Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Өнгөрөгч баасан гаригийн орой хуралдсан Хууль зүйн байнгын хорооны
хуралдаанаар Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн
тухай зэрэг гурван хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх
хуулийн төслүүд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдэж,
“виз”-ээ авсан ч анхны хэлэлцүүлэгт ортлоо багагүй хугацаа туулсан
билээ. Үүнээс болж өнгөрөгч даваа гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг
“Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-н тогтоолын төслөө
татаж авах юм бол Шүүхийн тухай багц хуулийн төслийг чинь явуулья” гэдэг
тулгалтыг хүртэл Ардчилсан намын бүлэгт хийж үзсэн билээ. Маргаан
дагуулаад байсан энэ сэдвээр долоо хоногийн эцэст хоёр намын бүлэг
тохиролцоонд хүрч, Шүүхийн тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлэг
үргэлжилсэн нь энэ. Харин Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай
/долдугаар сарын 1-ний хэргээс үүдэлтэй/ УИХ-ын тогтоолын төслийн
хэлэлцүүлэг ирэх хаврын чуулган хүртэл хойшилж байгаа юм байна.

Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн тухай
хуулиудын төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
П.Цагаан байнгын хороонд танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн санаачилсан
Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг
нь дэмжсэний дараа УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллахдаа хуулийн цөөнгүй
заалтыг хасч, ажлын хэсгээс санал аван дахин боловсруулсан байна. Харин
Байнгын хороон дээр хамгийн их маргаан дагуулсан заалт нь “хэргийг
шүүхээр шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ”
гэдэг заалт. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг
заалтыг “Гэмт хэрэг хийсэн хүн угаасаа шүүхээс ялаа аваад шийтгэлээ
хүртдэг. Хэрвээ шүүхийн шийдвэр бүрийг олон нийтэд ил болгоно гэвэл гэмт
хэрэгтний ард байгаа гэр бүлийн хүмүүс, ялангуяа насанд хүрээгүй
хүүхдүүд хамгийн түрүүнд хохирогч болно. Манайх шиг цөөн хүн амтай, бие
биенээ нэр зүгээр нь мэддэг хүмүүсийн хувьд энэ нь хүний эрхийг зөрчсөн
хэрэг” хэмээн эсэргүүцсэн юм.

Харин хууль санаачлагчдын зүгээс “Шүүхийн шийдвэрийг ил болгох нь олон
улсын практикт нийцэж байгаа. Энэ заалтыг оруулахын өмнө бид маш олон
орны хуулийг үзэж судалсан. Тэгээд шүүхийн шийдвэр ил байх нь сургалт
судалгааны хувьд ч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ч, мөн шүүх
ажиллагааг ил тод, хяналттай болгож, “хэргийг буруу, зөв шийдсэн” гэх
хард­лагаас сэргийлэх болно” гэсэн юм. Харин насанд хүрээгүй хүү­хэд
болон хүчингийн хэргүүд  гэх мэт хаалт­тай хуралдаанаар шийддэг хэр­гүүд
дээр хязгаарлалт хэвээрээ байгаа аж.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгчийн цалинг жилийн
хоёр хувийн нэмэгдэлтэй болгох, 25 жил ажилласан, эсвэл 55 нас хүрсэн
шүүгч өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болох, ингэхдээ үндсэн
цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтоолгохоор санал оруулжээ. Цэрэг,
цагдаа, прокурор, шүүхийнхний цалин нэг ангилалд багтдаг бөгөөд
цэргийнх­ний тэтгэврийг үндсэн цалингийн 80 хувиар тогтоож байгааг үндэс
болгон уг саналыг боловсруулсан байна. Гэвч цэргийнхэн нийгмийн
даатгалын шимтгэл төлдөггүй, харин шүүгчдийн цалин өндөр, түүнээсээ НДШ
төлөөд явдаг тул тэтгэвэр нь угаасаа өндөр тогтдог /Ерөнхий шүүгчийн
цалинг л гэхэд Ерөнхий сайдын цалинтай дүйцүүлж тогтоосоор удаж байгаа/
тул үндсэн цалингийн 80 хувиар тогтоох нь буруу. Тэгээд НДШ-ийн тухай
одоо үйлчилж байгаа хуулиар шимтгэл төлсөн бүх хүн сүүлийн таван жилийн
дундаж цалингийн 45 хувиар тэтгэвэр тогтоолгож байгаа аж. Тиймээс
шүүгчдийн тухайд тусгайлан хувь хэмжээг өөрөөр тогтоох нь нь “төлсөн
хуримтлалынхаа хэмжээгээр тэтгэвэр авах” тухай хуулийн шинэ зарчимтай
зөрчилдөнө гэж үзсэний дагуу төслийн үг заалтыг хаслаа.

Харин Хуульчийн тухай хуулийн төсөлд манайд үйл ажиллагаа явуулах лиценз
аваагүй гадаадын зөвлөх ком­паниуд хуулийн зөвлөгөө өгөхгүй, Монголд
үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүд зөвхөн манайхаас лиценз авсан
зөвлөх компаниудтай partnership хийсэн байх ёстой гэдэг шаардлагыг
тавьсан байна. Энэ нь дотоодынхоо зах зээлийг хамгаалж байгаа нэг хэлбэр
гэнэ. Учир нь одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн
компаниуд бүгд гаднын зөвлөх компаниудыг зөвлөхөөр сонгосон байдаг аж.

Одоо үйлчилж байгаа хуулиар хуулийн ангиад дөрвөн жил сурсан оюутан эрх
зүйч мэргэжлээр төгсч, хоёр жил ажилласны дараа шалгалт өгч байж хуульч
нэр зүүдэг. Тиймээс их дээд сургуулиудын сургалтын стандартыг шинэчлэх
асуудал Хуульчийн тухай хуулийн төсөлтэй хамт яригдлаа. Хуулийн
сургуулиудын магадлан итгэмжлэх хороо сургуулиудын хичээлийн агуулгыг
тодорхойлж, түүнийг нь их дээд сургуулиудын магадлан итгэмжлэлтэй
хамтатган хуулийн сургуулиудын стандартыг тогтоох юм байна. Гэвч гишүүн
С.Баярцогтын зүгээс “Хуульч, эмч хоёр дэлхий дээр хамгийн үнэ цэнэтэй,
хариуцлагатай, үнэлэмж шаарддаг мэргэжил. Тиймээс дөнгөж арван жилийн
сургууль төгссөн хүүхдүүдийг хуулийн мэргэжлээр сургадаг нь буруу. Аль
нэг дээд сургуульд хоёр жил сурсан оюутнуудаас шалтгалт авч сонгон
хуульч мэргэжлээр сургаж бэлтгэдэг байх нь зөв” гэсэн саналыг ч хэлж
байсан. Харин Х.Тэмүүжин гишүүн “Энэ асуудлыг хууль хэрэгжиж эхлэх
хүртэл шилжилтийн үеийн зохицуулалтаар шийдэж болох юм” хэмээн хариулна
лээ. Мөн хуулийн сургуулиудад тавьж байгаа шалгуурыг өсгөх тусам тэнд
багшлах багш нарын түвшний асуудал ч бас яригдах бололтой. 

Хуульчийн тухай хуулиар хуульч мэргэжлийн шалгуурыг өсгөж, Хууль­чийн
холбооноос мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгөхөөр болсон.
Тиймээс одоо уг мэргэжлээрээ ажиллаж байгаа, лиценз авсан хуульчдыг
дахин сургах  асуудал ч мөн сөхөг­дөж байна. Харин уг хуулийн хэрэгжиж
эхлэх хугацаа 2013 оны дол­дугаар сарын 1. Тиймээс хууль батлагд­саны
дараа салбарын хэмжээнд таван том хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Ямартай ч удтал гацаанд ороод байсан шүүх байгууллагын шинэчлэлийн
асуудал нэг алхам урагшилж, Шүүхийн тухай багц хуулийн төсөлд орсон
Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн тухай гэсэн
гурван хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын
хороогоор хийлээ. Үлдсэн гурван хуулийн төсөл ирэх хаврын чуулганаар
орох гэнэ.

Энэ долоо хоногт нэгдсэн чуул­ганаар хэлэлцэх Шүүхийн тухай болон
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг байнгын
хорооны дарга Д.Одбаяр, Хуульчийн тухай хуулийн төслийн танилцуулгыг
гишүүн Х.Тэмүүжин нар нэгдсэн чуулганд хийхээр болов.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж