Утаагүй Улаанбаатартай болох мөрөөдөл рүү

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Утаагүй Улаанбаатартай болох мөрөөдөл рүү

Түм түжигнэж, бум бужигнасан их хот руу Болдынх нүүж  байна. Сумын төвийн сууринд нь  ажил  олдохгүй учир  хэдэн  хүүхдээ  өөрсөд шигээ  болгохгүйн тулд  тэдэнд  үүнээс өөр  сонголт  байсангүй. Ямар  ч  байсан Толгойт  хавьцаа хамаатныхаа  хашаанд гуйж өвөлжихөөр болсон юмсанж. Тэр хот газрын утаа гэж   маш хэцүү нэг  юм байдаг тухай, тэр нь нийслэлийнхний эрүүл  мэндэд ямар хөнөөлтэй тухай яриаг  тэдний  гэр бүл  хангалттай сонссон ч өнөөх утаа  рүү зүтгэж  байгаадаа санаашрангуй байх ажээ. Яг энэ Болдын гэр бүл шиг 30 гаруй мянган иргэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлд шилжин ирж, олонхи нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллуудад шинээр суурьшчээ. Хөдөөнөөс ирсэн тэд гэр хорооллын хаяаг уулс тийш тэлж Улаанбаатарт дор хаяж 10 мянган яндан босгосон  байна. Монгол Улсын  иргэн амьдрах газраа  өөрөө чөлөөтөй сонгох  эрхтэй  тул үүнийг хэн ч зогсоож чадахгүй. 10 мянган яндангийн утаа нийслэлийн агаарт нэмж  цацагдахаар  агаар дахь хорт найрлага нь  улам нэмэгдмээр. Харин өнгөрсөн Баасан гарагийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр  Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд энэ өвөл агаар дахь  тоосонцорын хэмжээ 16,5 хувиар, хорт бодисын хэмжээ 10-15 хувиар буурсан гэдгийг танилцууллаа. Яндангийн тоо нэмэгдсэн байхад утааны хорт чанар  яагаад буурсан гэдэг нь их  сонин үзүүлэлт  болж  таарав. Хэдэн  мянган Дорж, Дулмаа нар нийслэлд ирж яндан босгосон хэдий ч  50 мянган айлын зуухыг утаа багатай зуухаар сайжруулж чадсан нь  утааны найрлагын  хоруу чанарыг багасгахад  нөлөөлжээ. 

Утаа бага ялгаруулдаг зуухны ачаар цэнгэг агаартай болох төсөл, хөтөлбөрүүдийг одоогоос олон  жилийн өмнөөс ярьж, хийж байсан ч үр дүн тааруу байснаас шалтгаалаад энэ  ажил  үлгэр гэж хэлүүлдэг болчихсон  байлаа. Харин өнгөрсөн  намраас эхэлсэн утаагүй зуухны нийлүүлэлт нийслэлийнхний сэтгэл зүйг өөрчилж  эхэлсэн нь  хэсэг хугацааны дараагаар харагдаж эхэлжээ. Хамгийн гол нь зуухыг үнэгүй өгч үнэгүйдүүлэлгүй, баргийн айл худалдаад авчих хямд үнээр  борлуулж  байсан тул өнгөрсөн наймдугаар  сараас хойш бүрэн шаталтат  50 мянган зуухыг  хэрэглэгчдэд хүргэж  амжжээ. Үүнд бас нэг  сонирхолтой явдал гараад байгаа юм. 300 гаруй мянган төгрөгийн үнэтэй зуухыг  төслөөс болон төсвөөс  татаас  төлсний хүчинд ердөө 24 мянган төгрөгөөр худалдаж  байхад өө эрсэн зарим хүн дээрх зуухны  талаар аль болох бүтэхгүйг талыг нь ярьж байхад,  нөгөө талд  нь хязгаарлалтын бүст  багтаагүй, төслийн зуух хөнгөлөлттэй үнээр авах боломжгүй нэг нь утаа  бараг гаргадаггүй, түлш  бага зарцуулдаг энэ зуухыг авахын тулд  эрэл сурал болж байгаа бодит жишээ олон байна. Зарим нэг нь хөдөөнөөс зорин ирж Турк зуухыг чинь идшээр  “Тулъя” хэмээх болжээ. Ингэж эрэл сурал болоод байгаагаас харахад утаагүй зуухыг  эхнээс нь “заавал  ав, үгүй бол нүүлгэнэ” гэж шахах хэрэг байсан ч юмуу даа. Тэгж шахаж, сүрдүүлээд  байхаар “Шахаа”-ны  эд гэж  зарим  иргэд  баахан  гоочилсон шүү дээ, өнөөх  зуухыг.

Хэдийгээр хөдөөнийхөн Хас, Өлзий зуухын сайн талыг мэдрээд идэшний бяруугаар ч болов авъя  гэж  байгаа боловч хэрэв  зуухаа  зарвал айлууд  хэрэгт орно. Тэд зуухыг зөвхөн хязгаарлалтын  бүс дотор  ашиглах, бусдад  зарахгүй байх үүрэг  хүлээсэн  байгаа  юм. Төслийнхний зүгээс  цаашид  мониторинг хийж хэрэв зуухыг зарсан бол  бүтэн үнийг нь  төлүүлэх  хүртэл  арга хэмжээ  авна гэж гэрээлсэн  ажээ.

Энэ бүхнээс харахад “утаагүй зуух” гэж нэрлээд байгаа энэ удаагийн ажиллагаа урьдынхаасаа арай  өөр болж, “зуух сайжруулж, утаа бууруулна гэж байхгүй” гэх улиг домог болсон ойлголтыг өөрчилж байна. Утаа гаргадаггүй зуух гэж уг нь  байхгүй л дээ. Гэхдээ утааг 90 хүртэл хувиар шүүн цэвэршүүлж  байгаа  учраас төслийн багийнхан ингэж  нэрлэж  байгаа юм билээ. Хамгийн гол  нь утаа  бага ялгаруулдаг 50 мянган зуухыг нийлүүлсний  дараах үр дүн нь утааг  бууруулах боломж байгааг харууллаа. Ажил хийж  буй хүмүүст садаа мундахгүй тул  хувийн хэвшлийнхнийг зөвхөн ашиг харж ийм  ажил хийж байна гэж хардаж, юм бүхнийг хараар будсан эрүүл бус шүүмжлэлүүд  гарсан хэдий ч гол нь ажлын үр дүн сайн гарч, агаарын чанар сайжирч буй нь төсөл хэрэгжүүлэгчдэд чухал  байгаа ажээ.

Энэ ажлын дүнд утаа нэмэгдэхийг хязгаарлаж  чадсан учир цаашлаад  утаагүй хотод амьдрах ирээдүй нийслэлийнхэнд ойрхон харагдаж байна. Хямд үнээр ийм  зуухтай болсноор түлшний  хэмнэлт  илт  мэдрэгдэж байгаа гэж иргэд ам  сайтай  байна. Эхлээд өрхийн эдийн засагт гарч буй хэмнэлтээ чухалчилж, дараа нь утаа багатай талаар дайвар маягаар магтаж байна билээ. Тэгэхээр гэр хорооллоос үүдэлтэй утаатай тэмцэхдээ үнийн хөнгөлөлт, түлшний хэмнэлт зэргийг нэн түрүүн бодолцож иргэдэд зориулсан эдийн засгийн хөшүүргийг тааруулах, бүтээгдэхүүнийг тасалдалгүй, хүртээмжтэй байх талаас нь зөв менежмент хийвэл үр дүнд хүрэх бүрэн боломж байгаа нь энэ удаагийн Цэвэр агаар төслийн явцаас харагдаж байна. 

Яг одоо нийслэлийн 50 мянган айлын яндангаас утаа бага ялгарч байна. Үүний үр дүн эерэг гарч эхэлсэн, цаашид  бүх айл ийм болоход байдал огт өөр болох юм байна гэсэн гэгээлэг үзэл түнэр харанхуй утааг гийгүүлж эхэллээ. Утаагүй Улаанбаатартай болох мөрөөдөлдөө нийслэлчүүд бид хэдэн алхам ч болов ойртсон  бололтой. 

Б.Итгэлт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж