Цагаан сараас өмнө сая төгрөг олгохгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Цагаан сараас өмнө сая төгрөг олгохгүй

“Хүний хөгжил сан”-гаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг цагаан сараас өмнө олгох эсэх нь эргэлзээтэй болсон. Иймд уг мөнгийг хэзээ олгох талаар холбогдох газруудын удирдлагуудаас тодрууллаа.

    
Халамж үйлчилгээний хэлт­сийн дарга Б.Чойжилсүрэн:

-Манай байгууллагаас хүний хөгжлийн мөнгө олгох талаар бүх судалгаагаа хийчихсэн. Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэн, 205 мянган ахмад настанд сая төгрөг олгох тооцоо гарч байна. Гэхдээ яаж, ямар журмаар олгох асуудал одоо хүртэл бүрхэг хэвээр байгаа. Хэрвээ Засгийн газар журмаа баталчихвал шууд олгоно. Яагаад журамд бариг­даад байна вэ гэхээр ахмад настанд нас нь хүрээгүй, эрт тэтгэвэрт гарсан, цэргийн,  үйлдвэрийн ослоос болж хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд ямар журмаар мөнгө олгохыг шийдэх хэрэгтэй. Нийт 330 орчим тэрбум төгрөг хэрэгтэй.

Халамж үйлчилгээний хэлтсийнхэн ийн хариулсан. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтэн “Энэ мөнгийг яаж ийм хурдан хугацаанд төсөвт төвлөрүүлэх юм. Засгийн газраас олгох талаар дэмжих нь дэмжсэн. Хамгийн гол нь журам нь батлагдаагүй байгаа. Ямартай ч аравхан хоногийн дотор 330 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэдэг боломжгүй зүйл” гэлээ. Мөн Сангийн сайд Д.Хаянхярваа УИХ-ын эдийн загийн байнгын хорооны хурлын үеэр “Инфляцийн өсөлтөд анхаарал хандуулж байна. Монголбанктай хамтарч валютын ханшийг тогтвортой байлгах, өсгөхгүй байх арга хэмжээг байнга авч ажиллаж байгаа. Инфляцид нөлөөлж буй гол зүйл нь нефть, валют, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Иймд энэ талаар судалгаа хийгээд эхэлсэн. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг цагаан сараас өмнө өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байв.

Түүнчлэн нэг оюутанд олгох сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг төсөвт орчихсон байгаа аж. Одоогоор Халамж үйлчилгээний хэлтэст 50 гаруй мянган оюутны нэр ирсэн гэнэ. Ирэх 12-15-нд халамж үйлчилгээний хэлтсийн дансанд Сангийн яамнаас Хүний хөгжил сангийн мөнгө шилжчихвэл материал нь бүрдсэн оюутнуудын сургалтын төлбөрийг их, дээд сургуулиудын данс руу шилжүүлж эхлэх юм байна.

Алдарт эхчүүдэд олгох мөнгө Засгийн газраас баталсан журмын дагуу ирэх гуравдугаар сарын 8 хүртэл олгож дуусгахаар төсөвт тусгажээ.

Э.Баясгалан

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж