Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Нефтийн хямрал айсуй

Шинэ оны эхний сарын 6-ны өдрийг монголчууд сайн тогтоож авчээ. Энэ өдөр бензин шатахууны үнэ 17 хувиар огцом өсөв. Үнийн өсөлтийн шалтгааныг бид бие биеэсээ эрэн бүтэн сар маргасан. Энэ зуур Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Ажлын хэсгийг татан буулгаад, Сангийн яамны дэргэд Үнийн өсөлтийг зохицуулах комисс байгуулав.

“Ариунсангийн Ажлын хэсэг” хэмээн ард түмний бухимдалд үлдсэн тэрхүү бүтэц үгүй болсны дараа өөр Комисс байгуулах ажил нь Сангийн шинэ Сайдын томилгооноос үүдээд хугацаа алдсан гэх. Ямар ч байсан 10-ны баасан гаригт Сангийн яамнаа шинэ Комиссынхон анхны хурлаа хийжээ. Хуралдаанаар нефть бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх тухай ярилцсан бололтой. Өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний Сайдад энэхүү НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг өгсөн, биелүүлэх хоног хугацаа нь 09-ний өдрөөр тасалбар болсон хэмээн Үйлдвэрчний эвлэлийнхэн ярьж байна.

Улмаар шатахууны үнийг буулгах шаардлагын хариу “нойл заалаа” хэмээн Үйлдвэрчнийхэн үзэж, ард нийтийн дэмжлэг дор дахин жагсах  магадлалтай болжээ. Тэгвэл элдэв татварыг ганц хоёроор нь тэглэх төдий арга хэмжээ бензиний үнийн өсөлтийг хазаарлахгүй, харин асуудал улам бүр тунарч, нефть бүтээгдэхүүний хангамж хумигдах гүн хямралын өмнө монголчууд ирснийг  ний нуугүй ярилцсан нэгэн халуун уулзалт саяхан болсон юм.

“Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг даван туулах нь” нэртэй уг хэлэлцүүлэгт төр засгийнхан, нефть импортлогчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид оролцов. Хэлэлцүүлгийн үеэр нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт улам багасах магадлалтай болсон зэрэг олон ноцтой асуудлыг хөндөн ярилцсан ба Газрын тосны газрын даргын Үүрэг гүйцэтгэгч П. Сарангэрэл анх удаа олон нийтийн өмнө ил гарч танилцуулга хийсэн нь сонирхолтой байлаа. Хэлэлцүүлгээс хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг уншигч Танд хүргэе.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

Манай улс газрын тосны хэрэглээгээ өөрөө хангах бололцоо байж магадгүй гэсэн найдвар байгаа юм. Өнөөдөр Монгол улс 1 миллиард долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулж байна. Бүх хүчээ гаргаж маш их хэмжээний экспорт хийж арай гэж доллар олоод, түүнээсээ 1 миллиардыг нь нефтийн бутээгдэхүүнд зарцуулж байна шүү дээ. Тэгээд түүнийхээ ихэнхийг  Улаанбаатарын замын түгжрэлд зогссоор байгаад шатаачихдаг. Ийм үр ашиггүй шатаалт явагдаж байна. Тиймээс энэ хэлэлцүүлэг дээр эрчим хүчний бусад эх үүсвэрийн талаар ч бас илтгэл тавигдана. Монгол улс эрчим хүчний хамгийн их нөөцтэй оронд тооцогдож байгаа.  Нэгдүгээрт нүүрс, хоёрдугаарт уран, байгалийн хий, занар бас байна.

НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат:

Монгол улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авдаг. 2011 оны байдлаар 300 мянга орчим тонн түүхий нефть экспортолсон боловч ганц  литр  бензин үйлдвэрлэхгүй байгаа. Өнгөрсөн жилийн дүнгээр 1 сая 40 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон. Энэ нь 2009 онтой харьцуулахад 61.4 хувь, 2010 онтой харьцуулахад 26.1 хувийн зах зээлийн өсөлттэй байгаа гэсэн үг. Эрэлт нь нэлээд өсч байгаа зах зээлд тооцогдоно. Энэ онд хэрэглээ 2010 оныхоос 270 мянган тонноор нэмэгдчихээд байгаа.

Олон улсын практикт эдийн засгийн өсөлтөөсөө өндөр хувьтай нэмэгдэж буй салбарыг өсч байгаа гэж ярьдаг. Тиймээс манай салбар яах аргагүй өсч байгаа. Энэ хурдцаараа явбал цаашдаа яах вэ гэдэг прогноз хийж үзсэн байдаг. Том том уул уурхайн төслүүд, түүнийгээ дагасан нефтийн хэрэглээ нэмэгдэх тооцоог авч үзвэл 2015 он гэхэд Монгол улсын нийт жилийн хэрэглээ 1.5 сая тонн болно гэсэн ерөнхий тооцоо  гарсан. Нийт импортынхоо 98 хувийг ОХУ-аас, маш бага хэмжээтэйг БНХАУ, Казахстан, БНСУ-аас авдаг.

2009 онд зах зээлийн нөхцөл хүндэрснээс импорт бага зэрэг багассан. Тэрнээс хойш дандаа өссөн үзүүлэлттэй. Лиценз эзэмшдэг, нефть бүтээгдэхүүн импортлох эрхтэй  70 гаруй компани байдаг. Гэхдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 17 аж ахуйн нэгж. Үүнээс сүүлийн нэг жилд 13 аж ахуйн нэгж импортын үйл ажиллагаа явуулсан. Зах зээлд эзэлж байгаа хэмжээгээрээ НИК компани нийт зах зээлийн 34 хувь, Магнай Трейд 15 хувь, Шунхлай компани 12 хувь, Содмонгол компани 10 хувь, МонПетЭкс буюу М Ойл 9 хувь, Монголын төмөр зам 7 хувь, Жаст Ойл 3 хувь, Ойн бирж 2 хувь, бусад аж ахуйн нэгж 8 хувийг нийлүүлсэн байгаа. Энэ нь импортын хуваарилалт харьцангуй жигд тархацтайг харуулж байна.  Нийт импортын 60 хувийг уул уурхайн машин механизмын үндсэн түлш болох дизелийн түлш эзэлдэг. Дизелийн хэрэгцээ тасралтгүй өссөөр байгаа. 90-ээс дээш октантай бензин 20 хувийг, 90-ээс доош октантай түлш 11 хувийг, бусад буюу тос, газ зэрэг бүтээгдэхүүн нийт импортын 9 хувийг тус тус эзэлж байна. Эндээс уул уурхайн үйлдвэрлэлийг дагасан импортын өсөлт явагдаж байгааг харж болно.

Энэ оны зургадугаар сараас нефтийн хангамж улам хүнд болно

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл нэлээд урт хугацаанд монголчууд нефть бүтээгдэхүүний  хомсдолд орсон. Энэ нь 2011 оныг хүртэл цорын ганц нийлүүлэгч байсан “Роснефть” компанитай салшгүй холбоотой. ОХУ дотоод нөхцөл байдалтайгаа холбоотойгоор гадаад экспортдоо хориг тавьсан. Өөрөөр хэлбэл, Оросын экспортын татвар маш өндөр хувьтай  буюу 67 хувь хүртэл өссөн. Бид 3- 4 дахин өндөр үнээр шатахуун авах болсон гэсэн үг. Энэ нь цэвэр ОХУ-ын дотоодын нөхцөл байдал, төрийн зохицуулалттай холбоотой юм. Тав ба зургадугаар сард Монголын импортыг ийнхүү хүнд байдалд оруулсныхаа дараа зургадугаар сарын сүүлээр Монголын импортлогч компаниудыг “Роснефть” дуудаж нэлээд тулгалтын шинж чанартай Гэрээ хийсэн. Нийлүүлэх шатахууныхаа хэмжээнд квот тогтоосон. Одоо Монголын импортлогч компаниуд яг тэр квотонд заасан хэмжээгээр л шатахуун худалдаж авч байгаа. Өнгөрсөн оны зургадугаар сард “Роснефть” компанийн квотолж өгсөн хэмжээ нь Монгол улсын жилийн хэрэглээний 45 хувь байгаа. Уг гэрээ энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилнэ. Гэрээ дууссаны дараа нөхцөл байдал яах вэ гэдэг ойлгомжгүй байгаа.

Ийм нөхцөл үүссэн учир манай импортлогч компаниуд бусад нийлүүлэгчидтэй ажиллаж эхэлсэн. Ингэх боломж олгосон нэг таатай зүйл бол Монгол улсын Засгийн газар жижиглэнгийн үнийг харьцангуй чөлөөлсөн. Үүний үр дүнд ОХУ-ын өөр томоохон нийлүүлэгчид болох ТНК, Газпром, Беларусийн DW Oil, Хятадын China Oil гэх мэт компаниудтай ажиллаж эхэлсэн. Ингээд нийт хэрэглээнийхээ тал хувийг эдгээр компаниудаас манай импортлогчид нийлүүлж чадсан байгаа.

Өмнө нь монголчууд шатахуунаа 100 хувь авдаг байсан Ангарскийн үйлдвэр бол манай хилд маш ойрхон шүү дээ. Гэхдээ нөгөө квотоос үүдээд Ангарскийн үйлдвэр Монголын хэрэгцээний 45 хувийг л өгч эхэлсэн учир одоо импортлогчид маш холоос шатахуунаа авах хэрэгтэй болж байгаа. Энэ нь яах аргагүй зах зээлийн үнэд шууд нөлөөлж байгаа юм.

Хятадын хувьд Хөх хотын нефтийн үйлдвэрээс бусад нь Монголоос бас зайтай хол. Тээврийн асуудлаас болоод Хятадын гүнээс шатахуун  авчирна гэдэг Оросоос авахаас ч илүү хүндрэлтэй. Түүнчлэн, хамгийн ойрхон байгаа Ангарскийн болон Хөх хотын нефтийн үйлдвэрүүд хоёулаа технологийн шинэчлэл хийх гээд засварт орчихсон байгаа. Тиймээс эдгээрээс хангалттай хэмжээний нийлүүлэлт хийх боломжгүй болчихсон.  Ангарскийн үйлдвэр 7 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай байсныгаа 15 сая тонн болгон, Хөх хотын үйлдвэр 5 сая байсныгаа 10 сая тонн болгох гээд техникийн шинэчлэл хийж байна.

Нэг зүйлийг бас онцгойлон хэлмээр байна. Нефтийн компаниудыг 20- 60 хувийн өндөр ашигтай ажилладаг гэж ярьдаг. Энэ бол онолын хувьд ч боломжгүй зүйл. Яагаад гэвэл нийт үнийн бүтцийн 85 хувь нь гадаад зах зээлээс худалдаж авч байгаа үнэ байдаг. Үүн дээрээ тээвэрлэлт, ажилчдын цалин гэх мэт зардал дахиад 10 орчим хувийг эзэлдэг. Ингээд үндсэндээ 5 хувийн ашигтай л ажиллаж байгаа юм. Засгийн газрын зүгээс татварын бодлогоор үнийг тогтвортой байлгах арга хэмжээг сүүлийн 2 жилийн хугацаанд авч байгаа. Үүний үр дүнд жижиглэнгийн үнэ харьцангуй тогтвортой байж ирсэн. Энэ нь бас инфляц тогтвортой байхад нөлөөлсөн байх.

Үндэсний шинэтгэлийн хорооны Газрын дарга  Б.Ганбаатар:

Их хурлын зарим гишүүн санаачлаад төрөөс импортыг гартаа аван,  компаниудад хямдаар нийлүүлэх тухай  хуулийн төсөл санаачилж байгаа. Үүнд импортлогч компаниуд хэрхэн хандаж байгаа вэ?

М.Халиунбат: Газрын тосны газар бол мөн л төрийн байгууллага. Энэ газар импортлогч компаниудын захиалгыг нэгтгэж аваад цааш нь уламжилдаг. Тиймээс өмнөх ажлын бүтэц нь одоо төрийн зохицуулалт хийнэ гээд байгаагаас нэг их ялгаагүй зүйл байсан. Төр мэдэлдээ авснаар одоо байгаа механизмаас чухам юу нь илүү дээр болж, сайжрах  вэ гэдэг нь ойлгомжгүй. Зарим хүмүүс хэлдэг, олон компани очиж үнэ ярьж уралдаад үнийг өсгөөд байна гэж. Ийм зүйл байдаггүй. Зах зээлийнхээ хуулиар үнэ нь тогтдог учраас олон компани, эсвэл  цөөн компани нийлүүлэгч дээр очих эсэхтэй огт холбоогүй зүйл.

Б.Г: Шатахууны үнийн өсөлт валютын ханшаас гол төлөв хамаарч байна гэдэг. Сүүлийн үед валютын ханш буурсан үзүүлэлттэй байхад шатахууны үнэ буурсангүй?

Валютын ханш бол нэг гол  хүчин зүйл нь. Үүнээс гадна олон хүчин зүйл нөлөөлдөг. Нефтийн салбар үндсэндээ саван дээр тогтдог. Савтай байж бизнес хийнэ.  Тухайлбал, манай савнуудын ихэнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. 20 жил ашиглах стандарттай атал одоо 25 жил болж байна гэдэг маш аюултай зүйл шүү дээ. Үүнд маш их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа. Нэгдүгээр сарын 6-ны өдөр яагаад ханш дөнгөж өсөхөд дагаад үнэ өсчихөв гэж асуудаг. Бид ханш бага байхад авсан шатахуунаа бага үнээрээ зардаг. Гэтэл ханш өсөхөд үнээ өсгөхгүй бол дараагийн худалдан авалтаа хийж чадахгүйд хүрнэ.

Том амлалт өгч гэмээнэ ОХУ шатахууныхаа үнийг буулгах магадлалтай

Санхүүгийн зохицуулах хорооны Газрын дарга Ганбаяр:
Төр импортолно гэж байгаа нь оросуудын тавьсан тэр өндөр татварыг бууруулаад бага үнээр оруулж ирээд , компаниуд зөвхөн жижиглэнгийн худалдаагаа хий гэсэн л үг. Түүнээс биш өрсөлдөгч өөр нэг төрийн компани гаргаж ирэх гэж байгаа юм биш. Ийм байдлаар үнийг бага түвшинд бариад байх боломжгүй гэж үү?

Тийм боломж байгааг үгүйсгэхгүй. Гол болгоомжлох зүйл нь Монголын төр оролцоод эхэлбэл Оросын талаас маш том амлалт нэхэж, том болзол тавьж ярьж болзошгүй. ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуультайгаа холбоотойгоор бас улстөржөөд байх шиг. Төрөөс жижиглэнгийн үнийг хатуу барьчихдаг. Тэгэхээр үйлдвэрлэгчдийн хувьд эцсийн бүтээгдэхүүн гаргах нь ашиггүй болж ирнэ. Үүнээс болоод түүхий нефтиэ илүү экспортлоод эхэлдэг, эсвэл Казахстан, Беларусь руу шатахуун гаргадаг. Бид  АИ-92, АИ-95 бензинийг Беларусаас дамжуулж авч байгаа. Тэгэхээр энэ нь ОХУ-ын дотоод дахь цэвэр улс төр, бизнесийн үйл ажиллагаа явагдаад байгаа юм. Харамсалтай нь хохирогч нь монголчууд болоод байна.

Үндэсний шинэтгэлийн хорооны Газрын дарга Батхүрэл:
Та илтгэлдээ Монголын 300 мянган тоннын боловсруулах үйлдвэр нь Орос,  Хятадынхаас нэн ялгаатай гэж ярьсан. Тэгэхээр Монголд боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн үг үү?

М.Халиунбат: Хэмжээний үр ашиг гэж байдаг. Ангарскийн үйлдвэр, Хөх хотын үйлдвэрүүдийг үүнтэй харьцуулж бодоосой гэж хэлсэн юм. Боломжгүй гэж хэлээгүй.

Батхүрэл: Үнийн өсөлт нь долларын ханшаас хамааралтай гэж ярьж байсан. Одоо болохоор хөрөнгө оруулалтын зардал зэрэгтэй холбоод яриад явчихлаа. Хэрэв доллар эргээд 1250 төгрөгт хүрвэл бензиний үнэ хуучин хэвэндээ очих уу?

М. Халиунбат: Импортлогчид төлбөрийг сар болгоны эхний тав хоногт урьдчилж 100 хувь төлдөг. Тиймээс валютын ханш сарын эхэнд 1250 байвал буцаад хуучин үнэдээ очих боломжтой.

Улсын нөөцийн агуулах барьж эхэлнэ

Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэл:

Газрын тосны хайгуул олборлолтын чиглэлээр одоо нийт 18 талбай дээр 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жилээс туршилтын олборлолтоос үйлдвэрлэлийн олборлолт руу шилжсэн. Одоогоор үйлдвэрлэлийн олборлолтыг Хятадын Дачин болон Доншен компаниуд хийж байгаа. Газрын тосны хайгуул олборлолттой холбоотой хамгийн чухал асуудал бол нөөц. 2010-2011 оны Эрдэс баялгийн мэрэгжлийн зөвлөлийн хурлаар албан ёсоор “Тосон уул” ордын газрын тосны баталгаат нөөцийг 190 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 20.16 сая тонн, Дачин компанийн олборлолт явуулж байгаа талбайн баталгаат нөөцийг 26 сая тонн, ашиглалтын баталгаат нөөцийг 2 сая тонноор тус тус Эрдэнэсийн санд бүртгээд байгаа.

Мэдээж жил жилийн хайгуулын дүнд нөөц нэмэгдэнэ. Монгол улсын газрын тосны импорт өмнөх оныхоос 17 хувиар өссөн. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 2011 оны импортын 94.4 хувийг ОХУ, 2.3 хувийг БНХАУ, 1.5 хувийг Беларусь улс, 0.8 хувийг Литва улс, 0.8 хувийг БНСУ тус тус эзэлж байна. Энэ нь ганц компанийн хараат байдлаас гарч, харьцангуй олон эх үүсвэртэй болж байна гэсэн үг.

Газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг бууруулах, тэглэх зэргээр үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ирсэн. Хангамжийн тал дээр бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор Үнэ тогтворжуулах зөвлөл байгуулагдсан. Одоо ажилдаа ороод явж байгаа. Мөн энэ ондоо багтаад улсын нөөцийн агуулах барих ажлыг хийж байна. Гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор үнийн ялгаатай бодлогыг барьж хэрэгжүүлж байгаа.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд үйлдвэрийн хүчин чадал том байж гэмээнэ бүтээгдэхүүний чанар сайн, нэр төрөл олон, үнэ хямд байх боломж бүрддэг. Монгол улсын хувьд ийм боломж байна уу гэдгийг судалж байгаа. Чойр- Сайншандын орчимд үйлдвэр барих талаар яригдаж байсан. Гэтэл эргээд түүхий тосны хараат байдалд орж болох тал ажиглагддаг. Яагаад гэвэл Монголд олборлож байгаа тосны хэмжээ том хэмжээний үйлдвэрт бол хаана нь ч хүрэлцэхээргүй байгаа юм.  Тийм болохоор бид бага хүчин чадлын үйлдвэрийг сонирхохоос өөр аргагүй болж байгаа. Үүн дээр эдийн засгийн үр ашгийг нь сайн бодолцох хэрэгтэй. Жижиг үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний чанар, хэмжээ нь том хүчин чадалтай үйлдвэртэй харьцуулшгүй байдаг.

Монголын тосыг дотооддоо боловсруулах үйлдвэр төрийн оролцоотой байна

Боловсруулах үйлдвэр дээр харж байгаа дараагийн хувилбар бол гуравдагч импортлогч улсаас түүхий нефть аваад, өөр улсад боловсруулаад бүтээгдэхүүн авах явдал юм. Энэ чиглэлээр 2 жил шахам судалж байна. Кувейт, Эмират зэрэг улсаас түүхий тосоо аваад, Хятадын Тянжиний боомт дээр боловсруулаад, шатахуунаа авах боломж ямар байна вэ гэдгийг судалж байгаа.

Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл авсан 5 компани байна. Өмнө нь газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл авах гэж олон компани хандаж ирсэн. Зөвшөөрлөө авч байсан боловч өдийг хүртэл тодорхой ажил хийгээгүй юм. Одоогийн байдлаар Монголсэкью компани Казахстанаас тосоо аваад, 2 сая тонны үйлдвэр барья гээд тусгай зөвшөөрлөө авсан байна. ENF Mongolia компани Оросоос тосоо аваад, мөн  1-2 сая тонны хүчин чадалтай үйлдвэр барихаар зөвшөөрлөө авсан. Дараагийн компани бол М Ойл энд Жи. 300 мянган тонны бага оврын хүчин чадалтай үйлдвэр барихаар зөвшөөрлөө тус тус авсан байна. Эрсдэлээ тооцоод, өөрсдөө үйлдвэрээ бариад, тос авах гэрээгээ хийгээд үйлдвэрлэнэ гэсэн бүх компани зөвшөөрлөө авсан. Үйлдвэр байгуулах  эрх нь нээлттэй байгаа.

Манай улс 2017 он хүртэл газрын тосны салбарт баримтлах төрийн бодлогыг баталсан. Үүнд Монгол улсын газар нутаг дээр олборлож байгаа тосыг ашиглах үйлдвэрийг заавал төрийн өмчийн оролцоотой барья гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулаад Монгол улсын Засгийн газраас 222 дугаар тогтоол гаргасан. Дорнод аймгийн Тамсагийн сав газраас олборлож байгаа нефтэд түшиглэн “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулаад, боловсруулах үйлдвэр байгуулах талаар асуудал оруулсан.

Өнөөдөр Монгол улсад 117 байгууллагын 1170 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Бид юуны түрүүнд улсын мэдлийн агуулахтай болох саналыг Засгийн газарт оруулаад байгаа. 2017 он хүртэл баримтлах бодлогод мөн 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийг яаралтай шинэчлэн боловсруулах талаар тусгасан. Мөн газрын тосны хайгуул олборлолт, хангамж,  техник технологитой холбоотой норм стандартыг хангах асуудал, газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгож салбарыг хөгжүүлэх талаар ч тусгасан. Өөрөөр хэлбэл өөрсдөө хайгуул олборлолтоо хийдэг болох, цаашлаад боловсруулдаг болоход анхаарал хандуулахаар тусгасан байгаа.

Б. Ганбаатар: Газрын тосны газраас хувийн компаниудтай тохирох байдлаар нөөц бүрдүүлнэ гэлээ. Энэ нь хэдий хэмжээтэй байх вэ? Энэ  нөөцөөр үнийн зохицуулалт хийгдэх үү?

П. Сарангэрэл: Компаниудын бүрдүүлсэн нөөц дээр тулгуурлаад Монгол улсын хэмжээнд хэр нөөцтэй байгааг одоо мэдээлдэг. Энэ бол компаниудын нөөц. Харин улсын нөөцийн агуулахтай болсноор үлдэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөөцийг бүрдүүлэх юм. Саяхан Сангийн яамнаас 5 тэрбум төгрөгийг нөөц нэмэгдүүлэхээр гаргасан. Гэхдээ энэ нь нөөцийг ердөө 2 өдрөөр л нэмэгдүүлж байгаа юм. Цаашдаа дор хаяж нэг сарын нөөц бүрдүүлэх шаардлага гарч ирнэ. Тиймээс энэ талаар холбогдох яамдад асуудлаа тавьсан.

