Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Хархорин хот болно

АН-ын “Монгол хүн -2020” хэлэлцүүлэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд болжээ. Монголын эртний нийслэл Хархорум хот өнөөдөр 10 гаруй мянган хүн амтай томоохон сум бөгөөд түүнийг хангайн бүсийн тулгуур төв болгох талаар хэлэлцүүлгийн үеэр ярилцсан байна.

“Хархоринд хөрөнгийн бирж нээх хэрэгтэй байна, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орлого олох хэрэгсэл бол хувьцаа. Монголчууд Тавантолгойгоос эзэмших 1072 ширхэг хувьцаагаа ямар брокерийн пүүсээр дамжуулж авах вэ, хувьцаа нь хэд болох вэ гэдгийг эртнээс мэдэх хэрэгтэй. Бид мэдээллээс маш хол амьдарч байна” гэж “Монгол хүн-2020”  хэлэлцүүлгийн “Ажилтай орлоготой монгол хүн” ажлын хэсгийн багийн ахлагч тайлбарлажээ. “Сум хөгжүүлэх сангаас 260 сая төгрөгийг Хархоринд хуваарилсан ч тал хувийг нь орон нутгийн удирдлагууд өөрсдөө авчихсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл банкаар дамждаг учраас тэр бүр хүмүүс төсөл бичиж авдаггүй. Хөгжлийн зээлүүд, төсвийн зарцуулалтад хяналт тавьж чадахгүй байгаа учраас Иргэний танхим байгуулж өөрөө өөрсдийнхөө төлөө ажиллаж байж орлоготой болох ёстой. Хэн нэгэн гаднаас ирж Хархориныг  хөгжүүлэхгүй” гэж иргэд энэ үеэр санал бодлоо илэрхийлсэн байна. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцүүлгийн үеэр  “Олон жилийн түүх дурсгалт газар нутаг, хүн ам олонтой Хархорин  сум хот болно гэдэгт эргэлздэггүй. Хархорин бол хангайн бүсийн тулгуур төв байх ёстой. Хархорин сум 2016 онд хот болно. Өнөөдөр Хархоринд амьдарч буй хүмүүсийн ихэнх нь ахмадууд болж, залуучуудын ихэнх нь амьдрал хайгаад өөр тийшээ явчихсан байна. Зөвхөн Хархорин ч биш, Монголын бүх суурин жижгэрсэн, хоорондоо худ ураг болсон, гадагшаа явах эрх чөлөө багатай, эдийн засгийн бололцоо муутай болж байна. Та бүхний хөндөж буй зүйлээс ч энэ бүхнийг харж байна. Эдийн засгийг суурь бүтцээр нь өөрчилж эдийн засгийн хувьсгал хийхгүй бол  бид хөгжихгүй. Үүнийг бид сонгуулийн хувьсгалаар л өөрчлөх учиртай” гэжээ. 

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж