гран-при. Хоёрдугаар сарын 18, 19-нд буюу ирэх амралтын өдөр болох тус тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Дашрамд дуулгахад, Дюссельдорфийн Гран-прид дэлхийн 97 орны 670 гаруй жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ.