Агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хандан Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газар, Цөмийн энергийн газар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалга ирүүлсэн байна. Уг асуудлыг Төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцээд, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газрын даргын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлахаар шийдвэрлэжээ.

Мөн шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн  сайтад байрлуулж, ирэх  гуравдугаар сарын 15-16-нд шалгалт авахаар болсон аж.

Харин Цөмийн энергийн газрын дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг судлан үзээд, шалгаруулалт явуулах эрх зүйн боломжгүй гэж үзэж, захиалгыг Засгийн газарт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Учир нь Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхбат Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус дүүргийн шүүгч захирамж гаргасан. Захирамжид уг асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл Цөмийн энергийн газрын даргын албан тушаалд хэн нэгнийг томилохгүй байхыг Монгол Улсын Засгийн газарт, энэ орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг Төрийн албаны зөвлөлд даалгажээ. Түүнчлэн Стандартчилал, хэмжил зүйн газрын даргаар ажиллаж байсан Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 55 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэсэн шийдвэрийг бүх шатны шүүхээс гаргасан төдийгүй өмнө эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилохыг тогтоосон юм байна.
Мөн хуралдаанаар Газрын тосны газрын орлогч даргаар ажиллаж байсан Ц.Амараагийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын талаар Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг авч хэлэлцжээ. Комисс Ц.Амарааг ажлаас чөлөөлсөн "Ажлаас чөлөөлөх тухай" Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 23 дугаар тушаал хууль бус байна гэж үзэж, Эрдэс баялаг эрчим хүчний сайдад шийдвэрээ хуульд нийцүүлэх талаар албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж