Улаанбаатар өртөөний нэг өглөө

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар өртөөний нэг өглөө

Монголчуудын уламжлал болсон цагаан сарын баяр ойртсонтой холбогдуулан Эрээнийг зорих хүмүүсийн тоо олширсон. Бүр галт тэрэгний тасалбар ч олдохгүй байгаа гэнэ.

Амралтын өдөр буюу бүтэн сайн өдрийн өглөө хамаатныхаа эгчийн даалгавраар Эрээний галт тэрэг тосохоор очлоо. Галт тэрэг өглөө 09.30 цагт ирэх ёстой ч галт тэрэгний буудал цагаасаа эрт олны хөлд дарагджээ. Замдаа гарах гэж байгаа, ирж байгаа гээд Улаанбаатар өртөө хүний хөл тасрах шинжгүй. Удалгүй өртөөний зарлагч Замын-Үүдийн галт тэрэг гуравдугаар замаар орж ирж байгааг зарлав. Улаанбаатар өртөөний зорчигч буулгах талбай зай багатай учраас ээжийгээ, аавыгаа, эхнэрийгээ хүлээсэн хүмүүс олноор чихэлдэнэ. Хотынхон чинь тэр чигээрээ энэ өртөөн дээр цугласан юм байх даа гэж бодмоор. Олон хүний дундуур зайчилж явсаар нэгдүгээр суудлын дэргэд ирлээ. Суудлын галт тэрэгний цонхоор хүмүүс л сууж харагддагсан. Гэтэл Эрээний галт тэрэг арай өөр бололтой. Цонхоор нь багласан цүнхтэй, хайрцагтай бараанаас өөр зүйл харагдсангүй.

Галт тэрэг зогсмогц хүмүүс хөдөлгөөнд орж эхэллээ. Нэгнээсээ урьтаж бараагаа буулгаж авах гэсэн бяцхан өрсөлдөөн. Суудал хооронд дамждаг нарийнхан гудмаар ачаагаа үүрхийг нь үүрээд, чирэхийг чирч, өшиглөхийг нь өшиглөж эхлэх нь тэр.  Чи наашаа, би гэлцэнэ. Би ч тэдний нэгэн адил эгчийнхээ барааг зөөлцөж, тэдний нэгэн адил наймаачин болов. Онцлог нь тэнд бухимдаж байгаа хүн огт байхгүй. Бүгд л амьдрах гэж зүтгэх нэгэн жимээр явж байгаа учраас тэд биесээ их сайн ойлгодог юм билээ. Гайхмаар эсвэл сонин зүйл нь тэнд ачаа зөөж яваа наймаачдын  дийлэнхи нь эмэгтэйчүүд.  Хэдийгээр муухан эрээс ч давжаа биетэй хэрнээ бараагаа хэнэээс ч дутахгүй зөөж, өргөж, бүгдийг зохицуулж байгаа нь бахархмаар. Айл гэрийг аавууд зохицуулж явдаг гэдэг ойлголт байдаг ч энэ удаа лав эмэгтэйчүүд наймаанд илүү чадвартай юм болов уу гэсэн бодол төрж байлаа.  
Нэг гартаа хоёр хайрцаг өргөж, нураандаа давхарлаад хоёрыг үүрчихнэ, тэгээд хүзүүнээсээ гар цүнхээ зүүгээд, хөлөөрөө нэгийг өшиглөнө. Энэ дүр зураг Эрээнээс ирсэн бүх хүнд үйлчилдэг учраас бусаддаа туслана гэсэн ойлголт байхгүй. Бүгд ижил хуулиар ачаагаа зөөнө, хураана. Тэрэгчин дуудах гэхээр үнэтэй, бас хүрэлцээ муу. Таван хайрцаг барааг л 10 мянган төгрөгөөр ачдаг учраас наймаачид тэдэнд 10 мянган төгрөг зарснаас таксинд өгсөн нь дээр гэх хүн байхад шөнийн турш суугаагаараа явж, ядарсан нэг нь  ачаагаа ачуулахаас аргагүй. Эгчийн маань хэлснээр бол өөрийх нь сууж ирсэн вагонд бүх хүн суугаагаараа ирсэн гэнэ. Уг нь бол галт тэрэг нэг, хоёрдугаар давхартаа хүн суулгаж, гуравдугаар давхартаа зорчигчийн гар тээш тавих зориулалттай. Гэвч хүн ихтэй учраас гар тээшинд ч гэсэн тасалбар биччихнэ. Нойргүй явах бол наймаачдад зовлон биш болсон аж.

Ингэж бужигнаж, зохицож бараагаа нэг юм буулгаж дуусна. Галт тэрэгнээс бараагаа буулгалаа гээд тэдний ажил дуусахгүй хотын наймаачид бол ачаагаа аваад машин хөлслөөд бараан зах руу гарч зарах ажилдаа орно. Харин орон нутгийн наймаачид Улаанбаатар өртөөний тээш хадгалах хэсэгт урт дараалал үүсгэнэ. Дараалалд зогсох зуураа амсхийж аваад л дараагийн ажилдаа орно. Мэдээж хөдөөгийнхөнд хотод амжуулах ажил мундахгүй хойно бараагаа хадгалуулж аваад дараагийн ажилдаа орно.

Ингэж бужигнасаар 11.30 цагийн орчим хүмүүс шингэрч эхэллээ. Галт тэрэг нь хураах гэж байгаа учраас энэ хооронд амжиж бараагаа буулгаж ав гэсэн дарамтыг эс тооцвол наймаачид сурцтай нь аргагүй бараагаа буулгачихав. Эрээнээс ирж байгаа, тосч байгаа гээд л ёстой л нэг Нарантуул зах дээрхи хүмүүс шиг бужигнаан хоёр цагийн дотор өрнөөд л дуусна.  Харин тэдэнтэй зөрж дараагийн ээлжний наймаачдын баг галт тэргэндээ суух гэж хэсэг оволзоно. Энэ дүр зураг өдөр бүр үргэлжилсээр хорвоогийн өдрүүд үргэлжилсээр.

Энэ удаагийн галт тэрэг вагон­той. Нэг вагонд 80 орчим хүний суу­дал бичжээ. Дээрээс нь ганц нэг хүн проводникийг найраад туулайчилсан гээд бодохоор бараг л 100 хүн нэг галт тэргэнд зохицож Улаанбаатарын бараа хардаг аж. Хэдийгээр галт тэрэг тээшинд бараа ачдаг ч тээш нь үнэтэй байдаг учраас проводникийг аргалж суудлынхаа дор, эсвэл тэвэрч ирдэг юм байна. Нэг галт тэргэнд 100 орчим гээд бодохоор нэг удаагийн явалтаар 2700 орчим хүмүүс зорчино. Энэ бол нэг л өдрийн тоо. Мэдээж бүгд наймаачин биш ч гэсэн дийлэнхи нь “панзчид”.

Улаанбаатар өртөөний ажилч­дын хэлж буйгаар цагаан сарын баяр ойртсон учраас хүн ихтэй байгаа гэнэ. Ер нь Замын-Үүд чиглэлийн галт тэрэг ачаалал ихтэй байдаг гэнэ. Галт тэрэгний тоог нэмж байгаа ч ачаалал багасахгүй байгааг тэд хэлж байлаа. Сэргэлэн загнаж, эсвэл танил талаараа л Замын-Үүдийн тасалбар авахгүй бол баяр ёслолын үеэр тасалбар авах гэж ёстой л нэг “дайн” болдог гэдгийг наймаачид хэлж байсан. 

1990 оноос хойш урд хөршийн бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэг­дэж, ганзагын наймаачид ч гэсэн ол­ширсон гэдэг нь нууц биш.  Эрэлт байгаа газар нийлүүлэлт бай­даг хойно монголчууд Эрээний ба­раа хэрэглэхээс татгалзах цаг бо­лоогүй юм байна гэх бодол хоёр цаг наймаачны дүрд хувирахад төрж амжлаа.

Энэ бол ганцхан өдрийн Улаан­баатар өртөөний дүр төрх. Жинхэнэ амьдрал энд өрнөж байдаг юм шиг санагдсаныг нуух юун. Яагаад гэвэл тэд амьдралынхаа төлөө бусадтай зохицож, тэмцэж, зүтгэж, дайтаж чад­даг юм шиг. Тэдэнд улс төр, ний­гэмд юу болж байгаа нь сонин биш. Өнөөдөр бараандаа явлаа, маргааш ирээд бараагаа хурдхан зараад ашиг олоод дахин бараандаа явна. Амьдралын өрнөдгөөрөө л өрнөнө гэхдээ зүтгэж, уралдаж, зохицож байгаа нь амьдралын нэгэн өнгө.

Н.Хандсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж