МАН, АН-ынхан нэг нэгэндээ мөчөөрхөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

МАН, АН-ынхан нэг нэгэндээ мөчөөрхөж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнгөрсөн баасан гарагт нэлээд ширүүхэн болж өнгөрөв. Маргааны шалтгаан нь хоёр намын бүлгээс санаачилсан  Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль. Ардчилсан намынхан УИХ-ын гишүүн З.Энхболд нарын санаачилсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагуу УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулах нь зүйтэй гэж үзэж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү “Богино хугацаанд ямар нэг будилаангүйгээр шударга сонгууль явуулъя гэвэл УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь зохион байгуулах нь туйлын зөв гарц. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч дарга гэгч нөхөр хэвлэлийнхнээр дамжуулж “Орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгууль болох өдөр зэрэг зохион байгуулах боломжгүй” хэмээн мэдэгдсэн байх юм. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Боломжтой зүйлийг хийж чадахгүй бол ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Манай намаас санаачилсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүх үүсэх асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгасан байгаа” хэмээсэн юм. Харин Ардын намынхны зүгээс УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр зэрэг явуулах боломжгүй гэж үзээд “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагуу тусад нь явуулах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хэдийгээр би энэ байнгын хорооны гишүүн биш боловч Улсын бүртгэлийн асуудал Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд харьяалагдах болсон учир өөрийн биеэр хуралдаанд оролцож байна. УИХ-ын ч бай орон нутгийн ч бай сонгууль бол тоглоом биш. Тиймээс бид хариуцлагатай хандах ёстой. Бид энэ жилээс эхлэн сонгуулийг шинэ хэлбэрээр хийх гэж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиа шинэчиллээ. Шинэ хуулийн дагуу сонгуулийг автомат системээр явуулахаар боллоо. Мөн иргэний үнэмлэхийг цахимжуулах гээд маш олон шинэчлэлийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна.  Үүнтэй зэрэгцээд УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр явуулбал дахиад нэг шинэ зүйл нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс энэ асуудалд туйлын хариуцлагатай хандах ёстой. Үүний тулд УИХ-аас баталсан хууль амьдралд хэр хэрэгжих нь вэ гэдгийг туршиж үзэх ёстой. Үнэхээр л сонгуулийг зэрэг явуулах гээд байгаа юм бол нийслэлийн аль нэг дүүрэгт туршилт хийж үз. Үүний тулд сонгогч нэр дэвшиж буй 60-80 хүнээс найман хүнийг нь дугуйлах боллоо гэхэд хэдий хугацаа зарцуулж байна. Автомат машин түүнийг нь хэдий хугацаанд уншиж дүнгээ гаргав. Ер нь санал хураалтад хэдий хугацаа зарцуулах вэ гэдгийг нарийн тооцож гаргах ёстой. Дээр нь сонгуулийн санал авах хугацааг хоёр цагаар урагшлуулж 20.00 цаг болгоод байгаа. Олон хүн 19.00-20.00 цагийн орчимд саналаа өгөхөөр дугаарлаж асуудал үүсгэвэл яах вэ гээд олон зүйлийг тооцох ёстой. Тиймээс энэ асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зөв. Гэхдээ хуралдаан даргалагчийн зүгээс эхэлж хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулах эсэхийг шийдэх ёстой. Хуулийг маш хурдан хугацаанд баталж нэг тийш болгоход ажлын хэсэг байгуулах нь нэг талдаа цаг алдаж болзошгүй юм” хэмээсэн юм.  Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав Ардын намынхантай нэг байр суурьтай байсан бол Нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нь Ардчилсан намынхантай ижил байр суурийг илэрхийлж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд Ч.Содномцэрэнд хандаж хатуухан үг хэлээд авсан юм. Тэрбээр “Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэж байсан атлаа яагаад одоо боломжтой гээд байгаа юм. Хэрэв Н.Лувсанжавыг явуулаад өөрөө дарга болно гэж бодож байгаа бол бүтэхгүй шүү. Н.Лувсанжав явбал та ч гэсэн дагаад явна гэж мэдээрэй” хэмээн амыг нь тагласан. Ямартай ч ширүүн маргааны эцэст хоёр намынхны хэн хэн нь мөчөөгөө өгөлгүй байсаар хуулийн хоёр төслийг хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж