Өндөрлөх хугацаанаасаа хэтэрсэн УИХ-ын намрын чуулганыг маргааш завсарлуулах гэж байна. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай багц хуулийн төслүүд, мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шалтгаанаар өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын захирамжаар намрын чуулганы завсарлах хугацааг хойшлуулсан юм. Тэгвэл УИХ-ын намрын чуулганыг маргааш орой өндөрлүүлэхээр болжээ. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, байнгын болон түр хороод хуралдана. Улмаар маргааш чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг зарлажээ. Түүгээр орон нутгийн сонгуулийн хуулийн тухайд анхны хэлэлцүүлгийг нь хийхээр төлөвлөсөн байна. Хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах уу, эсвэл анхны хэлэлцүүлгийг нь хийгээд хаврын чуулганд шилжүүлэх үү гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Д.ОЮУН