Төрийн оролцоотой компани байгуулах талаар ярилаа. Энэ нь төр өөрөөсөө мөнгө гаргаад байгуулна гэсэн үг үү, эсвэл өөр зохицуулалт хийгдэх үү?

“Дорнод Монгол газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани дээр Төрийн өмчийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яамнаас Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Төрийн оролцоо хэдэн хувь байх, хувийн хэвшлийн оролцоо хэдэн хувь байх, хамгийн гол нь дүрмийн сан нь яаж бүрдэх вэ гэдгийг ярилцаж байна. Удахгүй тодорхой шийд гарах байх.

Арабын орнуудаас түүхий тос аваад үйлдвэрлэл явуулах асуудал 2008 онд яригдаж байсан. Гэтэл одоо бас яригдсаар л байна. Магадгүй дахиад хэдэн жилийн дараа яригдаад л явж байх юм биш биз?

П. Сарангэрэл: Энэ асуудал 2008 оны үед түүхий тосоо авчраад, Монголдоо боловсруулъя гэж яригдаж байсан. Гэтэл одоо үйлдвэр нь нэгэнт манайд байхгүй болохоор Хятадад үйлдвэрлэх талаар ярьж эхэлсэн. Тээвэрлэлтийг хэрхэн шийдэхээ судалж байгаа.

Эрсдэлийг арай урт хугацаагаар, жилээр нь  тооцох арга хэмжээ авч болдоггүй юм уу?

П. Сарангэрэл: Тийм боломж байхгүй. Жилээр гэрээ хийдэг, урт хугацаагаар үнээ тогтоодог ямар ч компани байхгүй. Хэрэв үнэ нэмэгдээд ороод ирвэл гаалийн албан татвар, онцгой татвараа бууруулах санал оруулж шийдэх л боломж байдаг. Тэгээд ч компаниуд өөрсдөө очоод үнээ яриад,  импорт хийдэг зүйл ерөөсөө биш.

Оруулж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүний хэдэн хувийг ямар үнээр томоохон уул уурхайн компаниуд авдаг вэ? Хэрэглэгчдэд хэдэн хувь нь очдог вэ?

П. Сарангэрэл: Тухайн уул уурхайн компани тендер зарлаад, импортлогч компани өөрийн үнийг санал болгодог. Ямар компанид нь аль импортлогч ямар үнээр нийлүүлж байна вэ гэдэг асуудалд бид  оролцдоггүй.
Хэлэлцүүлэг ийнхүү цааш өрнөсөн юм. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой дизель түлшний хэрэгцээ асар их нэмэгдэх нь ээ гэсэн хандлага хэлэлцүүлгээс харагдаж байлаа. Тиймээс нүүрснээс дизель гаргаж авах том хэмжээний төслөө MCS компанийн төлөөлөгч мөн танилцуулав.

Монголчууд түлш шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэхээр ямар ч гэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Харин цаг хугацаа шаардсан томоохон бүтээн байгуулалт явагдаж байх зуур нефть бүтээгдэхүүний хангамж муудах вий гэсэн болгоомжлолыг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс илэрхийлж байсан юм. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ аажмаар өссөөр байгаа болон ОХУ-ын дотоодод сонгууль тойрсон үнийн хатуу бодлого үргэлжилсээр байна. Гадаад нөхцөл байдлыг даван гарахын тулд юуны түрүүнд төр нь хувийн хэвшлээ дэмжиж, хэн хэнийхээ хүчин чармайлтаар нефтийн хямралыг гэтлэх онцгой цаг үе ирж байна. Монголын эдийн засгийн чуулганы үеэр энэхүү асуудлыг хөндөн, гарц хэлэлцэх хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Г. Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж