Сонгуулийн хууль ба цэц

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль ба цэц

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

Энэхүү нийтлэлийг бичсэнээс хойш чамгүй хугацаа өнгөрч Сонгуулийн тухай хуулийн талаарх шүүмж одоо ид өрнөж байна. Тухайн үед Цэцэд хандсан иргэн байгаагүй бол өнөөдрийн байдлаар Цэцийн нэг гишүүн дээр гэхэд л Сонгуулийн тухай хуулийн талаар 19 өргөдөл хуваарилагдан хянагдаж байна. “Үндсэн хуулиар олгогдсон шууд сонгох эрхийг нь хязгаарлалаа”, “Унасан бөх туг тойрох нь”, “Зөвхөн эрх баригч хоёр намд л ашигтай хууль болсон” гэх гомдол, шүүмж тасрахгүй байгаа юм.


Монгол Улсын Их Хурлаас сонгуулийн тухай хуулийг баталсантай холбогдуулан улс төр ид бужигнаж байна. Нэр дэвшиж гишүүн болох эрмэлзэлтэй төрийн албан хаагчид шийдвэрээ гаргаж, намууд сонгуулийнхаа тактикийг боловсруулан, улс төрч бүхэн энэ хуулийн хүрээнд хэрхэн ажиллах талаараа бодож, төлөвлөж байна. Энэ бүхнийг дагаад удаан хугацаагаар яригдаж байгаа нэг асуудал бол энэхүү хууль Үндсэн хуулийн Цэц дээр очоод бүдрэх эсэх тухай юм. Урьд нь Үндсэн хуулийн Цэц олон хуулийн холбогдох заалтуудыг “Үндсэн хууль зөрчлөө” хэмээн үзэж дүгнэлт гаргаж байсан. Энэ бүхэнд түүнийг тойрсон маргаан дэгдэж, Цэцийн шийдвэр зөв эсэх талаар хэлэлцдэг ч “Цэцийн дээр хөх тэнгэр бий” гэж ярьдагчлан тэгэсхийгээд намддаг. Сүүлд гэхэд л МАХН-ын нэртэй холбоотой томоохон дуулиан дэгдсэний дараа УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө дархалсан заалтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан.

Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хууль бол нэг намын нэр юм уу, 76 гишүүний эрх түдгэлзүүлэх тухай асуудалтай зүйрлэшгүй амин чухал зүйл. Засгийн газраа бүрдүүлэн улс орныг дөрвөн жил удирдаж, бидний өдөр тутмын амьдралд дагаж мөрдөх хуулийг батлах улс төрийн хүчнийг сонгох маш хариуцлагатай асуудал. Энэ асуудалд улс төрийн нөлөөлөл, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн үүднээс хандвал тооцоолж барамгүй олон сөрөг үр дагавар үүснэ.

Үндсэн хуулийн Цэц өмнө нь иргэд төдийлөн ханддаггүй, ганц идэвхтэй өргөдөл гаргадаг Б.Ламжав гуайдаа хэвлэл, олон нийт нь “иргэн” гэдэг гуншин өгчихсөн газар байлаа шүү дээ. Эдүгээ эргээд харахад иргэн Б.Ламжав гуай одонгоор шагнуулахуйц гавьяа байгуулсан гэж би хувьдаа боддог юм. Харин жил ирэх тутам иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилснийх үү, УИХ-аас олон эргэлзээтэй хууль баталсных уу маргааны тоо сүүлийн жилүүдэд эрс өсч олны анхаарал татах боллоо.

Цэцийг улс төржсөн шийдвэр гаргалаа гэж шүүмжлэх, улс төржсөн шийдвэр гаргах вий гэж болгоомжлох явдал гардаг. Үүний учир шалтгааныг хөөвөл Цэцийн бүрэлдэхүүний гуравны нэгийг Ерөнхийлөгч, гуравны нэгийг УИХ, мөн гуравны нэгийг Улсын дээд шүүхийн санал болгосноор зургаан жилийн хугацаатайгаар УИХ томилдогтой холбоотой. Ингээд гуравны хоёртой тэнцэх хэсгийг нь улс төрийн албан тушаалтнууд санал болгож, бүгдийг нь улс төрийн албан тушаалтнууд томилдог тул ийм хардлага дагуулах нь аргагүй. Өөрөөр хэлбэл аливаа улс төрийн нам хүчинтэй ойлголцдог, тэдний итгэлийг хүлээсэн хүмүүс л Цэцийн гишүүний суудалд заларна.

Гэтэл тэдний шийдвэрлэж буй маргаан нь хууль зүйн гүнзгий мэдлэг, тэр тусмаа үндсэн хуулийн эрх зүйн нарийн мэргэшил шаардсан, хэрхэвч улстөржиж боломгүй асуудлууд байдаг. Нэгэнт томилогдсон бол тэдэнд нөлөөлөх, бүрэн эрхэд нь халдах явдлыг хуулиар хориглодог тул Цэцийн гишүүнийхээ халдашгүй байдлыг хадгалж, зөвхөн үндсэн хуульдаа захирагдаж шийдвэр гаргах эсэх нь тухайн гишүүнээс шалтгаална. Харин дахин томилогдох эрмэлзэл, суудлаа хадгалж үлдэхийн төлөөх хүслээ дагавал тэр нь мөнөөх л улс төр рүү хөтөлж, Үндсэн хуульт ёсны үзэл санааг уландаа гишгэхэд хүргэнэ. Ингэж л хэрхэвч болохгүй.

Үндсэн хууль бол яруу сайхан монгол хэлээр, энгийн ойлгомжтой бичигдсэн хууль. Нээгээд уншиж эхэлмэгц л энэ нь мэдрэгддэг. Гэхдээ энэ нь хэн бүхэн дураараа ойлгож, бас хүссэнээрээ тайлбарлаж болно гэсэн үг биш ээ.

Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан нь бусад салбар эрх зүйн шинжлэх ухаантай харьцуулахад онолын нарийвчилсан мэдлэг шаарддаг. Үзэж судлах зүйл ч ихтэй. Өнөөгийн Үндсэн хуулийг хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж баталсан, энэ талаарх хэдэн мянган хуудас материал хадгалагдаж, тэдгээрт манай ард түмний өнцөг булан бүрээс сонгогдсон тухайн үеийн нийгмийн сор хэсгийнхний үзэл бодол тусгагдсан. Ингээд бодохоор үгүйдээ л түүнийг мэдэхгүй байж хоосон цэцэрхэж болохгүй. Яг үүнтэй адилаар хүн төрөлхтний хэдэн зууны турш бий болгож хөгжүүлсэн мэдлэгийн зах зухтай нь ч болов танилцсан байх хэрэгтэй. Тэрхүү мэдлэгийг эзэмшсэн хүмүүс л Үндсэн хуульд тусгагдсан асуудлыг системтэй, зөв тайлбарлаж чадна. Мөн тийм л хүмүүс Цэцийн бүрэлдэхүүнд багтаж, аливаа хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах ёстой. Даанч манайд аль ч салбарт эрдэмтдийн үгийг сонсох, судлаачдын дунд хэлэлцүүлэг зохиож үр дүнгээр нь асуудлыг шийдвэрлэх явдал нүдний гэм болж дээ.

Ямар сайндаа их мэдэгчид “Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэж заасан мөртлөө хүнийг хамгаална гэж заагаагүй” гэж мушгиж байх вэ. Гэтэл энэхүү заалт нь “Монголын ард түмний үндэсний баялаг болсон нүүдэлчин ард түмний уламжлалт мал аж ахуйг хамгаалах, мал сүргийн генефондыг хадгалах зорилгоор тусгагдсан заалт” гэдгийг гавьяат хуульч Б.Чимид гуай тайлбарлан өгүүлж байсан юм.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр нэгэнт ирж, баялгийн тэгш бус хуваарилалт, ядуурал зэрэг олон асуудалтай тулгаран буй энэ хүнд үед дээрх хамгийн чухал оролцоотой байх УИХ-ыг бүрдүүлэх Сонгуулийн хуулийн талаар түүхэн шийдвэр гаргах хувь заяа өнөөгийн Цэцийн гишүүдэд оногдож байна. Гэхдээ энэ нь зөвхөн Цэцийн есөн гишүүний асуудал бишээ. Нийт Монголын хувь заяатай холбоотой асуудал мөн.

Тийм учраас Б.Чимэд гуайг, Х.Тэмүүжинг, иргэн Б.Ламжав гуайг, ер нь нийт үндсэн хуулийн эрх зүй судлаач, эрдэмтдийг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг уриалж байна. Шинээр батлагдсан Сонгуулийн хууль иргэдийн чөлөөтэй, “шууд” сонгох эрхийг хөндсөн үү гэдгийг ямарваа нэг улс төржилт, хувийн амбицгүйгээр, жирийн иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч. Чухам ийм үед л та бүхний мэдлэг ард түмний чиг баримжаа болох учиртай шүү дээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж