”World Press Photo” оны шилдэг гэрэл зургийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

”World Press Photo” оны шилдэг гэрэл зургийг нэрлэв

“World Press Photo" олон улсын уралдааны шүүгчид энэ сарын 10-нд буюу өнгөрөгч баасан гаригт “2011 оны шилдэг гэрэл зураг”-ийг нэрлэв. Йемен дэх зэвсэгт мөргөлдөөний үеэр авсан Испанийн гэрэл зурагчин Самуэль Арандагийн гэрэл зургийг “World Press Photo” сан “2011 оны шилдэг гэрэл зураг”-аар нэрлэжээ.

 ”World Press Photo”-гийн 2011 оны шилдэг зураг нь ерөнхийлөгч Али Абдулла Салехийн эсрэг жагсаалын үеэр хээрийн эмнэлэг болгосон сүмд шархадсан хамаатныхаа хамт байгаа эмэгтэйн зураг юм. Уг зургийг 2011 оны аравдугаар сарын 15-нд авсан бөгөөд “Мэдээн дэх хүмүүс” ангиллын дагнасан гэрэл зургийн тэргүүн шагнал хүртсэн байна. 

Гэрэл зургийн сурвалжлагч нарын дунд явагддаг хамгийн нэр хүнтэй “World Press Photo” уралдааны шагналтнуудаар 24 орны 57  гэрэл зурагчин шалгарсан байна. Шилдгийг 13 шүүгч 5000 хүнээс ирсэн 100 мянга орчим гэрэл зургаас тодруулжээ.

Дэлхийн гэрэл зургийн сурвалжлагчдын “World Press Photo Awards” уралдааныг “World Press Photo Foundation” сан зохион байгуулдаг. Арилжааны бус “World Press Photo” байгууллага нь Нидерландын жононгийн ивээл дор 1955 оноос хойш ажиллаж байгаа. Гэрэл зургийн сурвалжлагад олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд жил бүр Амстердам хотноо энэ уралдааныг зохион байгуулан ялагчдыг зарладаг. “Өдөр тутмын амьдрал”, “Спортын үйл явдал”, “Байгаль орчин”, “Хөрөг” мөн гол номинаци болсон “Оны шилдэг зураг” гэх мэтийн 10 ангиллаар шагналтнуудыг тодруулдаг.

Эдгээр ангиллыг жагсаавал:

Sport News – Үйл явдлын газраас хийсэн сурвалжлага,
General News – Ерөнхий мэдээ,
People in the News – Мэдээ ба хүмүүс,
Sport Action – Спортын эгшин,  
Sports Features – Спорт,  
Contemporary Issues – Чухал сэдвүүд,
Daily Life – Өдөр тутмын амьдрал,
 Portraits – Хөргүүд,
Arts and Entertainment – Урлаг ба цэнгээн
Nature – Байгаль.

Энэхүү уралдааны ялагчийг тодруулахдаа бие даасан, ямар нэгэн цензур үгүй гэрэл зурагчдын бүтээлд хүндэтгэлтэй хандах гэсэн зарчмыг баримталдаг. Тус сангийн төв нь Амстердам хотноо, салбарууд нь Франц, Их Британи, АНУ-д байдаг. Сан үзэсгэлэн зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсийг дэлхий даяар холбож өгөхөд нь туслах зорилготой. Мөн боловсролын төслүүдийг хэрэгжүүллэг бөгөөд сангийн ивээн тэтгэгч нь “Canon” болон “TNT” компани. Мөн Нидерландын Үндэсний лотереи (Dutch Postcode Lottery) дэмжлэг үзүүлдэг.

Уралдааны гол шагнал нь “Алтан нүд” (Golden Еуе)-ийг сэдэв, үйл явдал, сэтгүүл зүйн амин чухал үйл явдлын чимэг болсон дагнасан буюу цуврал зургуудад олгодог бөгөөд 10 мянган евро, тавдугаар сард Амстердамд  шагнал гардуулах ёслолд ирж оролцох болон буцах, буудлын хөлс дагалддаг. Мөн ялагчид гэрэл зургийн “Canon” маркийн хамгийн шинэ загварын дижитал аппарат, арван ангиллын тэргүүн шагналд 1500 евро, Амстердамд ирж буцах тийз, тэнд байрлах байрны хөлс олгодог. Ангилал тус бүрийн хоёр ба гуравдугаар байр эзлэгсдэд “Алтан нүд” шагнал, диплом олгодог аж.

Уралдааны шилдэг бүтээлээр “Yearbook” цомог гаргадаг бөгөөд жил бүр шагналтнуудын шилдэг бүтээлийг дэлхийн 45 оронд үзүүлдэг юм.

-World Press Photo уралдааны шагналтнууд-

“Мэдээ ба хүмүүс” ангиллын тэргүүн шагналыг “Цунами” цуврал зураг авлаа. Фото: Yasuyoshi Chiba /AFP


“Ерөнхий мэдээ” ангиллын тэргүүн шагнал авсан “Ливийн төлөөх тулалдааан” цувралын зураг. Фото: Rumi Ochlik/ochlik.com

“Ерөнхий мэдээ” ангиллын дагнасан гэрэл зургийн хоёрдугаар байрны “Японы газар хөдлөлт”. Ишиномаки боомтын зураг. Фото: Lars Lindqvist/dn.se

Каирын Тахрирын талбайн жагсагчид. “Ерөнхий мэдээ” ангиллын дагнасан зургийн тэргүүн  шагналт “Мубарак, зайл”  зураг. Фото: Alex Majoli/alexmajoli.com

“Ерөнхий мэдээ” ангиллын хоёрдугаар байр эзэлсэн “Цунамийн үр дагавар” цуврал зураг. Фото: Paolo Pellegrin/magnumphotos.com

 Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж