Н.Энхбаяр жинхэнэ ”төрийн зүтгэлтэн” болсон гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр жинхэнэ ”төрийн зүтгэлтэн” болсон гэв

Өнгөрсөн баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа байранд хэвлэлийн бага хурал зарлаж, АТГ болон прокурорын байгууллагад шалгагдаж буй “Улаанбаатар” хэвлэх үйлдвэртэй холбоотой хэргийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэр “Улаанбаатар” хэвлэх үйлдвэр болон Н.Энхбаяртай холбоотой гэх бүх хэргүүд үндэслэлгүй бөгөөд түүнийг зөвхөн 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд элдэв хэргээр шалгаж байна гэлээ. Н.Энхбаяр энэ тухай “Намайг гурван жилийн хугацаанд шалгасан. Юу ч илрүүлж чадахгүй байгаа шүү дээ. Намайг шалгахын тулд миний туслах, хүү гээд шалгаагүй хүн бараг үлдсэнгүй. Гэхдээ би шалгуулсандаа буруудаагүй гэж бодож байна. Шалгах нь ч зөв байсан” гэлээ. Түүнчлэн нэгэнт Н.Энхбаярыг гэдэг хүнийг шалгасан юм чинь түүнээс өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди болон үе үеийн Ерөнхий  сайдуудыг бүгдийг нь шалгах нь зүйтэй гэв. Учир нь эдгээр хүмүүс ч гэсэн төр барьж, түшилцэж явсан учраас ямар нэг байдлаар хардлага сэрдлэг, хэл аманд өртөж байсан, тийм байхад ганц Н.Энхбаярыг шалгах нь хуулийн байгууллагынхны хувьд ч ёс зүйгүй хэрэг гэнэ. Мөн энэ өдөр МАХН-аас мэдэгдэл гаргаж, өнөөгийн төр, засаг, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагууд шударга ёсыг уландаа гишгэж, өшөө хонзонд хөтлөгдөн улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж буйг буруушаалаа. Тэд 2012 оны УИХ-ын сонгуулийн хуулийг эрх баригчид зөвхөн өөрсдийн эрх ашигт зориулж гаргасан нь хууль бус үйлдэл гэсэн бөгөөд энэхүү хуулинд тусгасан заалтууд нь МАН, АН хоёроос бусад нэр дэвшигч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийг 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, зөвхөн өөрсдөдөө зориулсан хууль баталсан гэж үзэж байгаа юм байна.

Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, бусад 75  гишүүн ч гэсэн  луйвардаж гарсан учраас ирэх сонгуульд нэр дэвшихээс татгалзах хэрэгтэй гэв. МАХН-ын даргын хэлж буйгаар бол УИХ, Засгийн газрын гишүүд бүгд л мөнгө иддэг, уудаг тул тэднийг АТГ-т шалгуулдаг журамтай болох ёстой гэнэ. Н.Энхбаяр энэ тухай хэлэхдээ “Би ч гэсэн намын дарга байхдаа алдаж байсан юм байна” гэсэн нь өндөр албан тушаалд байгаа хүн бзрийг авлига, хээл хахууль тойрдоггүй дайрдаг бололтой. Харин мань эр гурван жилийн хугацаанд хуулийн байгууллагад шалгуулсан нь түүнийг ёстой л нэг “хүмүүжүүлсэн”, энэ удаад шалгуулж, мөрдүүлж “цэвэрхэн” болсон МАХН-ын дарга жинхэнэ төрийн зүтгэлтэн болсон гэнэ. Тиймээс МАХН өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Иргэний хөдөлгөөнүүд болон МҮАН, Ногоон нам зэрэг улс төрийн намуудтай нэгдэн “Бүх ард түмний хуралдайг” зохион байгуулж, хуралдайгаас гарсан шийдвэрийн дагуу МАХН, МҮАН, иргэний хөдөлгөөн, эвслүүдтэй УИХ-ын сонгууль хүртэл хамтарч ажиллах аж.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж